Б.Пүрэвсүрэн: Миний хувьд түрүүлсэнтэй адилхан
- 2012-02-14
- Спорт
- 0
Өнгөрсөн ням гаригт Айдасын даваанд болсон автомашины “Алтайн бугат” мастер кросс уралдаанд, эр зоригийн шувууд болсон 40 шахам тамирчин оролцсоны дотор спортын мастер 26 байсан нь тэмцээний чансааг илтгэж байлаа. Тэдний дотор Дорноговийн Пүүжээ хэмээх нэгэн мастер бидний анхаарлыг татсан юм. 


Өнгөрсөн ням гаригт Айдасын даваанд болсон
автомашины “Алтайн бугат” мастер кросс уралдаанд, эр
зоригийн шувууд болсон 40 шахам тамирчин оролцсоны
дотор спортын мастер 26 байсан нь тэмцээний чансааг
илтгэж байлаа. Тэдний дотор Дорноговийн Пүүжээ
хэмээх нэгэн мастер бидний анхаарлыг татсан юм.
Түүнийг “Сайншанд рефайнэри” ХХК-ийн тамирчин,
спортын мастер Баатарсүрэнгийн Пүрэвсүрэн гэдэг. Уг
нь III байр эзэлсэн ч эр чадал, авхаалж самбаагаараа
гайхуулж байлаа. Хувийн алдаа хийж торгуулан хоёр
ч удаа саад тойрч эргэсэн ч цойлж одсон бусдынхаа
араас нэхэж очоод хэсэгтээ ч, шигшээ уралдаанд
ч гүйцэж түрүүлсээр дээрх амжилт гаргасныг спорт
сонирхогчид шагшин ярьж байна. Дорноговийн газрын
тос боловсруулах үйлдвэр “Сайншанд рефайнэри” ХХК
өнгөрсөн намар үйлдвэрийнхээ шавыг тавихдаа спортын
мастер Б.Пүрэвсүрэнг тамирчнаараа авсан юм байна.
Бид энэ удаагийнхаа дугаарт түүнийг урьж ярилцлаа.
-Юуны өмнө уралдаанд амжилттай оролцсонд баяр хүргэе. Уралдааны өрсөлдөөн ямар байв, жил жилийнхээс
онцлог нь юу байв?
-Энэ жилийн анхны уралдаан. Жилдээ болдог долоон тэмцээнээс оноо цуглуулж жилийн эцсээр улсын аваргаа шалгаруулдаг ёстой юм. 40-өөд тамирчин оролцсоны 26 нь спортын мастер байсан. Уралдаан болгон л өрсөлдөөн
дунд болдог. Тэгээд ч авто спорт бол эр зоригийн нэг том шалгуур байдаг учраас бусад спортоос өрсөлдөөн илүү байдаг болов уу. Энэ удаад ч Монголын бүх л шилдгүүд уралдсан.
-Авторалли спорт эрсдэл ихээс гадна зардал их байдаг байх. Санхүүгийн асуудлаа яаж зохицуулж байна вэ?
-Харин тийм, авто спорт өөрөө эр зориг шаардахаас гадна зардал ихтэй спорт учраас тэр бүр залуучууд барьж аваад байдаггүй болов уу. Манай нэртэй тамирчид бүгд л компаниудын ивээлд уралддаг. Хувь тамирчин өөрөө зардал гаргаад уралдаад байх боломжгүй шүү дээ. Миний хувьд “Сайншанд рефайнэри” ХХК үйлдвэрийнхээ шавыг тавих үеэр энэ үйлдвэрийн нэр дээр уралдахаар гэрээ хэлцэл хийсэн. Тиймээс “Сайншанд рефайнэри” ХХК-ийн нэр дээр анх удаа уралдаж амжилт гаргалаа. Төрсөн нутагт минь босч мянган мянган ажлын байр бий болгох үйлдвэрийн нэр дээр анх гараад л амжилт олсондоо бэлгэшээж байна.
-Гараанаасаа хоцорч, хойноос нь нэхсэн. Энэ талаар тодруулж ярихгүй юу?
-Машины кроп мултарч, гараанаас их хойгуур гарсан. Тоос намжихыг харж байгаад 17-д гараад л нэхсэн. Миний хувьд түрүүлсэнтэй адилхан гэж бодож байна.
-Одоо ойрхон ямар тэмцээн байна?
-Одоо гуравдугаар сард Дархан-Уулд болно. Тэнд амжилтаа ахиулах л гэж үзнэ дээ. Уралдаж байхад техникийн саатал их гардаг. Ийм саатал гарахгүй бол сайн уралдана гэж бодож байгаа. Үүний өмнөх тэмцээнд хоёрт явж байгаад дугуй хагарч байр хойшилж байсан. Энэ мэт зүйл зөндөө гардаг.
-Хэдийнээс энэ эр зоригийн спорттой холбогдов?
-1999, 2000 онд уралдаад таван жил завсарласан. 2009 онд уралдаж, хоёр жил завсарлаад энэ жилээс орж ирж байна. Амжилт гэвэл 2009 онд зургаан удаа айрагдсан. Монгол Улсын эр зоригийн медаль гурван удаа авах шив дээ. Олон улсын чанартай уралдаанд орж үзээгүй, зардал их ордог учраас чадаагүй. Одоо харин манай “Сайншанд рефайнэри” компани ивээн тэтгэх болсон учраас энэ зун олон улсын чанартай уралдаанд оролцох бодолтой байна. Энэ уралдаанаас медаль авч байж Олон улсын хэмжээний мастер болдог. Компанитайгаа таван жилийн гэрээ байгуулсан. Энэ хугацаанд олон медаль авч, амжилт гаргана гэж бодож байгаа.
-Олон улсын уралдаан гэхээр ямар болдог вэ. Туулах зам нь хүртэл өөр байх уу?
-Хөх хотын ралли гээд зуны тэмцээн байдаг, 1000 гаруй километрийн уралдаан болдог. Зардал их болохоор олон тамирчин оролцоод байдаггүй. Тэр ч утгаараа медаль авах боломж их бий. 10 гаруй тамирчин л оролцдог. Тэднийг том том компаниуд ивээн тэтгэдэг юм билээ.
-Энэ эр зоригийн спортод зааж зурдаг багш байж таарна. Хэн байна вэ?
-Манай багш Олон улсын хэмжээний мастер Х.Ган хүү гэж байгаа. Монголчууд, тэр дундаа авто спорт сонирхогчид андахгүй дээ.

С.Ууганбаяр

Сэтгэгдэл (0)