“Арсенал” өөрийн “Эмират” цэнгэлдэхдээ гайхалтай ялалт байгууллаа

Английн премьер лигийн 26 дугаар тойрогт учраа таарсан Лондонгийн хоёр багийн тоглолт өнгөрсөн шөнө “Эмират” цэнгэлдэхэд боллоо.

    Английн премьер лигийн 26 дугаар тойрогт учраа таарсан Лондонгийн хоёр багийн тоглолт өнгөрсөн шөнө “Эмират” цэнгэлдэхэд боллоо. Энэ тоглолтонд талбайн эзэн “Арсенал” өөрийн “Эмират” цэнгэлдэхдээ гайхалтай ялалт байгууллаа. Тоглолтын эхлээд зочид болох “Тоттенхэм” багийнхан хоёр гоол оруулан хожиж эхэлсэн. Ингээд 35 минут өнгөрөхөд 2:0 харьцаатай хожигдож байсан ч “Их буучид” өрсөлдөгчөө 5:2 харьцаатай буулган авснаар лигийнхээ хүснэгтийн дөрөвдүгээр байраа эргүүлэн авлаа. “Тоттенхэм”-ын Луи Саа дөрөв дэх минутад гоолдсоноор тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Улмаар 34 дэх минутад “Арсенал”-ын экс-довтлогч Эммануэль Адебайор торгуулийн цохилтоор тооны харьцааг 2:0 болгосон. Гэвч эхний хагас өндөрлөхөөс өмнөх сүүлийн таван минутад талбайн эзэд тооны харьцааг тэнцүүлж чадсан юм. 40 дэх минутад Микель Артетагийн дамжуулалтаар Бакари Санья, улмаар 43 дахь минутад премьер лигийн мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж буй Робин ван Перси улирлын 23 дахь гоолоо орууллаа. Тоглолтын хоёрдугаар хагас эхлэхэд “Их буучид” үргэлжлүүлэн довтолсоор 51 дэх минутад Томаш Росицкий багтаа тэргүүллийг авчирсан бол Английн шигшээ багийн жигүүрийн тоглогч Тео Уолкотт 65, 68 дахь минутад дубль хийснээр багийнхаа ялалтыг бататгав. Тоглолтын эхлэлийг гайхалтай тавьсан ч өрсөлдөгчөөсөө хүнд цохилт хүлээн авсан Харри Рэднаппын багийн азгүйтэл үргэлжилж, хагас хамгаалагч Скотт Паркер нь хоёр удаа шар картаар торгуулснаар “Тоттенхэм” 10-уулаа тоглолтыг өндөрлүүлсэн. “Тоттенхэм”, “Арсенал”-аас долоон онооны зөрүүтэй, Манчестер хотын хоёр багийн араас хүснэгтийн гуравдугаар байрт бичигдээд байна. “Их буучид”-ын тухайд мөн л нэг хотын өрсөлдөгч “Челси”-гийн адил 46 оноотой ч гоолын зөрүүгээр дөрөвдүгээрт бичигдээд байна. 

                                                                                                                       Unen.mn сайт

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)