Нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 7-нд явуулахаар боллоо

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 11.00 цагаас хуралдлаа. Хуралдаанаар Хэнтий аймгийн УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах өдрийг аравдугаар сарын 7-ны өдөр явуулахаар тогтлоо. Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуульд 228.9 сая төгрөг зарцуулах тооцоо хийжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгээс асуулт асууж, хариулт авлаа.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Нөхөн сонгуулийн хугацааг товлохдоо хуулийн ямар заалтыг үндэслэл болгож байгаа юм бэ. Төрийн жинхэнэ албан хаагч сонгуульд оролцохоор болбол ажлаасаа хэзээ чөлөөлөгдөх вэ?

Ч.СОДНОМЦЭРЭН: -Өмнө нь нөхөн сонгуулийн хугацааг заадаггүй байсан. Харин өмнөх парламентын үед Сонгуулийн тухай хуулийг нэгтгэн баталснаар хугацаатай болсон. Тодруулбал, жил бүрийн зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ням гариг, аравдугаар сарын эхний долоо хоногийн ням гаригт явуулж байхаар хуульчлагдсан. Тиймээс ирэх аравдугаар сарын 7-нд явуулах санал оруулж ирлээ. Аймгийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 70 хоногийн өмнө байгуулах ёстой. Намууд 60 хоногийн өмнө сонгуульд оролцохоо илэрхийлнэ. Төрийн албан хаагч сонгуульд нэр дэвших тохиолдолд тухай жилийнхээ нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байх ёстой гэсэн хуулийн заалт бий. Энэ шаардлагад нийцүүлж нэр дэвшигчдийг бүртгэнэ.

Улмаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 7-нд явуулахыг дэмжлээ.

Энэхүү саналыг нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд уг саналыг нь дэмжиж, энэхүү зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд даалгалаа.   

 

Б.Цэнгэл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)