Эх үрсийн баяраас үлдсэн эмзэгхэн сэтгэгдэл
- 2018-06-06
- Нийтлэл
- 1

Хүүхэд гэдэг гэнэн цайлган, томоогүй, хар буруу санаагүй сайхан нас юм. Саяхан болж өнгөрсөн Эх хүүхдийн баяр ийм л гэгээлэг үрсийн минь цовоо цолгин инээд хөөрт умбаж баясгалан төгөлдөр өнгөрлөө. Эцэг эхчүүд ядуу чадуу гэлтгүй өөр өөрийн хэмжээнд л багачуудаа баярлуулж, энхрий бяцхан хүүхдүүд нэг өдөр чухамдаа “эрх чөлөө”-гөө эдэлсэн байх.
Ард түмнээсээ айсан юм шиг өндөр төмөр хашаагаар хүрээлэгдэн оршдог Төрийн ордныхон сүүлийн арваад жилийн хугацаанд анх удаа цоожтой хаалгаа онгойлгож, ордны арын цэцэрлэгт хүрээлэн хүүхэд багачууд, “Алдарт эх” одонтой эхчүүд, тэдний гэр бүлийнхний баярт дуу хууранд “нойрноосоо сэрэв”. Өмнөх жилүүдийн Эх үрсийн баяраас онцлог нэг үйл явдал нь энэ байлаа.
Гэтэл сайны хажуугаар саар юм ч тохиолдож байв. Тодруулбал, олон нийтийн хандивын хөрөнгөөр үндэс сууриа тавьж, хэдэн мянган хүний хүч хөдөлмөрөөр мод бут, зүлэг ногоо тарьж өнгөтэй, өөдтэй болж яваа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 23.00 цагтай уралдан гэрэлтүүлэг чийдэнгээ унтраасан нь тэнд хуран цугласан хэдэн арван мянган хүүхэд залуус, эцэг эхчүүдэд төдий л таатай санагдсангүй. Яг л найрнаас хөөгдсөн гийчин шиг л сэтгэгдэл төрж байлаа. Түүгээр ч зогссонгүй хамгаалалтын ажилтнууд баруун, зүүн урд захаас нь аваад хөгшин залуу, хүүхэд үүхэдгүй бүгдийг хөөж тууж, дайн байлдааны үеийнх шиг “самнаж” эхэлдэг юм байна. Тэр өдрийн хамаг баяр хөөр, инээд баясал хормын дотор олны хөлөөр боссон шороо тоосонд дарагдаж, хүүхэд багачуудын уйлаан майлаан, томчуудын хараал ерөөлийн үгс дотор замхраад алга боллоо. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хэмээх нийслэлийнхэн төдийгүй хөдөө гадаанаас ирсэн зочин гийчнээ зугаацуулж “нүүр тахалдаг” цөөхөн газрынхаа нэгийг ядаж Эх үрсийн баярын өдөр шөнө хугасартал гэрэл гэгээтэй, өнгөтэй чимэглэлтэй нь ажиллуулчихаж болдоггүй л юм байх даа гэж халагласаар олныхоо дунд орж явчихлаа. Би ер нь хаана амьдраад байгаа юм бэ...
Д.Мөнх

Сэтгэгдэл (1)
(103.10.22.77)
Хүүхдийн парк гэж хэн бүхний очих дуртай газар байсансан одоо яасан бэ бараг устсан уу. Тэр цэцэрлэгт хүрээлэн гэдэг нь уг нь хотын төвд байх байсан юм даанч газаргүй болж.Ядахдаа ордны арын цэцэрлэг хуучин шигээ нээлттэй байдаг бол бас нилээд нь тэнд саатна даа