М.Энхболд: 2016 оны сонгуульд намын даргаар ажиллахдаа нэг ч хүнээс мөнгө авч, албан тушаалд томилоогүй

УИХ-ын нэгдсэн чуулган өчигдөр үдээс хойш эхэллээ. Чуулганы хуралдаанаар нийт 16 хуулийн төслийг хэлэлцэхээр болсон юм. Тухайлбал, Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл, Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл, “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” тогтоолын төсөл, “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэв. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбогдуулан зарим гишүүн байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат- Эрдэнэ “Монголд эрүүл, аюулгүй орчинд амьдрах арга байна уу. Өдөр бүр нэг хүүхэд цаг бусаар хорвоог орхиж байна. Энэ асуудалд хариулт өгөөч. Дараагийн асуудал нь 60 тэрбумын гэх хэрэг. Энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол болохгүй байх. Үүнээс болоод нэг гишүүн хуралдаа суухгүй байж хүртэл эсэргүүцэж байна.

Нээлттэй сонсгол явуулахад УИХ-ын 17 гишүүн нэгдсэн. Сонгууль дөхөхөөр улам нэмэгдэнэ. Тиймээс энэ асуудлыг нэг талд багтаах нь зүйтэй” гэсэн юм. Гишүүн М.Оюунчимэг “Долоо хоногийн дотор 2-3 хүүхдээ бид алдлаа. Монгол Улсад зуурдаар нас барсан хүний тоо дайнтай оронд амь үрэгдэж байгаа тооноос илүү байна. Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудалд эмэгтэй гишүүд дуу хоолойгоо хүргэх болно. Албан байгууллага, сургууль, цэцэрлэгийн орчинд стандарт мөрдөхгүй хариуцлагагүй байдлаас үүдэж ийм эрсдэлд орж байна. Одоо хаа хаанаа хариуцлагатай байх цаг иржээ. Нийгэм ч үүнийг хүсч байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Гишүүн Т.Аюурсайхан “Чуулган завсарлах хүртэл үлдсэн хугацаанд маш чухал хуулийн төслүүдийг хэлэлцэх нь. Гишүүд хариуцлагатай хандах байх. “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” тогтоолын төслийг хэлэлцэхдээ Ерөнхий сайдыг байлгамаар байна. Тэгэхгүй бол бидний ярьсныг мушгиж цааш нь дамжуулах тал байдаг” гэлээ. Тэдний асуултад УИХ- ын дарга М.Энхболд “Хүүхдийн асуудалтай холбогдуулан Б.Бат- Эрдэнэ гишүүний хэлсэн үг зөв. Холбогдох байгууллага болон салбар нь анхаараарай. Хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд амьдарч чадахгүй байна. 60 тэрбумын асуудлаар Л.Оюун- Эрдэнэ гишүүн АТГ-т хандсан. Надад байсан материалыг түүнд өгсөн. Энэ асуудлыг ЦЕГ, АТГ, УЕП-оос шалгаад хэрэгсэхгүй болгосон юм билээ. Тиймээс нээлттэй хэлэлцүүлэг хийх эсэхээ шийдэх байх. Би 2016 оны УИХ- ын сонгуульд намын даргаар ажилласан. Хэн нэгнээс мөнгө авч албан тушаалд томилсон нэг ч тохиолдол байхгүй” хэмээсэн.

АН ЗАХИРГААНЫ ХУУЛИАР ЗАВСАРЛАГА АВЛАА

Түүний дараа УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Захиргааны ерөнхий хуулийг судлах шаардлагатай байгаа учраас тав хоногийн завсарлага авах хүсэлтээ илэрхийлэв. Үүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж эсэргүүцэн байр сууриа хэлсэн. Тэрбээр “Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг таслан зогсоож шүүх дээр захиалгат луйврын шийдвэрээ гаргуулж, Эрдэнэтийн 49 хувийг хамаад үлдэх оролдлогыг хийх гэж байна. Байнгын хороон дээр би тус хуулийн төслийн томьёолол нь өргөтгөсөн байж болно гэж хэлсэн. Засгийн газарт өргөн барьсан энэ хуулийг би дангаараа ч оруулсан юм биш. Засгийн газартай ярьж байгаад оруулсан хуулийн төсөл. Улайм цайм Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг зөрчиж, шүүх хурал хийж, луйврын талд шийдвэр гаргадаг энэ байдлыг таслан зогсоохын тулд оруулж ирсэн хуулийн төсөл. Өнөөдөр завсарлага аваад өнгөрлөө гэхэд маргааш ард түмэн шийднэ. Бүх булхай луйврыг чинь мэдэж байгаа. Эрдэнэтийн 49 хувийг авахдаа улсаас мөнгө гаргуулж хулгайлж авсан ажиллагааны чинь бүх хөзрийг ард түмэн мэдэх болно. 100 тэрбум төгрөгийг Монголбанкнаас гаргуулаад маргааш нь Худалдаа хөгжлийн банк руу шилжүүлж, нөгөөдөр нь Ц.Пүрэвтүвшингийн данс руу хийгээд дараах өдөр нь Орос руу шилжүүлж, Эрдэнэтийг худалдаж авах эхний төлбөрөө хийсэн юм билээ. Ганцхан жишээ нь энэ шүү. Д.Эрдэнэбат аа, та нарын хийсэн ажил. Үүнийгээ худлаа гэж байгаа бол шүүх дээр очоод надтай заргалдаарай. АН үүнийгээ хамгаалж үлдэхийн тулд Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд завсарлага авч байна” гэсэн юм. Ингээд УИХ-ын дарга М.Энхболд АН-ын горимын саналыг дэмжиж, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслөөр тав хоногийн завсарлага өглөө.

ЗАРИМ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ

УИХ-ын нэгдсэн чуулганаар Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Уг хуулийн төслийг баталснаар иргэний эх орноо хамгаалах Үндсэн хуулийн заалт хэрэгжих, орон нутгийн хамгаалалтын талаар иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын бүрэн эрх, чиг үүргийн уялдааг хангаж, улс орноо батлан хамгаалах нэгдмэл тогтолцооны цогц байдал хангагдах аж. Хуулийн төслийг боловсруулахдаа ОХУ, АНУ, Хятад, БНСУ, Сингапур, Швейцарь, Израиль зэрэг газар зүйн байрлал, бүс нутгийн цэрэг- улс төрийн нөхцөл, газар нутгийн хэмжээ, эдийн засгийн хүчин чадал зэргээрээ харилцан адилгүй орнуудын хууль тогтоомжийг судлан үзэж, өөрийн орны онцлогт тохирсон, бүх нийтийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бий болгохоор зорьжээ. Үүний дараа Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж хуулийн төслийг баталлаа. Хуулийн төсөлд улсын болон цэргийн дайчилгааны зохицуулалтыг боловсронгуй болгох үүднээс нэр томьёог тодорхойлж оруулж өгснөөс гадна дайчилгааны үндсэн арга хэмжээг дайчилгааны бэлтгэлийг хангах болон дайчилгаа явуулах үеүдээр тодорхойлж, түүнийг эрх бүхий байгууллагуудын эрх, үүрэгт тодорхой зааж өгсөн байна. Мөн одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Дайчилгааны тухай хуулийн бүтэц, хуулийн хамрах хүрээг хэвээр хадгалж, улс орны эдийн засаг, нийгмийг дайны байдалд шилжүүлэх үеийн энэ хуулиар зохицуулах нийгмийн харилцаанд хамаарах асуудлыг бүрэн тусгаж, хуулийн нэр томьёог тодотгох, улсын дайчилгаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг тодорхойлох, Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичигт заасан зорилтуудыг хангах зорилгоор холбогдох зохицуулалтыг нарийвчлан тусгасан гэдгээ төсөл санаачлагч танилцуулсан. Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталснаар улс орны эдийн засаг, нийгмийг дайны байдалд шилжүүлэх үед хэрэгжүүлэх арга хэмжээ илүү боловсронгуй болж, дайчилгааны талаарх субъектүүдийн чиг үүрэг, үйл ажиллагааны уялдаа холбоо, бүрэн эрхийг нарийвчлан тодорхойлж, дайчилгаанд оролцогчдын эрх зүйн байдлын баталгааг хангахаас гадна хуулийн давхардал, хийдэл, зөрчил арилж, бусад хууль тогтоомжтой нийцнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж. Уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар эдийн засагт нэмэлт зардал гарахгүй юм байна. Мөн УИХ-ын гишүүн О.Батнасан нарын гурван гишүүний өргөн барьсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. 2015 онд баталсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг өмнөх хуулиас дордуулж зохицуулсан нь амьдралд багагүй асуудал, шүүмжлэл дагуулж, 18 нас хүрээгүй хүүхдийг аль болохоор хорихоос өөр ялаар шийтгэх хувилбарыг баримтлах олон улсын гэрээ, конвенцийн зарчимд нийцэхгүй байгаа аж. Иймээс гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдийн эрх зүйн байдлыг нь дордуулж зохицуулсан Эрүүгийн хуулийн 8.1 дэх “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл” зүйлийн 4 дэх хэсгийн “Хүнд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулахгүйгээр энэ бүлэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар хэрэглэж болохгүй” гэсэн заалтыг хүчингүй болгох, мөн хуулийн 8.6 дахь “Өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах” зүйлийн 1 дэх заалтын болон тус хуулийн 8.7 дахь “Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ” зүйлийн 1 дэх заалтын “хөнгөн” гэснийг тус тус хасч өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ. Үүний дараа Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг парламентын олонх дэмжсэн бол Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг ч хийж дуусгалаа.

М.Өнөржаргал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)