Баянхошуу дэд төвийн цэцэрлэгийн барилгын ажил 10 хувьтай байна

 Улаанбаатар хотын агаарын бохирдол, айл өрхийн яндангийн тоог бодитоор бууруулахын тулд нийслэлээс томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд буй. Тухайлбал, Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Азийн хөгжлийн болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд нийслэлийн хойд бүсийг Баянхошуу болон Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэх юм. Дэд төвүүдэд хийх инженерийн болон дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын нээлтийн үйл ажиллагаа өчигдөр болж, НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, төслийн удирдагч Д.Авирмэд, НИТХ-ын төлөөлөгч Б.Цолмон, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэгч компанийн удирдлагууд болон нийслэл, дүүргийн албаны төлөөлөл оролцов. Өнөөдрийн байдлаар дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, иргэдийг түр суурьшуулах 50 айлын орон сууц тус бүр нэгийг барьж ашиглалтад оруулжээ. Баянхошуу дэд төвд 162 га талбайд инженерийн дэд бүтцийг цогцоор шийдсэн байна.

Нийт 14 м өргөн 7.42 км авто зам, 2.5 км үерийн хамгаалалтын далан суваг, 4.65 га газарт тохижилт, ногоон байгууламж, дулааны 11и магистраль шугам өргөтгөх 3.25 км шугамын ажил, төвлөрсөн дулаан хангамжид холбох 3.2 км шинэ шугам, дэрэлт өргөх насос угсралтын ажил, 5.05 км ус хангамжийн шугам сүлжээ, 8.78 км хорооллын дунд бохир усны шугам, 1000 м3 хүчин чадал бүхий усан сан, 50х30 харьцаатай хоёр давхар бизнес инкубатор, МСҮТ, 240 хүүхдийн ортой цэцэрлэг зэрэг томоохон бүтээн байгуулалтыг хийх юм байна. Өнөөдрийн байдлаар иргэд газраа чөлөөлж эхэлсэн бөгөөд бизнес инкубатор төвийн барилгын ажил эхэлсэн, цэцэрлэгийн барилгын ажил 10 хувьтай өрнөж байгаа аж. Инженерийн дэд бүтцийг цогцоор шийдсэнээр Сонгинохайрхан дүүргийн VII, VIII, X, XXVIII хорооны иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэж, Баянхошуу дэд төвийн иргэдийг усны найдвартай эх үүсвэрээр хангах боломжтой болох аж. Мөн хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтыг 63 хүртэл хувиар нэмж, МСҮТ- өөр дамжуулан мэргэжил олгон, бизнес эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэг, үйлчилгээний хүртээмж сайжрах давуу талтай. “Баянхошуу дэд төвийг 2020 онд ашиглалтад оруулах бөгөөд дэд бүтцийн ажил гэдэг нь хүнд харагддаггүй шугам сүлжээний ажил байдаг. Үр дүн нь бүтээн байгуулалт эхлэхээр харагдана. Төслийг хэрэгжүүлсний дараа 10 мянган айлын “Орлогод нийцсэн орон сууц” төслийг хэрэгжүүлэх бөгөөд дэд төвийн дулаан, цэвэр бохир ус зэрэгт түшиглэн хэрэгжүүлнэ. Энэ нь дундаж орлоготой иргэдэд зориулсан юм” гэж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ярилаа.

3700 ӨРХ, 10 ГАРУЙ АЖ АХУЙН НЭГЖИЙН УУРЫН ЗУУХНЫ ЯНДАН БОДИТООР ҮГҮЙ БОЛНО

Сэлбэ дэд төв нь Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн гурван хороог хамарсан 158 га газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа аж. Энэ хэсэгт 3500 гаруй өрхийн 15 мянга гаруй иргэн амьдарч байна. Төслийн хүрээнд 9.97 км дулаан дамжуулах сүлжээ, 26.6 мВт-ын хүчин чадалтай олон улсын стандартад нийцсэн дулааны станц, 6.7 км авто зам, 2.4 км үерийн хамгаалалтын суваг, 3.01 га газарт ногоон байгууламж, 6.01 км усан хангамжийн шугам сүлжээ, 9.77 км хорооллын доторх бохир усны шугам, бизнес инкубатор, МСҮТ, 240 хүүхдийн ортой цэцэрлэг зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийх аж. Түүнчлэн инженерийн дэд бүтцэд түшиглэн шинэ сууц, шинэ хорооллын төслийг хэрэгжүүлэх боломж бий болох аж. Сэлбэ дэд төвийн дулааны станцыг ашиглалтад оруулснаар эхний ээлжид 35, 51 дүгээр цэцэрлэг, төрийн болон нийгмийн үйлчилгээний байгууллага, 3700 орчим өрх дулааны шугам сүлжээнд холбогдох боломж бүрдэх аж. Нөгөөтэйгүүр агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулж, тухайн хэсгийн 3700 өрх, 10 гаруй аж ахуйн нэгжийн яндан үгүй болж, жилд хэрэглэх түүхий нүүрсний хэрэглээ 15 мянган тонноор буурах боломжтой юм байна. НИТХ-ын дарга С.Амарсайхан “Төслийг хэрэгжүүлснээр гэр хорооллын инженерийн шугам сүлжээг бий болгох замаар айл өрхүүдийг орон сууцжуулах, төвийн байршлаас үл хамааран тав тухтай орчин нөхцөлд амьдрах боломж бүрдэнэ. Алслагдсан хороо, дүүрэгт МСҮТ, сургууль, цэцэрлэг дутагдалтай байдаг. Эдгээр дэд төвийг ашиглалтад оруулснаар тухайн хэсгийн оршин суугчдын нийгмийн хэрэгцээг хангаж байгаагаараа онцлог юм” гэлээ.

М.Өлзий

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)