Боулингчдын лигийн тэмцээний эхний цуврал зохиогдлоо
- 2012-02-27
- Спорт
- 0
Боулингийн тамирчид, тоглогчид,сонирхогчдын дунд гурав дах жилдээ
явагдаж байгаа тэмцээн уламжлал ёсоор эрэгтэй дээд ба дэд зиндаа,эмэгтэй
гэсэн 3 ангиллаар Паркийн боулинг төвд өчигдөр зохиогдлоо.

Эхний тоглолт УАШТ-ий мөнгөн медальт, 1-р зэрэгтэй тоглогч Ж.Содномдорж, өнгөрсөн оны УАШТ-ий алт, хүрэл медальт, спортын дэд мастер Г.Сундуйжав нарын хооронд болж, Ж.Содномдорж 10 дах шидэлтэндээ спейр алдсаныг хашир мастер чадварлаг ашигласнаар 167:166 гэсэн харьцаагаар ганцхан онооны зөрүүгээр хожлоо. Зэрэгцээ болсон тоглолтонд спортын сэтгүүлч Н.Тамир, УАШТ-ий мөнгөн медальт,1-р зэрэгтэй тоглогч Б.Эрдэнэбатыг ялж, анх удаагаа шигшээ тоглолтонд шалгарчээ.
Дээд зиндаанд МАБХ-ны 2009-2012 оны нэгдсэн чансааны эхний гучид эрэмблэгдсэн өндөр зэрэглэлийн тоглогчид оролцох эрхтэй байдаг бөгөөд 2 дэд мастер, 8 зэрэгтэй тоглогч оролцсон нь тэмцээнийг өрсөлдөөнтэй болголоо. Урьдчилсан 3 тоглолтын дүн гарахад Ж.Содномдорж, Н.Тамир, Б.Эрдэнэбат /гурвуул Грийн Страйкес/, Г.Сундуйжав /Биг Боулинг/ нар хагас шигшээ тоглолтонд оролцох эрхээ өвөртлөв.
1-р байрын төлөөх өрсөлдөөнд Г.Сундуйжав мастер хожсоноор лигийн хошой аварга болсон байна. 3-р байрын төлөө нэг багийн андууд оноо булаалдаж, 181:175-ын харьцаагаар Ж.Содномдорж өрсөлдөгчөө буулган авч, дээд зиндаанд анх удаагаа гурваллаа. Дэд зиндааны тоглогчид 3 тоглолтоор дүнгээ гаргахад 1-р зэрэгтэй тоглогч Т.Батбаяр/Дабль-Икс/ түрүүлсэн бөгөөд тэрээр өмнө нь энэхүү зиндаанд эхний 3 байрт нэжгээд шалгарч байсан тоглогч юм.
Удаах байруудад Д.Дамдин/Би-Зоне/, 2-р зэрэгтэй тоглогч Н.Цэдэндамба/Грийн Страйкес/ нар шалгарав. Эмэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн тоглогчдоос 4 өөр багийн 4 тоглогч шигшээд үлдсэнээс хагас шигшээ тоглолтонд өнгөрсөн жилийн лигийн тэмцээнд 4 удаа эхний байрт орсон, 2-р зэрэгтэй тоглогч Б.Мягмарцэнд /Би-Зоне/, Холбооны цом-2011 “А” зэрэглэлийн тэмцээний 4-р байрын шагналт Д.Сэлэнгэ /Грийн Страйкес/-ийг,лигийн тэмцээнд 3 удаа эхний байруудад шалгарсан,2-р зэрэгтэй тоглогч С.Ариунжаргал /Дабль-Икс/ мөн 2-р зэрэгтэй тоглогч Л.Цэцэгсүрэн/ТЭЦ-3/-г тус тус хожин шигшээд үлдэв. 1-р байрын төлөө тоглосон хоёр туршлагатай тоглогчдын өрсөлдөөнд Б.Мягмарцэнд ялалт байгуулж, лигийн хошой аварга болов. Харин С.Ариунжаргал 3 дахиа үзүүрлэлээ.
Тэмцээний өндөр онооны шагналыг эрэгтэйчүүдээс Н.Тамир /220 оноо/, эмэгтэйчүүдээс Б.Мягмарцэнд /186 оноо/ нар авчээ.
Ч. Батцэцэг
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)