Л.Энх-Амгалан: Шинэ нөхцөл байдал үүссэн учраас ОУПХ-ноос ажлын хэсэг ирэхээр болсон
- 2018-05-14
- Улс төр
- 3

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор Олон улсын парламентын холбооны төлөөлөл манай улсад ажиллахаар болсон талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Тус холбооныхон тун удахгүй манай улсад ирж, С.Зоригийг хөнөөсөн хэргийн нууцаас гаргасан материалтай танилцахаар болжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Өнгөрсөн гуравдугаар сард Женев хотноо Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-ны хурал болсон. Энэ хурал хоёр жилд нэг удаа болдог. Хурлын төгсгөлд парламентын холбооны Хүний эрх хариуцсан хороо хуралдаад С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг гарснаас хойшхи 51 дэх зөвлөмжөө өгсөн. Хэрэг гарснаас хойш ОУПХ жил бүхэн тодорхой зөвлөмж ирүүлдэг, мөн туслалцаа үзүүлж байсан юм билээ. Өмнө нь хэргийн баримт, материал хаалттай байсан. Учир нь, энэ хэрэгтэй холбоотой асуудлууд төрийн нууцад хамаарч байсан учраас бүх мэдээлэл нууц байсан. Харин 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Засгийн газар энэ хэргийн 70 орчим хувьтай тэнцэх баримт мэдээллийг олон нийтэд ил болгосон.
Тэгэхээр шинэ нөхцөл байдал үүссэн учраас ОУПХ-ноос ажлын хэсэг ирж ажиллая, ил болсон мэдээлэлтэй танилцъя, цаашдаа ямар зөвлөмжүүд өгөх, хоёр улсын парламент хамтарч ажиллах шийдвэр гаргасан. ОУПХ бол бүх улсын парламентын төлөөлөл орсон олон улсын байгууллага. Парламент гэхээр улстөрчид байж таарна. Үндсэндээ 50 удаа Монгол Улсад ирж зөвлөмж өгч, тайлан гаргаж байсан гэсэн үг. Үндсэн хуулиар манай улс парламент, шүүх засаглал гээд бие даасан тогтолцоотой. Хамгийн гол нь энэ хэргийн захиалагчийг олох ёстой. Хэрэг үйлдсэн хүмүүсийг илрүүлээд, ял оноочихлоо. Үнэхээр энэ ял авсан хүмүүс гүйцэтгэгч мөн үү гэдэг хамгийн чухал асуудал. Мөн эдгээр хүн гүйцэтгэгч мөн юм бол захиалга өгч С.Зоригийн амийг хөнөөлгөсөн эзнийг нь олох л чухал” гэлээ.
М.ӨНӨРӨӨ

Сэтгэгдэл (3)
иргэн (59.153.113.13)
Ц. НЯМДОРЖ ГИШҮҮН УЛС ОРОН, АРД ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛ ҮГЭЭ ХЭЛЖ, ШУДАРГА БУС, ДЭЭРЭМЧИД, ЛУЙВАРЧИДТАЙ ТЭМЦЭЖ ИРСЭН НЬ ҮНЭН.
Иргэн (103.26.194.144)
Харин тийм. Сайдыг дэмжиж байна. Зоригийг алсан хүмүүс хэргээ нуух гээд Нямдоржийг хэлмэгдүүлэх гээд байгаа юм.
Zochin (203.229.141.14)
Ts.Nyamdorj saidin ene hergiin talaar yarij helj bgaa zuiluud arai unemshiltei sonsogdood bgaa uym daa