Д.Хаянхярваа: Биржээр худалдаалах 30 хувийг 1072 хувьцаатай хэрхэн холбох тухайд зөвлөх компани авч ажиллуулна
- 2018-06-26
- Улс төр
- 0

УИХ дахь МАН- ын бүлэг өчигдрийн ээлжит хуралдаанаараа Тавантолгой төсөл болон Засгийн газраас хоёр дахиа өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар /ААНОАТ/- ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ. ААНОАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцээд гишүүдийн олонх нь дэмжээгүй учир хууль санаачлагчид нь буцаасан юм. Тиймээс гишүүдийн хэлсэн саналыг нэмж тусган Засгийн газарт дахин өргөн барьсан билээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.ХАЯНХЯРВААГААС зарим зүйлийг тодрууллаа.
-ААНОАТ-ын тухай хуулийг бүлгийн гишүүд хэрхэн үзэж байгаа вэ. УИХ-аар хэлэлцэхэд дэмжих үү?
-Манай намын бүлэг өнөөдөр хоёр асуудал хэлэлцсэн. Татварын багц хуулийн төсөлд томоохон ажлын хэсэг байгуулж, энэ ондоо багтаан татвар татварын багц хуулийг батална. 2020 оны төсвийг хэлэлцэхдээ татварын багц хуулийг тусган хэлэлцэх нь зүйтэй гэсэн зарчмын саналд бүлгийн гишүүд нэгдсэн. Харин Тавантолгой төслийг хөдөлгөхдөө IPO гаргая гэдэг улс төрийн шийдвэрийг МАН-ын бүлэг аль хэдийнэ гаргасан. Тиймээс бид Засгийн газраас оруулж ирсэн тус тогтоолын төслийг бүхэлд нь дэмжиж байгаа. Бид том төслүүдээ хөдөлгөх шийдвэрээ одоо гаргаж байж ажиллах боломж бололцоог нь хангаж өгөхгүй бол цаг хугацаа алдаж намрын чуулганаар орж ирэхэд Засгийн газар хийх ажилгүй сууна гэдгийг гишүүдийн олонх нь хэлж байна. Тус тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг чуулганаар дэмжсэн учир намар Засгийн газрын хийх ажил нь тун тодорхой болчихсон байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, IPO гаргах бүх нөхцөл бололцоог бүрдүүлэхээс гадна бусад төсөл хөтөлбөртэй холбоотой хөрөнгө санхүү, арга замаа тодорхойлсон байх болно. Түүнчлэн гадна дотнынхонтой хийх уулзалтаа ч цэгцэлсэн байна гэж ойлгох хэрэгтэй.
-Тавантолгой төслийн 30 хувийг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргахдаа хэрхэн үнэлэх вэ. Мөн ашиглалтыг хэрхэн явуулах талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Засгийн газар намар гэхэд энэ бүх асуудлыг тодорхой болгосон байна гэж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын оруулж ирсэн тогтоолын төслийг дэмжиж гадаад, дотоод талдаа ажиллах эрхийг нь өгч байна гэсэн үг.
-Тавантолгой ордын үнэлгээг хэрхэн хийсэн бэ. УИХ-ын гишүүдийн зүгээс хэтэрхий бага байна гэх шүүмжлэл гарч байсан шүү дээ?
-Тавантолгой төслийг үнэлгээг Америкийн компаниар үнэлүүлсэн. Ойролцоогоор 5.4 тэрбум ам.долларын үнэлгээний дүн байсан. Бүлэг ордоо бүхэлд нь 30 хувь гэж үзэх үү эсвэл тусгайлсан орд дээр 30 хувь гаргаж явах уу цаашлаад үүнийгээ 1072 хувьцаатай яаж холбох вэ гэх зэрэг асуудалд Засгийн газар зөвлөх компаниа авч ажиллуулна.
-Тэгэхээр Тавантолгой төслийн 30 хувьд IPO гаргах эрхийг Засгийн газарт өгсөн гэж ойлгох болох уу?
-Тэгж ойлгож болно. Мэдээж хөрөнгө оруулалтын төслүүд нь бидэнд орж ирсэн байгаа. Тавантолгой бүлэг ордыг яаж хөдөлгөх вэ гэдэг шийдвэрээ л бид гаргаж байна гэсэн үг шүү дээ.
М.Өнөржаргал

Сэтгэгдэл (0)