Нутаг мину
- 2018-06-15
- Нийтлэл
- 0

Нэг. УРИЛГА
Говь-Алтай аймгийн Тонхил суманд “Сутай цом-2018” гар бөмбөгийн тэмцээн болон “Сутайн бор” клубийн нэрэмжит авиралт амжилттай өндөрлөхтэй зэрэгцэн 2018 оны зургаадугаар сарын 9-ний өдрийн үдээс хойхно Ховд аймгийн Дарви сумын зүг хүлгийн жолоо заллаа. Дарви сумын Хүн эмнэлгийн 90 жилийн ой энэ зуны наймдугаар сард тохиож буй билээ. Сумын Засаг дарга болон ИТХ-ын даргаар 16 жил ажиллаж буй туршлагатай хэрнээ насаар залуухан Д.Түмэндэмбэрэл нутгийн төлөөлөгчдийн хамт Цагаан сарын золгуутаар Улаанбаатарт ирэх үеэс дээрх ойн арга хэмжээний тухай танилцуулж асан юм.Улмаар харьяат сум орон нутагтаа ирэхийг надад үе үе сануулахын зэрэгцээ энэ удаагийн аяллын өмнөхөн утас цохиж “… Дарви сумын Хүн эмнэлгийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Хүний гавьяат эмч, Ардын эмч, Монголын Анагаахын шинжлэх ухааны академийн академич, анагаах ухааны доктор, профессор Балдангийн Жавын нэрэмжит болгох шийдвэр гарсныг танд уламжилъя …” гэв. Юутай сайхан үйл хэрэг вэ. Бодох тусам сэтгэл минь сэмрээд байлаа. Монголын эх барих, эмэгтэйчүүдийн салбарын ноён оргил нь байсан юм миний том авга. Бид бүхэнд бахархалтай байлгүй яахав.
Миний хувьд ажил мэргэжлийнх нь жаргал зовлонг огтоос мэдэхгүйтэй адил хэдий ч том авга минь эх барих эмэгтэйчүүдийн эмч болсон тухай, туулсан ажил хөдөлмөрийнх нь 60 шахам жилийн түүхийн зах зухаас өөрийн өчүүхэн мэдэхийн хэрээр эгүүлэн санах дор ахаа өрөвдөх сэтгэл өөрийн эрхгүй төрөөд дарагдсангүй удав.
Хоёр. ААВЫН ЗӨВЛӨГӨӨ
Дарви сумын бага, Ховд аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийг “Онц” дүнтэй дүүргэсэн ахад минь ЗХУ-д сурах хоёр хуваарийн аль нэгийг “давуу эрхээр” сонгох боломж гарчээ. Москва хотын Темерьязевийн нэрэмжит Ойн дээд сургуульд ойн инженерийн мэргэжлээр суралцах томилолт өвөртөлж. Томилолтоо аваад амралтаараа Дарви руу ээж, аавдаа очиж байдлыг хэлэхэд аав нь хүүгээ хол явуулах боломжгүй, харин өөрийн улсын их сургуулийн хүний эмчийн сургуульд сурахыг өнөөгийнхөөр бол зөвлөжээ. Ингээд 1955 онд МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетад шалгалтгүйгээр элсэн орж суралцав. Гадаадад суралцах хуваарийг дотоодынхоор сайн дурын үндсэн дээр сольсон тул ийнхүү хүлээн авсан биз. Хүн эмнэлгийн факультетын IV курсыг төгсмөгц Ховд аймгийн төвийн нэгдсэн эмнэлэгт дадлага хийн өндөрлүүлээд гэр рүүгээ шуудангийн автомашинаар явлаа. Гэрийнхэн нь Хөшөөтийн хөндийн “Мөстийн аманд” зусаж байв. Мөстийн амны дээд буудалд нутгийн айл хамт зусаж байсан ба ахуй амьдрал нь үлэмж хүнд болсныг анзаарав гэнэ.Нэг өдөр аав, ээжтэйгээ хамт цай ууж суутал нь ээж нь: “Ш… хэдэн хүүхдээ зовоогоод л байнга архи ууж согтуу байх юм. Хэдийгээр зовлон гаслан учирсан ч гэсэн юманд хязгаар,зааг баймаар даа” хэмээн өрөвдсөн байдалтай яриа өрнүүлэв. Ээж ээ, юуны зовлон гаслан яриад байна гэхэд: “Ш…-н эхнэр нь төрөхөөсөө болоод хүндэрч, халуун зунаар нас барчихсан юм. Энэ айлыг айл шиг авч явдаг хүн нь эхнэр нь байсан юм. Сум ороод аймагт дуудлага яаралтай өгсөн ч эмнэлгийн тусламж авч чадаагүй бурхны орондоо явчихсан гэж ярилаа… Аав, ээжийн захиас, сайн эмч,тэр тусмаа эх барих эмэгтэйчүүдийн эмч болон мэргэшихэд нь эдгээр үйл явдал эгнэгт нөлөөлсөн гэдэг. МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетыг 1960 онд улаан дипломтой дүүргэж, ЭМЯ-ны сайдын тушаалаар тухайн үеийн Нэгдүгээр төрөх газарт ажиллах томилолт авч эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн ажлаа эхлүүлсэн түүхэн замналтай.
Гурав.СУРАГЧИЙН ЦҮНХ
Том авга минь намайг нэгдүгээр ангид орох жил/1969 он/-ийн зун манай гэрт ирэхдээ надад дотор нь иж бүрэн хичээлийн хэрэгсэлтэй цүнх авчирч өглөө. Гадна талдаа үзэгний давхар уут, дотроо тасалгаа, дөрвөлжин хэлбэртэй гээд үгээр илэрхийлэхийн аргагүй гоё. Шинэ сурагч Москвагаас бэлгэнд ирсэн цүнхээр гоёлоо. Тухайн үед сургууль маань олон ээлжээр хичээллэдэг байсан санагдана. Хичээлдээ ирж буй бас хичээлээ тарж буй ангийн хүүхдүүд сургуулийнхаа үүдээр багталцахгүй шахам шахцалдан өөд өөдөөсөө зүтгэцгээн орж, гарах өдөр олонтаа байдаг байлаа. Энэ үеэр цүнхээ их хамгаалдагсан. Дүрдэг бэхээр бичдэг байсан болохоор савтай бэх цүнхэн дотор асгарахаас бас эмээнэ. Зун ирэх бүртээ надад үзэг, хичээлийн хэрэгсэл, дэвтэр, цүнх, гутал авчирдаг байлаа. Одоо бодоход надад битүүхэндээ их л найдлага тавьдаг, хайрладаг байж дээ гэж өөрийн эрхгүй бодогддог юм. Ах минь өөрийн зорьж асан Москвад тэр тусмаа Москва хотын Эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах тэргүүлэх эрдэм шинжилгээний хүрээлэнгийн аспирантурт гурван жил суралцан 1971 онд дэд эрдэмтэн /хуучин нэрээр/-ий зэрэг хамгаалсныг миний бие дунд ангид орсон хойноо хагас дутуу ойлгож мэдсэн санагдана. Авга ах минь асар хүнд бэрхийг туулж аспирантураа амжилттай дүүргэж эрдэмтэн болсон тухайгаа хожим бидэнд дэлгэрэнгүй дурсан ярьдаг байсан юм. “Жирэмсний хожуу гестозын үе дэх бөөрний үйл ажиллагаа” гэсэн сэдвээр доктор /phD/-ын зэрэг хамгаалсан юм билээ. Жил бүр шинэ цүнх, гутлаар гоёх бяцхан сурагч миний бие бэлэг хүлээхээс бус цаад нарийн ширийн учрыг яахан ухах билээ.

Дөрөв. ГУРВАН ҮЕИЙН ЭРДЭМТЭД
Эмч, багш ахын минь гавьяа зүтгэлийг Монголын төр ямагт өндрөөр үнэлж иржээ. Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн зарлигаар Хүний гавьяат эмч, хоёр дахь ерөнхийлөгчийн зарлигаар Ардын эмч, гурав дахь Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн юм. Нийслэлийн ИТХ-ын 2013 оны шийдвэрээр Нэгдүгээр төрөх газрыг ахын минь нэрэмжит болгох нээлтийн ёслолд хүндэтгэл үзүүлэхээр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч өөрийн биеэр хүрэлцэн ирсэн байлаа.
Хэдэн арван мянгаар тоологдох шавь нар нь Монгол орны бүх хот, аймаг, сум суурин газарт ажиллаж байна. Туурвисан судалгаа, ном, сурах бичиг нь хэдэн зуугаар хэмжигдэх билээ. Төрсөн хүү, ач нар нь эх барих эмэгтэйчүүдийн эмч, эрдэмтэд болцгоон эрүүл мэндийн манаанд гурван үеэрээ авьяас билгээ дайчлан зүтгэж буй бахархалтай түүх тэднийх. Ач охин нь эх барих эмэгтэйчүүдийн их эмч бөгөөд 2016 онд мэргэжлийнхээ чиглэлээр докторын зэрэг хамгаалсан юм. Хамгаалуулах зөвлөлийн шийдвэр танилцуулсны дараа Эрдмийн зөвлөлийн буурал профессорууд чимээгүй урсах нулимсаа барьж дийлээгүй юм гэдэг.

Дөрөв. ХҮН ЭМНЭЛЭГ
Аав, авга нарын эзгүйд ууган хүү, том ачийн хувьд ачаа үүрэх үүрэгтэй өчүүхэн нэгэнбээр билээ би. Анх удаа ганцаар нутгийн зүг салхи зүсэн очиж яваа нь энэ буюу. Сутай хайрхныг Төрийн тахилгатай шүтээнээр өргөмжилсөн тэртээ 2008 онд том авга ахтайгаа эцэг, өвгөдийн эрт дээр үеэс нутаглаж ирсэн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржааны нутгаар тухлан буудаллаж асан дурсамж замын турш санаанаас гарахгүй хөвөрч байлаа. Ах бид хоёр төвийн төлөөлөгчдийн тоонд багтсан байв. Төрийн ёслол хөтөлбөрийн зав чөлөөгөөр сайхан аялж билээ. Надад олон газрын нэр, үүх түүхийг зааж ярьсансан. Ганц жишээ сонирхуулах аваас надаас дээш тав дахь үеийн хуланц эцгийн хүүхдүүдийн нэр нутагтаа түүхэн баримт болон уул усандаа мөнхөрсөн болохыг мэдэж авсансан. Энэ бол Мэдээнэрийн энгэр. Өндөр хүрэнгийн шилээр гараад дээш харахад Мэдээнэрийн уулын энгэр сүртэй нь аргагүй дүнхийн харагдаж байж билээ. Манай удмынхан бог малаа энэ энгэрт хариулдаг байж. Тухайн үедээ хошуу нутагтаа үлэмж баян байсны зэрэгцээ нутгийнхаа хэмжээнд өртөө өртөж мэдээ дамжуулдаг байсны улмаас ийнхүү нэршсэн түүхтэй ажгуу. Арван жилийн дараа нутагтаа ирж явах зуур төрсөн бодлын зах зух энэ.
Биднийг Тонхил сумаас гарч Дарви сумын нутаг руу орох замд Баянбулаг багийн нутаг, Өврийн хоолойд Сумын засаг дарга Д.Түмэндэмбэрэл, гэргий Р.Чулуунчимэг, ЗДТГ-ын дарга Л.Мөнхжаргал, Хүн эмнэлгийн эрхлэгч Б.Должинсүрэн нар угтлаа. Утсаар холбогдож тохиролцсон ёсоор нутгийнхан “Загал баатрын хэрэгсүүр” хэмээн нэрийддэг чулуун том хэмжээний байгууламжийг зам зуур үзэж сонирхон цааш сумын төв рүү хүрэв. Захиргаанд биднийг урьж оруулан сумын ажил, амьдралын талаар товч танилцуулсны дараа гадагш гарцгаан сумын сургууль, цэцэрлэг, соёлын төв, үйлчилгээний төв, орон сууцны барилгын явц зэргийг үзэж сонирхлоо. Хамгийн сүүлд Хүн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав. Ерэн жилийн түүхт ойгоо угтан олон ажил эхлүүлж ихэнхийг нь амжуулжээ. Бэрхшээл ч мундахгүй олон тулгарч байдаг аж. Сэтгэл, зүтгэл нийлсэн 20 гаруй эмч, ажиллагсадтай эвсэг хамт олон угтсан. Авга ах минь сумынхаа энэ эмнэлэгтэй их амин холбоотой байдаг байж билээ. Зав чөлөө гарвал л ирнэ. Үзлэг эмчилгээ, сургалт хийгээд ирлээ гэх.
Биднийг очиход эмч нарын санааг ихээхэн чилээж буй нэг зүйл бол цусны шинжилгээ хийдэг гематологийн аппарат. Сумын иргэд энэ төрлийн шинжилгээг өгөхийн тулд заавал аймгийн төв орох болдог тул явдал суудал чирэгдэл багагүй учруулдаг ажээ.
Амлалаа. Цаг хожиж уулзалт өндөрлөнгүүт шууд Улаанбаатар хот руу утас цохиж таньдаг найз нөхдөдөө хандивын аян зарлав. Маргааш нь буюу 2018 оны зургаадугаар сарын 10-ны өдөр биднийг угтсан багийн хамтаар өвгөдийн өлгий нутаг болох Хөшөөтийн хөндий өгсөн үе үе байгалийн сайхныг бишрэн саатаж ахисаар Хийморийн овоонд хүрч хүндэтгэл үзүүллээ. Энэ бол Сутай хайрхны ар хормойд байрлах намхан уул. Хотынхонд зориулж зүйрлэбэл: Богд хан уулын ар хормойд орших Зайсан толгойтой тун төстэй. Хайрхны орой цэв цэлмэг, дүнхийн сүрдмээр үзэгдэнэ. Үдэш нь сумын төвд эргэн ирж “Адууны хийморьтой аялгуу” дуун цэнгүүн үзэх аз тохиов.”Уяачид дуулж байна” улсын уралдааны дэд байрын шагналт Э.Бямбадорж гэх залуу уран бүтээлийн анхны тайлан тоглолтоо хийж буйтай таарсан нь энэ бөлгөө. Сайхан цээл хоолойтой, авьяаслаг залуу юм. Тоглолтын үеэр намайг бага хүүтэй минь хамт заалны хамгийн урд эгнээнд зулай нь буурал, хүрэн уулс шигээ хөрслөг нутгийн өвгөдийн дунд суулгав. Бид бие биенээ оноож танихгүй ч үе үе тонгойн нэгнээ сайтар харна. Элэг нэгтэй болохоор арга ч үгүй биз аав, авга нартай минь дэргэдээс дэндүү ойр бас адилхан харагдаад байлаа. Сэтгэл тэр гэхийн эрхгүй оволзсоор тоглолт өндөрлүүлэв. Тоглолтын дараа нутгийн өвгөдтэй ойроос уулзаж удаан хөөрөлдвөл би тэсэхгүй шинжтэй байв. Уул, уулчидтай цөөн ч атугай хэдэн жил ойр байсных надад бага боловч тэвчээр суусан бололтой. Дараа уулзахын өрөөл талбиад тарцгаалаа.Маргааш өглөө нь бид Улаанбаатар хотын зүг хөдөлсөн. Хамгийн эхэлж амлалтаа биелүүлэх хэрэгтэй.
Тав.ОЛХОНУУД
Өүлэн хатан эхийн удам, Их эзэн Чингис хааныхаа нагац Олхонууд эх орныхоо хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж яваа билээ. Манай сумаас одоогоор алдар цолтой 300 гаруй хүн төрөн гараад байна.
Үүнд:
Улсын баатар 1
Хөдөлмөрийн баатар 7
Ардын цолтон 3
Шинжлэх ухааны академич 3
Төрийн соёрхолтон 3
Төрийн зүтгэлтэн 11
Гавьяатан 45
Шинжлэх ухааны доктор 21
Философийн доктор 80 гаруй
Гавж 1 Улсын цолтой бөх 6
Олимпын медальтан 1
Дэлхийн аварга 2
Дэлхийн медальтан 3
Генерал 2
Тод манлай уяач 3
Манлай уяач 1
Алдарт уяач 3
Улсын аварга,сайн малчид 40 гаруй
Ардын хувьсгалын партизан 37
Спортын мастер 15
Спортын ОУХМ 7
Хошуу ноён, Улиастай чуулган дарга асан Г.Аюурсэдданзанжамц болбоос Ганжуур, Данжуурыг орчуулалцсан судар бичгийн хүрээлэнгийн анхны эрдэмтдийн нэг, их бичгийн хүн билээ. Өндөр Жанрайсиг бурхны сүмийг удирдан бариулсан түүхт хүн Ж.Мишигдорж гүн, Халхын хувилгаадын нэг Ч.Чанрав хувилгаан багш нараа болон 1937 онд хэлмэгдсэн хохирсон 100 гаруй эрдэмт лам нарын 50 гаруй нь Гавжаас дээш хэргэмтэй байсныг тооцвол бидний бахархал улам ихээр бадрах нь гарцаагүй буюу.
Ингээд бодохоор Олхонууд овогт удмынхан үнэхээр зовхи нь өөдөө түмэн болох нь тодорхой байгаа биз. Өдгөөгийн Дарви сумын Нутгийн удирдлагын ордны үүдэнд сүндэрлэх сүрлэг хөшөөн дээр:
“Аугаа Чингисийн нагац Олхонууд
Алдар суут хөвгүүд охидоороо
Монголдоо манлайлдаг үнэнийг
Мэдтүгэй, биширтүгэй, мөнхөлтүгэй” хэмээн сийлжээ.
Манай нутаг байгалийн хувьд бас л гайхамшигтай билээ. Алтай, хангай, говь, тал, гол, нууртай билээ. Ийм болохоор Монголыг үзье гэвэл Дарвийг минь үзэхэд л болох бус уу. Үнэхээр ч Хүйсийн хүрэн говь, Тунгалаг, Буянт, Дэлгэрийн талууд, Дарвийн цэнхэр нуруу, Сутай цагаан богд,Буурал богд, Ноёны хүрэн, Бумбат хайрхан, Ацат богд, Жинст богд, Хөшөөт, Музан, Өлзийт, Давхраагийн ой, Хөшөөт, Хөвхөр, Үхэр чулуут, Тосонгийн голууд минь юутай сайхан.
Нутгийн зохиолч Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Данзан гуай нэгэнтээ:
“Хайрлаад санаж чадсан хүүгийнхээ сэтгэлд
Найраг шивнээд өгдөг уянгын нутаг
Харсаар, бодсоор, дуулсаар байхад
Найрын ширээ шиг үлэмж тансаг нутаг
Хангай, алтай, тал, говь хослон оршсоноороо
Халхдаа ховор солонгон нутаг
Хаа холоос хөөрхий минийхээ сэтгэлийг
Хөвсөлзүүлэн татдаг соронзон нутаг…” хэмээн уулгалсан нь буй.

ТӨГСГӨЛИЙН ОРОНД
Аз болоход найз нөхдийн тус дэмээр амлалтаа биелүүлэв. Эмнэлгийн ойд зориулан бидний зүгээс өргөн барьсан сэтгэлийн өчүүхэн бэлэг. Том бэргэн эгч Х.Нацагт энэ бүгдийн талаар айлтгах үлдлээ. Тэд Ховд аймгийн арван жилийн наймдугаар ангиас эхлэн нэг ширээнд тохой нийлүүлэн сууж 1957 онд албан ёсоор гэр бүлээ бүртгүүлэн баталгаажуулснаас хойш 54 жил хамтдаа амьдарч жаргал зовлонгоо хуваалцан бие биедээ уусан амь нэгэн болсон хоёр.
ОЛХОНУУД А.БАТСҮХ /phD/
Улаанбаатар-Говь-Алтай аймгийн
Тонхил - Ховд аймгийн Дарви сум- Улаанбаатар
2018.VI.09-13.

Сэтгэгдэл (0)