Дугуй унах тохиромжтой сарууд дууслаа шүү, Хотын дарга аа

“PC mall” компани унадаг дугуйгаар ирсэн ажилчдадаа сард 50 мянган төгрөгийн урамшуулал өгдөг гэх мэдээлэл тархсан. Автомашины түгжрэл, утаа, тоос шороо гээд түмэн асуудал толгойн өвчин болсон энэ үед “PC mall” шиг байгууллага нийслэлд олон болбол хэчнээн сайхан бэ. Тэдний эхлүүлсэн энэ ажлыг үргэлжлүүлж ядахдаа зун, намрын цагт хэвшүүлж хэрэгжүүлбэл нийслэлчүүд бага хугацаанд ч атугай уур бухимдлаасаа салах боломжтой. Хэдэн саяар тоолох хүн амтай гаднын олон нийслэлд унадаг дугуйгаар зорчихыг дэмжиж их ажил хийдэг юм билээ. Унадаг дугуйн зам, зогсоол, тэмдэг тэмдэглэгээ гээд хэдхэн зүйлийг л зохицуулчихвал Улаанбаатарт дугуй унах хүсэлтэй хүн олон байна. Нийслэлийн Засаг дарга 2016-2020 оны үйл ажиллагаандаа “Дугуйн зам” дэд хөтөлбөрийг тусган хэрэгжүүлэхээр болсон. Үүний хүрээнд өндөр хөгжилтэй хотуудын жишгээр түрээсийн дугуйн үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж “UBIKE” төслийг хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалт зарласан.

Үүнд нь “Никель Ганбаа” ХХК, “Петровис” ХХК, Хас банктай хамтарсан консерциум ялалт байгуулж, “UBIKE” төслийг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан билээ. Тэд төслийг гурван үе шаттай хэрэгжүүлж, 2018-2020 онд 150 зогсоолтой 2000 унадаг дугуй, 2021-2026 онд 250 зогсоолтой 2500 цахилгаан унадаг дугуй, 2027-2033 онд бүрэн цахилгаан 5000 дугуйг үйлчилгээнд нэвтрүүлэх төлөвлөгөөтөй ажиллаж байгаа гэсэн. Ийм санал санаачилга гарган ажиллаж байгаа нь сайшаалтай. Гэвч яаравчлахгүй бол дугуй унахад тохиромжтой сарууд дуусчих нь байна шүү. Их хотын иргэд та бүхний санаачилсан ажлыг дэмжинэ. Тиймээс төлөвлөсөн ажлаа хурдан гүйцэтгэж, нийслэлчүүдээ хөдөлгөөний дутагдал, уур бухимдлаас салгаж өгөхийг танаас хүсье.

Б.Сийлэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (107.167.103.224)

    2018-06-01

    Дарга нар ямар унаа хэрэглэж байна, түүнийг л хэрэглэвэл амар хялбар байна шүү.