Хүчин төгөлдөр мөрдөж байгаа 660 гаруй хууль байгаа ч хэрэгжилт нь хангалтгүй байна

Монгол улсад өнөөдрийн байдлаар 660 гаруй хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Эдгээр нь өнөөгийн нийгмийн эрх зүйн харилцааг бүрэн зохицуулах хэмжээний тоо боловч хуулиа биелүүлэх, хэрэгжүүлэх байдал маш хангалтгүй байгааг судлаачид онцолж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран өчигдөр хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, Засгийн газар, яам, агентлагийн мэргэжилтнүүд болон эрдэмтэн, судлаач зэрэг 100 орчим хүн оролцов. Энэ үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Монгол Улсад нийт 660 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг УИХ батлаад удаагүй. Үндсэн чиглэлд тусгаснаар 270 орчим хуулийг УИХ батлахаар байна. Үүнээс харахад 2020 он гэхэд Монгол Улсад 800 орчим хууль хүчин төгөлдөр үйлчлэхээр байгааг онцоллоо. Тэрбээр “Аливаа парламентад байдаг хоёр чиг үүргийн нэг нь хууль тогтоох, нөгөө нь баталсан хуулийн хэрэгжилт ямар байна вэ гэдгийг хянадаг. Хяналт, шалгалт, үнэлгээний чиг үүрэг тодорхой хэмжээгээр Монгол Улсад хоцрогдоод байна гэж хэлж болно.

Тиймээс эрдэм шинжилгээний хуралд Швецарийн парламентын Тамгын газартай хамтарч ажиллаж байгаа гол зорилго нь хуулийн хэрэгжилтийн хяналт, шинжилгээг яаж хийх болон ямар аргачлалаар хэрхэн дүгнэх вэ гэдэгт чиглэж байна” гэв.

Хууль хэрэгжихгүй байгаа гол шалтгаан нь хууль санаачилж байгаа этгээд болон хуулийг хэрэгжүүлж буй байгууллагууд судалгаа шинжилгээнд үндэслэхгүй байгааг судлаачид онцолж байлаа. Түүнчлэн хуулийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж байгаа арга зүй аргачлал нэгдмэл тогтолцоотой болж чадахгүй байгааг хэлж байна. Тухайлбал, байгууллагууд юу хийх ёстойгоо тодорхойлж чадахгүй байгаад асуудал байгаа аж. Гэхдээ Хууль тогтоомжийн тухай хуульд аливаа хуулийг боловсруулах, үйл явцыг хэрэгжүүлэх, хэрэгжилтийн дараа гарах үр дүнд заавал үнэлгээ хийнэ гэж зохицуулж өгсөн нь давуу тал болсон байна. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтын тогтолцоог боловсронгуй болгох зарим асуудлууд” сэдвээр илтгэл тавьсан. Тэрбээр илтгэлдээ, хууль тогтоомжийг амьдралд хэрэгжүүлэхийн тулд нийгэмд үүсч буй эерэг, сөрөг талуудыг олж судлах, хэрэгжилтийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, тухайн хуулийн хэрэгжилтийг хэрхэн сайжруулах зэрэг асуудалд анхаарах нь чухал гэдгийг тодотгосон юм. Тэрбээр “УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Хууль батлах чиг үүргийнхээ хажуугаар баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавих үндсэн үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд хууль санаачлаад баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавих талд сул ажиллаж байна. Үүнээс болоод амьдралд нийцэх, нийцэхгүй хууль гаргаж, энэ нь цаг үеийнхээ хөгжлөөс хоцордог. Үүнийгээ засч, сайжруулахын төлөө илүү анхаарах ёстой” гэв.

Мөн “Үндсэн хуульд зааснаар УИХ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батална. Жил бүр Засгийн газрын үйл ажиллагааны тайланд үнэлэлт, дүгнэлт өгч, үндсэн чиглэлийн биелэлт, төсвийн гүйцэтгэлийг сонсдог. Үүнтэй холбогдуулан хуулийнхаа хэрэгжилтийг сайжруулах шаардлага байна. УИХ-ын гишүүд асуулга тавих байдлаар баталсан хуулиудын хэрэгжилтэд хяналт тавьж байх ёстой ч энэ талаар дутагдалтай байгаа. Тиймээс энэ ажлыг илүү сайжруулах шаардлага байна. Жишээ дурдахад, 2016 онд баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” урт хугацааны бодлогын бичиг баримтыг баталлаа. Урт хугацааны бодлогын бичиг баримттай уялдуулж дунд хугацааныхаа бичиг баримтыг, үүнтэйгээ уялдуулж богино хугацааны буюу жилийн төсөв, үндсэн чиглэлээ баталж байх ёстой. Энэ хоорондын уялдааг хангах талд анхаарах хэрэгтэй байна. Мөн салбар дундын уялдаа холбоог хангах, бүс нутгийн хөгжлийн бодлогыг уялдуулах ёстой гэдэг тодорхой чиглэлийг Засгийн газарт өгсөн. Харамсалтай нь, энэ талаар ажил хийгээгүй” гэв.

М.Энхцэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)