Г.Алдархишиг: Үндэсний соёл амралтын хүрээлэн рүү ороход хураамж авахгүй

Зуны хамгийн гоё өдрүүдийн нэг бол жил бүрийн зургаадугаар сарын 1-нд болдог Хүүхдийн баяр. Энэ баяраар хүүхэд багачуудын очих дуртай газрын нэг бол яах аргагүй Үндэсний соёл амралтын хүрээлэн юм. Хэдхэн хоногийн дараа болох олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр ямар үйл ажиллагаа зохион байгуулах талаар Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн маркетингийн менежер Г.Алдархишигээс тодрууллаа.

-Танай байгууллага энэ жилийн Эх үрсийн баяраар ямар цагийн хуваарьтай ажиллах вэ?

-Тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 4-нийг хүртэл 10:00 – 23:00 цагийн хооронд уртасгасан цагаар ажиллаж байна.

-Хүүхдийн баярт зориулан тусгай хөтөлбөр гаргах уу?

-Дээр дурдсан цагт “Гайхамшигт долоо хоног” хөтөлбөрийг зохион байгуулна. Хөтөлбөр үнэ төлбөргүй бөгөөд хөгжөөнт тоглоом, хүүхэлдэйн жүжиг,амьд хөгжим гэх мэт олон төрлийн арга хэмжээтэй. Баярын өдөр бяцхан үзэгчдэдээ “Гуталт муур ” жүжгийг толилуулахаар бэлтгэж байна. Түүнчлэн үдээс хойш залуучууддаа зориулан дуучин Б.Маралжингоо, реппэр Gee нар уран бүтээлээ хүргэнэ. Ирэх сарын 1 буюу хамгийн ачаалалтай үеэс өмнө ирсэн ч бидний бэлтгэсэн арга хэмжээг үзэх боломжтой. Мөн энэ жил манай паркийн хойд хэсэгт “Аз жаргалтай хотхон” үзэсгэлэн худалдааг зохион байгуулна. Энэ үеэр 40 гаруй компани бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдаалж үзэсгэлэн худалдаа явуулах юм.

-Шинэ тоглоом нэмсэн үү?

-Шинээр тоглоом нэмэхгүй. Өмнөх жил нэмсэн хоёр нийт 22 тоглоомтой баяраа угтана.

-Баярын өдрийг тохиолдуулан хямдрал, хөнгөлөлт үзүүлж байгаа юу?

-Үндэсний соёл амралтын хүрээлэн рүү ороход авдаг 1000 төгрөгийн тасалбарыг энэ жилээс авахгүйгээр болсон. Баярын өдрүүдэд зориулж тусгайлан хямдруулж, хөнгөлсөн зүйл байхгүй.

-Автомашины зогсоолыг хэрхэн шийдсэн бол?

-Манай байгууллагын зүүн талаас ордог хаалгыг хаасан тул зөвхөн урд болон хойд талын хаалгаар орох боломжтой. Тиймээс баярын өдрүүдэд эртлэн ирж автомашинаа байрлуулах шаардлагатай юм.

 

С.Гандэлгэр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)