“Дээлтэй Монгол” наадам болно
- 2018-07-01
- Улаанбаатар
- 0

“Дээлтэй Монгол” наадмыг ирэх сарын 10-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд 12 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Наадмын үеэр үндэсний хувцасны коллекциудыг сонирхуулж, уламжлал, өв соёлыг харуулсан гэр хотхон дахь монгол наадгай, язгуур урлаг, хөгжим, уран бичлэгийн болон казах түмний өргөөгөөр зочлох боломжтой аж. Түүнчлэн нийслэлийн дүүргүүдийг хамруулсан үндэсний хувцастай парад зохион байгуулахаар төлөвлөжээ.
“Дээлтэй Монгол” наадмын үеэр оролцогчдоос шилдэг зохион байгуулалттай дүүрэг, хамгийн сайхан дээлтэй хос, шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогч, шилдэг эрэгтэй, эмэгтэй үндэсний хувцастай оролцогч, шилдэг хүүхэд, шилдэг байгууллагыг тодруулах юм. Энэхүү наадам Монгол үндэстэн ястны хувцас, гоёл чимэглэлээ дэлхийн нийтэд гайхуулан сурталчлах мөн жуулчдын сонирхлыг татсан томоохон баяр болж өргөжсөөр байгаа юм. Мөн Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст түүх, соёл өв уламжлалаараа бахархах ухамсрыг төлөвшүүлэх, таниулах зорилготой ажээ.
Б.Номуун

Сэтгэгдэл (0)