Д.Хаянхярваа: Зээлийн хүүг бууруулах асуудлаар шоу хийж болохгүй

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж хоёр асуудал хэлэлцлээ. Тодруулбал, Төрийн өмчийг 2018-2020 он хүртэл хувьчлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Мөн УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар хаалттай хэлэлцсэн Банкуудыг дахин санхүүжүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийв. Бүлгийн гишүүд өмч хувьчлалын талаар Засгийн газраас оруулж ирсэн хувилбарыг зарчмын хувьд дэмжсэн байна. Ингэхдээ хувьчлахаар оруулж ирсэн обьектуудыг ил тод, нээлттэй байх зарчим баримталж, бодлогоо тодорхой болгон эргэж танилцуулах нь зүйтэй гэсэн саналыг гишүүдийн зүгээс гаргажээ.

Мэдээллийн дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, дэд дарга Я.Содбаатар нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Өмч хувьчлалтай холбоотойгоор төсөвт ямар хэмжээний орлого нэмэгдэж байгаа вэ. Төрийн өмчийн анхны үнэлгээг хэрхэн хийж байгаа вэ?

Д.Хаянхярваа: -Засгийн газар ямар хэлбэрээр хувьчилбал төрийн өмчит компани үнэд хүрэх вэ, үнэ цэнийг нь хэрхэн өсгөх вэ гэдэгт саналаа гаргаад явна. Энэ жил өмч хувьчлалын орлогоор төсөвт хөрөнгө тавиагүй. Ер нь обьектуудыг хувьчилна гэдэг зөвхөн орлого хөөж байгаа асуудал биш. Ойролцоогоор 200 гаруй тэрбум төгрөг олно гэсэн тооцоог Засгийн газраас гаргасан. Хамгийн гол нь компанийн засаглалыг хэрхэн сайжруулах, яаж олон нийтэд нээлттэй болгох вэ гэдэгт анхаарч, тэр дундаа олон нийтийн хяналт дор төрийн өмчит компаниуд үйл ажиллагаагаа шударга, зөв явуулдаг болох чиглэлийг барьж байгаа.

Я.Содбаатар: -Төрийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлд бодлогын хувьд тодорхой арга хэмжээ авах ёстой. Төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулах зайлшгүй шаардлагатай. Сүүлийн хоёр жилд эдгээр компанийн ашигт ажиллагаа нэмэгдэж байна. Манай төрийн өмчийн нийт компани 800 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Энэ удаагийн өмч хувьчлалаар аль болох нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлнэ. Иргэдийн болон хөндлөнгийн хяналтыг оруулж ирэх, компанийн засаглалыг сайжруулах чиглэлд анхаарна. Монгол Улсын аюулгүй байдалтай холбоотой салбаруудын хувьчлалыг түр хойш тавьсан. Аль аж ахуйн нэгжийг хэдэн төгрөгөөр хувьчлах вэ гэдэг асуудал бодлого баталсны дараа тодорхой болно.

-Зээлийн хүүгийн хязгаар тогтоох талд МАН-ын бүлэг ямар байр суурьтай байна вэ?

Я.Содбаатар: -Зээлийн хүүг бууруулах нь монголчуудын хүсэн хүлээж буй зүйл мөн. Энэ талаар УИХ өнгөрсөн хавар, намрын чуулганы үеэр цогцоор нь ярьсан. Арилжааны банкны хуулиудыг хэлэлцэх хүрээнд ч уг асуудлыг хөндсөн. Намрын чуулганы үеэр Г.Занданшатар нарын гишүүн Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох тухай хуулийн төслийг өргөн барьсан. Тухайн үед мэргэжлийн байгууллага буюу Монголбанкнаас энэ хуулийг цогцоор нь оруулж ирэх нь зүйтэй гэдэг үндэслэлээр хойшлуулсан. АН-ын бүлэг тухайн үед “Зээлийн хүүгийн дээд хязгаарыг захиргааны аргаар тогтоож болохгүй” гээд хэвлэлийн бага хурал хийж байсан. Энэ удаад УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг оруулж ирсэн. Энэ хууль хамрах хүрээ, боловсруулалт болон Мөнгө хүүлэлттэй холбоотой зохицуулалт гээд олон талаасаа учир дутагдалтай байна гэдгийг Эдийн засгийн байнгын хорооны гишүүд үзсэн. Ингээд асуудлыг цогцоор нь оруулж ирэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн. Зээлийн хүүг бууруулах нь зөв. Үүний хүрээнд хийж байгаа бодлогын баримт бичгүүдтэйгээ уялдуулах ёстой. Монголбанк Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичиг боловсруулж байгаа бөгөөд энэ сарын дундуур дуусна. Зээлийн хүүг бууруулахдаа захиргаа, эдийн засгийн аргыг хосолмол байдлаар хэрэглэх нь оновчтой гэсэн байр суурьтай байна. Дан захиргааны аргаар зээлийн хүүг бууруулах гэж оролдсон орнуудын гашуун туршлага бий. Эдийн засгийн аргаар дангаар нь бууруулах гэж олон жил ярьсан ч үр дүнд хүрээгүй. Тиймээс энэ хоёр аргыг хослуулж хэрэглэх нь зүйтэй.

Д.Хаянхярваа: -Зээлийн хүүг бууруулах асуудалд шоу хэлбэрээр хандаж болохгүй. Тиймээс мэргэжлийн хүмүүсийн дуу хоолойг хэвлэл мэдээллийнхэн олон нийтэд хүргэх нь илүү оновчтой болов уу. Нэг хэсэг нь Зээлийн хүүг бууруулах хууль боловсруулж байхад нөгөө хэсэг нь эсэргүүцээд байгаа юм шиг буруу ойлголтыг нийгэмд өгч байна. Банкны системийг эдийн засгийн цусны эргэлт гэж үздэг учраас МАН-ын бүлэг үүнд маш нухацтай, тооцоо судалгаатай, мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсч ул суурьтай хандах ёстой гэж үзэж байгаа. Бүлэг ямар нэгэн улстөр, хэн нэгэн гишүүний санаачилсан хууль гэдэг өнцгөөс биш эдийн засгийн үр ашгийн талаас харж байгааг хэлмээр байна.

-Тавантолгойн төслийг эргэлтэд оруулах улс төрийн шийдвэр гаргасан. Хэзээнээс ажил хэрэг болох вэ?

-МАН-ын бүлэг Тавантолгойн төсөлд IPО гаргах Засгийн газрын саналыг дэмжиж байгаа. Үнэт цаас гаргах бэлтгэлээ хангах чиглэл өгсөн. Засгийн газар зөвлөх компаниа сонгоод хэрхэн IPО гаргах вэ, төмөр зам, үйлдвэрийн бүтэц дээрээ хэрхэн ажиллах, УИХ-д хэзээ өргөн мэдүүлэх вэ гэдэг нь үргэлжлээд явна. -Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэхгүй байна. ямар шалтгаанаар хэлэлцэхгүй байна вэ? -Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг өргөн бариад жил гаруй хугацаа өнгөрч байна. Эхний хэлэлцүүлгийг хийгээд хэлэлцэх эсэхийг шийдсэн. Одоо анхны хэлэлцүүлгийг хийж байна. Ажлын хэсгийн төвшинд саналын зөрүүтэй асуудлууд гарч байгаа учраас ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчилсэн.

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд гадаадын иргэнд газар эзэмшүүлэхийг зөвшөөрсөн заалт орсон гэх мэдээлэл байна?

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн шатандаа засч, залруулах шаардлага гарсан. Уг хуульд дахин нягтлах зүйл олон бий. Ажлын хэсгийг өргөтгөж уг асуудлыг дахин нягталж, засахаар ажиллаж байна. Мэдээж бид аюулгүй байдлаа хангах ёстой шүү дээ.

М.ЭНХЦЭЦЭГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)