Д.Тогтохсүрэн: Ерөнхийлөгч миний эрхийг хөндөхвий гэдэг агуулгаар Үндсэн хуульд хандаад байна

УИХ-ын гишүүн Б.ТОГТОХСҮРЭНТЭЙ ярилцлаа.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүдэд тарааж өгсөн гэсэн. Ажлын хэсгийнхэн хэчнээн удаа хуралдав, ажил ямар шатандаа явна вэ?

-Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ- ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт бүх намын төлөөлөл багтсанаас гадна таван дэд хэсэгт хуваагдаж байгаа. Төрийн байгуулалтын болон шүүхийн, хүний эрхийн гэх чиглэлээр. Миний хувьд орон нутгийн засаг захиргаа, нутгийн удирдлагатай холбоотой дэд хэсэгт багтсан. Ажлын хэсгийнхэн маш олон удаа хуралдаж, мэдээлэл солилцсон. Би хувьдаа энэ хуулийг өөрчлөх цаг нь болсон гэж дүгнэж байгаа. Бид шинэ Үндсэн хуулиа батлаад 27 жил болох явцад засч, сайжруулмаар зүйл олон гарч ирсэн учраас өөрчлөлтийн талаар багагүй ярьсан ч ажил хэрэг болгож чадалгүй өдий хүрсэн. Шалтгаан нь УИХ-ын 57-гоос дээш гишүүн Үндсэн хуулийг баталдагтай холбоотой. Цаг хугацааны хувьд одоо л хамгийн тохиромжтой гэж хараад байгаа юм. 

-Үндсэн хуульд оруулах томоохон өөрчлөлт юу байх вэ?

-Нэгдүгээрт, УИХ-ыг хариуцлагажуулъя буюу гишүүдийг буцааж татдаг болъё. УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны ирцийг нэмэгдүүлэх зэрэг хариуцлагын өөрчлөлтийг Үндсэн хуульдаа тусгана. Хоёрдугаарт, Засгийн газрын эрх үүргийг нэмэх буюу тогтвортой байдлыг хангахад чиглэсэн өөрчлөлт. Жишээлбэл, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлнэ, Засгийн газрыг огцруулах бол заавал 39 гишүүн санал өгдөг байх ёстой гэсэн өөрчлөлт оруулах. Гуравдугаарт, шүүхийг хараат бус болгоход чиглэсэн заалтыг тусгах. Дөрөвдүгээрт, орон нутгийн удирдлагын тогтолцоог одоогийнхоос өөрчлөх. Тавдугаарт, улс төрийн намыг хариуцлагажуулах чиглэлийнх. Тэр дундаа орон нутагт улс төрийн намыг хориглох хэрэгтэй юм гэсэн шийдэлд хүрсэн. Тухайлбал, сум, багт улс төрийн нам үйл ажиллагаа явуулдгийг болиулъя. Ийм таван концепцын хүрээнд болж бүтэхгүй байгаа зүйлүүдээ өөрчилье гэж байгаа юм. Түүнээс Үндсэн хуулийн өөрчлөлт нэрийн дор болж бүтэхгүй зүйл шургуулах гээд байгаа зүйл огт байхгүй.

-Орон нутагт иргэд өөрсдөө сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлдэг болно гэсэн үг үү?

-Орон нутагт гурван өөрчлөлтийг хийхээр төлөвлөж байна. Нэгдүгээрт, хот гэдэг үгийг оруулж ирэх тухай ярьж байна. Үүний хүрээнд Дархан, Эрдэнэтийг хотын статустай болгох асуудлыг шийдэх боломж бүрдэнэ. Энэ талаар 27 жил ярилаа шүү дээ. Хоёрдугаарт, одоогийн удирдлагын тогтолцоог өөрчлөх. Тухайлбал, багийн даргыг томилдог, сумын даргыг иргэдээс сонгодог болох юм. Улс төрийн намаас хүнээ нэр дэвшүүлэхгүй, бие даан нэр дэвшдэгийн адилаар иргэн өөрийнхөө нэрийг дэвшүүлнэ гэсэн үг. Гуравдугаарт, аймгийн Засаг даргыг томилдог болох. Сум, багийн даргад улс төрийн нам хүнээ нэр дэвшүүлдэггүй болсноор орон нутагт улстөржилт, талцал хуваагдал арилна гэж үзэж байгаа юм. Түүнчлэн сум, багийн Засаг даргыг иргэдэд үйлчилдэг болгох нь энэ өөрчлөлтийн гол зорилго. Одоогийн тогтолцоогоор сум, багийн даргыг хурлын төлөөлөгчид томилдог учраас иргэдэд гэхээсээ илүү тэдэнд үйлчилдэг нь нууц биш. Сум, баг, аймаг, нийслэлийн дарга нар Иргэдийн хурлаасаа шууд хамааралтай болсон учраас дотроо бүлэглэл үүсгэчихээд тэдэндээ үйлчилдэг болчихсон. Өнөөх бүлэглэл нь хүн томилж өг, газар олгож өг гэх мэтээр шантаажны хэлбэрт орчихсон учраас л бүх эрх мэдлийг иргэдэд төвлөрүүлэх нь зөв юм гэж үзсэн. Энэ талаарх өөрчлөлтийг ерөнхийд нь ярилцаад дууссан, ирэх долоо хоногоос бүлгийн хэмжээнд ярилцана.

-Хотын статусыг бий болгоно гэхээр хуульд ямар өөрчлөлт оруулах юм бэ?

- “Хот” гэдэг үгийг л оруулах юм. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Үндсэн хуульд ийм гэдэг үг байдаггүй. Тодруулбал, аймаг, нийслэл, сум, дүүрэгт хуваагдана гэж заасан байдаг учраас “Хот” гэдэг ганцхан үг нэмэх юм. Харин хэдэн хүнтэй, ямар хот байх вэ гэдгийг Нутаг дэвсгэрийн нэгжийн тухай юм уу, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиараа зохицуулаад явна.

-Энэ парламентын үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадах эсэхэд та ямар хариулт өгөх вэ. Сүүлийн хэдэн жил өөрчлөлт оруулах талаар ярьсан ч ажил хэрэг бололгүй өдийг хүрлээ. Энэ удаад ч сөрөг хүчний зүгээс эсэргүүцээд эхэлчихсэн шүү дээ? 

-Ажлын хэсэгт АН, МАХН гээд улс төрийн бүх намын төлөөлөл багтсан. Маш өргөн хүрээг хамарсан ажлын хэсэг ажиллаж байна. Сөрөг хүчний тухайд цаг үеийн нөхцөл байдалд тааруулж шийдвэр гаргаад байгааг хэлэх нь зүйтэй. Тухайлбал, АН-ын бүлгийн гишүүд нь өнгөрсөн жил Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжинэ гээд бүгд гарын үсгээ зурчихсан юм шүү дээ. Гэтэл одоо байр суурь нь өөрчлөгдөөд “Энэ хэд хийж болохгүй, биднээс өөр хүмүүс Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ёсгүй” гэж яриад байгаа юм. Харин Ерөнхийлөгч миний эрхийг хөндөхвий гэдэг агуулгаас нь хандаад байх шиг. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй гэдэг байр суурь илэрхийлээд байгаа.

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бууруулах нь гэх ойлголт олон нийтэд байгаа. Энэ тухайд ямар байдлаар төсөлд тусгасан бэ?

-Үндсэн хуулийн анхны төсөлд Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлая гэх заалт байсан. Харин сая бид ярилцаад энэ өөрчлөлтийг больсон. -Өмнөх парламентын үед ч Ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгаж, Ерөнхий сайдынхыг нэмэгдүүлэх талаар ярьж байсан санагдах юм? -2000 оноос хойшхи парламент бүр Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярьсаар ирсэн. Жишээ нь, 2012-2016 онд буюу АН-ын үед Ерөнхийлөгчийн эрх үүргийг багасгах, Ерөнхий сайдынхыг нэмэгдүүлэх зэргээр одоо бидний яриад байгаа бүх өөрчлөлтийг тусгаад хуулийн төслөө УИХ-д өргөн барихад бэлэн болгосон байсан. Гэтэл өөрсдөө цөөнх болохоороо дэмжихгүй гээд цаг үеийн нөхцөл байдалд тааруулан улс төрийн тогтолт хийгээд байх юм. Миний харж байгаагаар, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хамгийн тохиромжтой цаг нь өнгөрсөн жилийн долоодугаар сар буюу хуучин Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусч, шинэ Ерөнхийлөгч ажлаа авахаас өмнөх үе байсан. Харамсалтай нь, амжаагүй. Тиймээс нэг нам 65 суудалтай байгаа дээрээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадахгүй бол хэзээ ч чадахгүй.

-Засгийн газрын хоёр сайдыг огцруулах үндэслэлийг та хэрхэн дүгнэж байгаа вэ. АН-ын бүлгээс “Хэрвээ хоёр сайддаа хариуцлага тооцохгүй бол Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах асуудлыг хөндөнө” гээд байгаа шүү дээ?

-Сандал, суудал яриад байх цаг хугацаа бидэнд байхгүй. Энэ Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлээд хоёр жил болчихлоо. Хугацаа дуусахад хоёрхон жил үлдлээ шүү дээ. Ард түмэнд амласан, хэрэгжүүлэх асар олон ажил байна. Одоо мөрдөж байгаа хуулиар Засгийн газрын нэг гишүүнийг огцруулах саналыг өргөн барих асуудлыг хуулиар хориглосон учраас хоёр сайдын асуудлыг УИХ-аар хэлэлцэхгүй. Ерөнхий сайдад шахалт үзүүлж байгаа л хэрэг. У.Хүрэлсүхийн Засгийн газар нийгэмд шударга ёсыг тогтоох, хариуцлагын тогтолцоог бий болгоход чамгүй дэвшилттэй ажиллаж байгаа. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь, С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудлыг ил болгох гэх мэт шударга ёсыг бий болгох талд санаачилгатай ажиллаж байна. Жишээлбэл, Ц.Нямдорж сайдыг шударга ёс бий болгох гээд байгаагийн төлөө л огцруулах гээгүй бол өөр ямар ч үндэслэл байхгүй гэж бодож байна. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах ёстой гэж Ц.Нямдорж сайд ярьж, зүтгээгүй бол ард түмний өмч болгож чадахгүй байсан. Мөн С.Зоригийн хэргийг буруу шийдчихлээ гэдгийг анх Ц.Нямдорж сайд л анх гаргаж тавьсан учраас Засгийн газар, УИХ-аар хэлэлцээд нууцын зэрэглэлээс гаргасан. Нийгэмд тэр дундаа залуу гишүүдэд шударга ёсыг төлөвшүүлэхэд зориг өгч байгаа хүн нь Ц.Нямдорж. Эдийн засаг өсөлттэй байгаа нь Ч.Хүрэлбаатар сайдын ажлын үр дүн гэж үзэж байна. ОУВС-гийнхантай ойлголцох чиглэлээр сайн ажиллаж байгаа. Дөнгөж ажлаа аваад долоон төрлийн татварыг цуцалсан, хүүхдийн мөнгийг 80 хувьд олгохоор болж, тэтгэврийн насыг буцаан хэвэнд нь оруулсан.

-Сөрөг хүчнийхний хэлж байгаагаар жишээлбэл, хүүхдийн мөнгийг нэмж олгохдоо заавал төсөвт тодотгол хийх ёстой байсан гэж тайлбарладаг?

-Орлого тасарч байгаа үед тодотгол заавал хийдэг. Харин нэмэгдэж байгаа үед төсвийн тодотгол хийх шаардлага байхгүй. Сүүлийн жилүүдэд хүссэн үедээ төсөвт тодотгол хийдэг буруу жишиг тогтсон. Ялангуяа сүүлийн дөрвөн жил. Ингэхээр тогтворгүй байдал бий болдог, үндэслэлгүй орлого, зардал, хөрөнгө оруулалт нэмэгддэг. Үүнээс болж төсвийн сахилга бат алдагддаг.Тиймээс төсвийг тогтвортой байлгахын тулд аль болох тодотгол хийхгүй байх хэрэгтэй. Гэхдээ тодотгол хийхгүй гээд хууль зөрчиж болохгүй. Төсвийн хуульд орлого буурсан тохиолдолд тодотгол хийнэ гэж заасан. Харин манай орлого нэмэгдсэн учраас төсвийн тодотгол хийх шаардлага үүсээгүй гэж бодож байна.

-АН-ыхан хоёр сайдыг огцруулах шаардлага хүргүүлсэнтэй зэрэгцээд МАН-ынхан дотроо Засгийн газраа унагаах ажиллагаа явуулаад эхэлсэн гэх юм. Үнэхээр ийм тогтворгүй байвал үүссэн эсэхэд та тайлбар хийх үү?

-Манай бүлэг дээр Засгийн газрыг огцруулах талаар огт яриагүй. Харин ч бүлгийн гишүүд Засгийн газраа тогтвортой байлгая гэж ярьж байгаа. Засгийн газраа өөрчилье гэдэг санал, бодолтой гишүүн байхгүй гэж бодож байна.

-Ерөнхийлөгч генерал болон уяачдын цолыг хураасан. Цаашдаа бөхчүүдийн цолыг ч хураана гэх юм. УИХ-ын гишүүний хувьд та Төрийн тэргүүний энэ шийдвэрийг хэрхэн хүлээн авч байгаа вэ?

-Хариуцлага алдсан, ял шийтгэл хүлээсэн генералуудын цолыг хураасан нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал байх. Харин уяач, бөхчүүдийн хувьд болзол хангаж цол авдаг юм шүү дээ. Улсын наадамд ес давж түрүүлээд цолоо ахиулах болзол хангасан бөхийг яах юм. Амжилтаараа цолоо ахиулж байгаа хүн. Уяачид ч мөн үүнтэй яг адилхан. Уясан морио улсын наадамд, төчнөөн удаа түрүүлгэсний үндсэн дээр цолны болзол хангаж байгаа юм. Гэтэл амжилтаар нь шийддэг цолыг Ерөнхийлөгч хураагаад байж болохгүй. Улсын наадамд түрүүлээд цолны болзол хангасан ч өгөхгүй, хурааж аваад байх юм уу. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна.

М.Өнөржаргал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (11)

  • irgen (202.21.120.242)

    2018-05-10

    Bagsh gej zov bichsen ni deer bh daa.

  • Зочин (103.9.90.130)

    2018-05-10

    Дэмжиж байна. Одоо ийм өөрчлөлт хийх цаг нь болсон шүү дээ. Маш их зүйлийг хийж бүтээх хүн гэж итгэж явдаг шүү. Танд амжилт хүсье.

  • Ovorhangai (202.21.120.242)

    2018-05-10

    Нутгийн гишүүндээ ажлын өндөр амжилт хүсье. Тойрогтоо иргэдтэй хийсэн уулзалтаар ярьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаарх мэдээлэл бүхий слайдаа интернэтэд оруулаарай.

  • Зочин (139.5.217.118)

    2018-05-08

    Энэ гишүүн ном сонин уншдаггүй юч м болов уу,эсвэл уншаад ойлгодоггүй юм уу хаврын чуулганы нээлтд ерөнхийлөгч үг хэлэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлтөд идэвхтэй оролцоно гээд хэлсэн сонин дээр гарсан

  • um medehgui deer n buduuleg (122.201.31.204)

    2018-05-08

    ene olon jil tanai bagsh tegeed hiihgui yasiin ain

  • um medehgui deer n buduuleg (122.201.31.204)

    2018-05-08

    tanai bagsh tegeed ene olon jil hiihgui yasiin ain

  • иргэн (202.179.31.100)

    2018-05-08

    Сумын даргыг сонгодог болвол хамаатан садан, жалга довоороо талцдаг болох байх. Ер нь энэ албан тушаал бол ангаахайтай л адил дээшээ харж, амаа тоссон албан тушаал тул аймгийн дарга нь томилдог байх. Харин аймгийн даргыг сонгох хэрэгтэй шүү. Хурдны моринд тариа хийдэг, уралдааны замд тарианы тариур ихээр хаясан байдаг гэсэн яриа байдаг. Энэ үнэн бол тариа хийж айраг, түрүү авсан морины эзний цолыг хурааж болох уу. Түрүүлж газардсан бөхийг хөлийн цэцүүд буруу шүүж давсанаар тооцож, улсын цол олгуулсан нь техник хэрэгслээр тогтоогдсон бол цолыг нь хурааж болох уу. Гишүүн ээ

  • zochin (202.179.27.95)

    2018-05-08

    65-n toogoor tomorch bgaa bolohoos busad yed ene muu erunhiilugchiin umnu gulug shdee Nud evgui muuhai

  • (66.181.161.60)

    2018-05-07

    65уула байгаа дээрээ хүчиндчихье гэсэн үг үү

  • AX (64.119.16.251)

    2018-05-07

    Үндсэн хуулийн талаар хүн бүр ярих хэрэгтэй. Тэгж байж хуулиа мэднэ, төгөлдөр болгоно. Тэгж байж ардчилал төлөвшнө биз дээ

  • zochin (103.9.88.162)

    2018-05-07

    Undsen huuliig Lundee bash yrisan ni deer bailguide. Enenees

    irgen (103.9.88.162)

    2018-05-07

    Bagsh gej zov bichsen ni deer bh daa.

    um medehgui deer n buduuleg (103.9.88.162)

    2018-05-07

    ene olon jil tanai bagsh tegeed hiihgui yasiin ain

    um medehgui deer n buduuleg (103.9.88.162)

    2018-05-07

    tanai bagsh tegeed ene olon jil hiihgui yasiin ain