Хамгаалалтын малгай, бүс хэрэглэх төсөлд чопперчид нэгджээ

 “Хамгаалах бүс, малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах төсөл”-ийн нээлт Сүхбаатарын талбайд боллоо. Уг төслийг “Эрүүл хотуудын түншлэл”санаачилгын хүрээнд хэрэгжүүлж байгаа аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Халдварт бус өвчний дэлхийн элч, Нью-Йорк хотын засаг дарга асан Майклын санаачилгаар эхлүүлсэн “Эрүүл хотуудын түншлэл”-д дэлхийн 50 хот нэгдсэний нэг нь Улаанбаатар юм.

Төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон нийслэлийн Эрүүл мэндийн газар, Замын цагдаагийн алба хамран дэмжин ажиллаж байна. Энэхүү төсөл нь иргэдийн халдварт бус өвчин осол гэмтлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа чухал санал санаачилга гэдгийг төслийн зохион байгуулагчид онцоллоо. “Монголын чопперчин ахан дүүсийн холбоо” уг төслийг дэмжин нээлтэд хүрэлцэн ирсэн юм. “Монголын чопперчин ахан дүүсийн холбоо”-ны дэд ерөнхийлөгч М.Бат-Ирээдүй “Энэ төсөл бол цагаа олсон ажил боллоо. Чопперчид бид хамгаалалтын малгай хэрэгсэл зүүхгүй бол тархины хүнд гэмтэлд өртөх эрсдэлтэй байдаг. Тиймээс манай холбоо гишүүддээ хамгаалалтын малгай, хэрэгсэл ашиглаж хэвшихийг байнга сануулж анхааруулж байдаг” хэмээв. Манай улсад сүүлийн 10 жилийн байдлаар зам тээврийн осол 6.6 дахин өссөн байна.

Өнгөрсөн онд 55 хүүхэд зам тээврийн осолд өртөж амь насаа алдсан. Үүнээс 47 хүүхэд суудлын бүс хэрэглээгүй буюу эцэг эхтэйгээ авто машинд зорчиж яваад орон нутгийн замд амиа алдсан байна. Тиймээс иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтын бүсийг хэрэглэж хэвших нь энэхүү төслийн гол зорилго юм. Төсөл 18 сарын хугацаанд хэрэгжинэ. Энэ үеэр холбогдох албаны хүний сэтгэгдлийг хуваалцлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд: -Халдварт бус өвчин, осол гэмтлийн эрсдэлт хүчин зүйлд өртөхөөс урьдчилан сэргийлэх 10 төрлийн бодлогын ажлаас хамгаалах бүс, хамгаалалтын малгайг хэвшүүлснээр зам тээврийн ослыг бууруулах төслийн ажлыг сонгон авч хэрэгжүүлж байна. Нийслэлийн иргэд та бүхнийг автомашинаар зорчихдоо хамгаалах бүс, хамгаалалтын малгайг тогтмол хэрэглэж хэвшихийг уриалж байна. Та бүхний идэвх санаачилга төслийг амжилттай хэрэгжихэд дэмжлэг болохоос гадна таны хайртай дотны хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах болно.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа: -Төслөө эхлүүлэхээс өмнө замын цагдаагийн албан хаагчид 6000 орчим жолооч, зорчигчоос судалгаа авсан. Судалгаагаар замын хөдөлгөөнд оролцож байгаа жолоочийн 93.8, хажуугийн зорчигчийн 73 хувь нь хамгаалах бүсээ бүсэлдэг. Харин автомашины арын суудалд суудаг зорчигчийн 82-87 хувь нь бүс бүсэлдэггүй гэсэн судалгааны дүн гарсан. Төслийн үр дүнд хүн бүрт зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж хамгаалах бүсийг зүүж хэвшүүлэх зорилготой юм. Энэ зорилгыг биелүүлэхийн тулд хэвлэл мэдээлэл, олон нийтэд сургалт сурталчилгааг зохион байгуулж байна. Автомашины арын суудлын аюулгүйн бүсийг хэрэглэж хэвшихэд машины бүрээс үйлдвэрлэгч компаниудын үүрэг оролцоо чухал байна. Учир нь, зарим үйлдвэр суудлын бүрээс үйлдвэрлэхдээ машины суудлын аюулгүйн бүсний нүхийг гаргалгүй хийчихдэг. Үүнээс болоод иргэд арын суудалд суухдаа аюулгүйн бүсээ бүслэхгүй явах тохиолдол их байгаа юм. Иймээс манай байгууллагаас суудлын бүрээс үйлдвэрлэгчдэд аюулгүйн бүсний нүх гаргах зөвлөмж хүргүүлсэн.

Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат: -Улаанбаатар хотод бүртгэлтэй авто машины тоо сүүлийн жилүүдэд өсч байна. Үүнийг дагаад зам тээврийн осол өсөх хандлагатай байгаа энэ үед хамгаалах бүс, малгайг хэрэглэж хэвшүүлэх энэ төсөл хэрэгжиж байгаад талархаж байна. Энэхүү төслийн үр дүнд олон хүний эрдэнэт амь нас аврагдах болно. Одоогийн нөхцөл байдлаас илүү хүнд байж болох байсан. Гэвч бидний явуулж буй сургалт сурталчилгаа олон төрлийн ажлын нөлөөгөөр зам тээврийн ослын тоо жилээс жилд буурч байгаа гэдгийг онцолмоор байна. Хамгаалах бүс, малгайг хэрэглэж хэвшвэл иргэн та амь нас, эрүүл мэндээрээ хохирохгүй байхад туслах болно. Судалгаанаас харахад авто машинд зорчиж байгаа хүүхдүүдийн 80-85 хувь нь зориулалтын суудалд суугаагүй, хамгаалалтын бүс бүслээгүйгээс зам тээврийн осолд өртсөн байна. Та дэргэдээ хайртай дотны хүнтэйгээ яваа гэдгээ үргэлж санаж, өөрөө болон хамт яваа зорчигчдоо хамгаалалтын бүс хэрэглэхийг байнга сануулж байгаарай. Ер нь хурд хэтрүүлэхгүй явж байгаа тохиолдолд урд суудалд зорчиж буй хүнийг эрсдэлээс 50 хувь хамгаална гэсэн эрдэмтдийн судалгаа бий. Мөн арын суудалд сууж буй зорчигчийг аливаа эрсдэлээс 60-70 хувь хамгаалдаг. Мөн автомашины арын суудалд хамгаалалтын бүсгүй зорчиж яваад осолд өртвөл урд суудалд сууж явснаас илүүтэй гэмтэл бэртэл авч хохирох тохиолдол бий. Тиймээс арын суудалд хүүхэд авч явахдаа мөн адил зориулалтын суудал ашиглаж хэвшихийг сануулж байна.

Г.СҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)