Шарилжны тоосжилтгүй Улаанбаатар болох хэрэгтэй
- 2018-07-02
- Улаанбаатар
- 1

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Харшлын эсрэг хамтдаа” уриан дор “Шарилжгүй Улаанбаатар-3” аяныг өнөөдрөөс эхлэн ирэх сарын 17-ныг хүртэл зохион байгуулах гэж байна. Энэ талаар Улаанбаатарын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр, хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Ууганбаяр, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Харшлын лабораторийн эрхлэгч Б.Сангидорж, нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтэн Ч.Батсайхан нар өчигдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Харшлын лабораторийн эрхлэгч Б.САНГИДОРЖООС цөөн зүйлийг тодрууллаа.
-“Шарилжгүй Улаанбаатар” аяны үр дүн хэрхэн гарч байгаа вэ.Танай төвд хандаж байгаа өвчтөний тоо багасч байна уу?
-Шарилжгүй биш шарилжны тоосжилтгүй гэж ярих нь зүйтэй. Шарилж ч гэсэн байгальд хэрэгтэй ургамал шүү дээ. Бид шарилжийг цэцэглэж тоосоо хаяхаас өмнө хадах хэрэгтэй. Өмнө нь бид шарилж, лууль болон хогийн ургамалтай тэмцэх ажлыг цэцэглэж үржиж дууссаны дараа буюу наймдугаар сарын сүүл есдүгээр сард хийдэг байсан. Би ч бага байхдаа яг энэ цаг мөчид сургуулийнхаа шарилжийг зулгаадаг байсан. Үүнээс болоод олон хүн шарилж ургамлын харшилтай болсон гэж ярьдаг. Одоо бол шинжлэх ухаанд үндэслэсэн судалгааны дагуу айл өрх, нийтийн эзэмшлийн зам талбайд ургасан шарилж луулийг цэцэглэж тоосрох үе шат эхлэхээс урьтаж зургаадугаар сарын сүүлчээс долоодугаар сард эхний хадалтыг хийж байгаа. Энэ бол маш зөв зүйтэй арга гэдгийг онцолмоор байна. Харшлаар өвчлөгсдийн хувьд тоо их байгаа ч төр засгаас өмнө нь анхаараагүй бол одоо байгаа өвчтөний тооноос хэд дахин илүү байж болох байсан. Монгол Улсын хүн амын 10-20 хувь нь ургамал, шарилжны харшилтай болох эрсдэлтэй байсан.
-Шарилж, лууль цэвэрлэж буй иргэд өөрсдийгөө хэрхэн хамгаалах вэ?
-Аюулгүй ажиллагааг баримтална. Амны хаалт, бээлий өмсч, хашааныхаа шарилжийг зулгаахдаа өмссөн хувцсаа гэртээ ороод солих хэрэгтэй. Ер нь бол ургамлын тоосжилттой үед ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаар шарилж, луулийн төрлийн ургамал зулгаалгахгүй байх нь зүйтэй. Энэ аяны хүрээнд маргааш хороо, дүүргийн ТҮК-ийн ажилчид хамтран нийтийн эзэмшлийн зам талбайн шарилж луулийг цэвэрлэх юм. Тиймээс энэ амралтын өдрүүдэд хувь хүн, албан байгууллагууд ойр орчмынхоо шарилж луулийг цэвэрлэх хэрэгтэй.
Б.Саруул

Сэтгэгдэл (1)
Иргэн (103.50.206.40)
Нийлэлийн засаг дарга түүний хамтран зүтгэгч нар маш сайн ажиллаж байна Ер нь энэ ардчилал тогтсон гээд байгаа 28 найман жилд овоо хэлсэн ярьсанаа хийгээд хийх гээд зүтгээд байгаа баг хамт олон шүү бид нэгнийхээ хэлсэн , хийсэн сайн зүйлийг нь олж харж урамын үг хайрлаж дэмжиж , буруу зүйлийг нь засах арга замыг нь хэлж өгч хамтдаа л баймаар санагдах юм. Гэтэл тийм биш өө сэвийг нь олохыг чармайж муу муухай үгээр утаж урам зоригийг нь мохоож байдаг болж дээ ийм болохоор чинь гадаад дотоодын хэвлэл мэдээлэлд бид яаж өөдтэй бичигдэхэв дээ Айл хүний амь нэг ,саахалт хүний санаа нэг гэж ардын мэргэн үг сургааль зөндөөл байна бишүү