АТГ-ын мэдээлэл ба сайд нарын мэдэгдэл
- 2018-08-30
- Улс төр
- 6

АТГ-аас сар бүр зохион байгуулдаг хэвлэлийн хурал ямар нэг зорилго агуулсан байдаг гэх дүгнэлт нийтийн дунд түгсэн. Тэгвэл энэ долоо хоногийн эхэнд тэдний өгсөн мэдээлэл ямар зорилготой байв гэх асуулт аль хэдийнэ хариулттай болсон. Тодруулбал, АТГ- аас шалгаж дууссан болон шалгаж буй хэргийн талаар мэдээлэл өгсөн. Ингэхдээ У.Хүрэлсүхийн танхимын 2-3 сайдын нэрийг шууд болон шууд бусаар дурдсан нь олны анхаарлыг татлаа. Учир нь, сахилга хариуцлагыг тугаа болгосон, шат шатандаа чандлан сахихаар ажилллаж буй энэ үед Засгийн газрын нэр хүндийг унагаад зогсохгүй хууль сахиулагчид хууль зөрчиж байна гэх ойлголтыг нийгэмд түгээсэн.
Хамгийн гол нь нэр бүхий сайд нар үнэхээр хууль зөрчсөн үү, АТГ хөдөлшгүй баримтаар тогтоосон уу гэдэг асуудал. Харамсалтай нь үүний хариулт тун бүрхэг. Тодруулбал, АТГ- аас дурдсан мэдээлэлд Д.Сарангэрэл, Н.Цэрэнбат нарын нэрийг дурдсан бол Ц.Даваасүрэн сайдыг шууд бусаар дурдсан. Ингэхдээ Эрчим хүчний яамнаас 2017 онд зарласан тендерт уг салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж буй долоон компани 5.8 тэрбум төгрөгийн тендерт шалгарч, гэрээ байгуулан ажилласан гэсэн нь яалт ч үгүй салбарын сайд Ц.Даваасүрэнд хамаарна. Харин Д.Сарангэрэл сайдын хувьд туслахаар нь ажиллаж байсан Б-г Төрийн захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтнээр хүүгийнхээ жолоочоор ажиллаж байсан залууг Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилсон гэх асуудлыг хянан шалгахад Б нь Эрүүл мэндийн сайдын туслахаар ажиллаж байсан, Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Ө нь Эрүүл мэндийн сайдын хүүтэй найз бөгөөд дээрх ажлын байрны саналыг түүнээс авсны үндсэн дээр ажилд орсон нөхцөл байдлыг тогтоосон учраас шалгаж байна гэж мэдээлсэн. Харин Байгаль орчин, аялал, жуулчлалын яаманд засвар хийх, хурлын заалны тоног төхөөрөмж нийлүүлэх нийт 200 орчим сая төгрөгийн тодорхой хэсгийг ном, товхимлын мөнгө мэтээр халхавчлан тус яаманд хэрэгжүүлж буй төслийн мөнгөнөөс “Эрдэнэзул” ХХК-д шилжүүлж бэлэн мөнгө болгон гарган авч засварын ажлыг БОАЖ- ын сайд Н.Цэрэнбатын хамаарал бүхий компани гүйцэтгэсэн байж болзошгүй нөхцөл байдлыг мөн тогтоосон бөгөөд шалгалтын ажил үргэлжилж байна гэж мэдээлсэн. Нэгдүгээрт, хэрвээ эдгээр сайд асуудалтай, хууль зөрчсөн бол АТГ-ынхан ажлаа дутуу дулимаг хийдэг юм биш үү.
Учир нь тэд төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг нэгбүрчлэн хянадаг, тухайн албан тушаалд томилж болох эсэх зөвшөөрлийг ч өгдөг. Энэ тухайд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д “Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ” гэж заасан байдаг. Өдгөө төрийн албанд ажиллаж буй дээрх сайд нараас гадна газар, хэлтсийн дарга нар ашиг сонирхлын зөрчилтэй юм бол АТГ тэднийг дутуу шалгасан байж таарах нь. Хоёрдугаарт, АТГ албан ёсны мэдээлэлдээ, Н.Цэрэнбат сайдын нэрийг дурдсан атлаа “хууль бус үйлдэл гарсан байж болзошгүй” гэчихэж байгаа юм. Болзошгүй гэдэг нэг мөр тогтоосон гэсэн үг огт биш. Гэтэл олон нийт хэзээ ч болзошгүй гэж хардаггүй. Эцсийн дүндээ АТГ-ын зарласан хүн худалч хулгайч нэртэй үлддэг нь нууц биш. Тиймээс АТГ цаашдаа энэ тухайд анхаармаар. Ямартай ч, үүссэн нөхцөл байдлын талаар дээрх сайд нараас байр суурийг нь сонслоо.
Н.ЦЭРЭНБАТ: МИНИЙ ХОМ ДЭХ 26 КОМПАНИЙН НЭГ НЬ Ч ЭНЭ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦООГҮЙ
АТГ-ын мэдээллийг харсан. Албан ёсны мэдээлэлдээ засварыг сайдын хамаарал бүхий компани гүйцэтгэсэн байж болзошгүй гэжээ. Миний хөрөнгө орлогын мэдүүлэг дэх 26 компанийн нэг нь ч энэ үйл ажиллагаанд оролцоогүйг албан ёсоор мэдэгдэж байна. Бид хамаарал бүхий компаниудаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичдэг. Хардах эрх хэнд ч бий. Гэхдээ албан ёсны шалгалт хийж байгаа байх. Сүүлийн үед Монголын улс төрд ямар нэгэн дуулианы өмнө хууль хүчний байгууллагынхан иймэрхүү мэдэгдэл хийдэг болсон. Нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлээр хууль хяналтын байгууллагынхан ингэж дуулиан тарьдаг. Би АТГ-ын даргыг солих ээлжит бус чуулган зарлан хуралдуулах бичигт гарын үсэг зурсан. Асуудал гарахаар нэгийг нөгөөгөөр дарах гэж мэдээлэл цацдаг. АТГ-ын даргад 19 настай охин байхгүй гэж хэлэхийн тулд л энэ мэдээллийг цацсан болов уу гэж харсан. АТГ-ынхан манай яаманд энэ мэдэгдлийг өгөхдөө төслийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэсэн дүгнэлтийг албан ёсоор хийсэн байсан. Гэтэл сая дахиад мэдээлэл хийлээ. АТГ-аас болзошгүй гэдэг үндэслэлээр шалгаж байгаа гэсэн. Хууль журмынхаа дагуу шалгаж тогтоох байх. Хэвлэлийн компаниар засварын ажил хийлгэсэн гэдэг тухайд БОАЖЯ-ны 30 жилийн ойтой холбоотойгоор ажлын хэсэг гарч шийдвэрээ гаргаад, ном журмынхаа дагуу ажил явуулсан. Үүнд дэд сайд болон төрийн нарийн бичгийн дарга нар ч хяналт тавьж ажилласан.
Ц.ДАВААСҮРЭН: МИНИЙ ХАМААТАН, АХ ДҮҮ ЯАМНААС АЖИЛ АВСАН БАЙВАЛ БИ АЖЛАА ШУУД ӨГНӨ
Эрчим хүчний яамнаас 2017 онд зарласан тендерт уг салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан, тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан, хувь эзэмшиж буй долоон компани 5.8 тэрбум төгрөгийн тендерт сонгон шалгарч, гэрээ байгуулан ажилласан гэж АТГ-аас мэдээлсэн. Тиймээс би АТГ-т бичиг явуулсан. Хэрвээ мэдэгдэлдээ миний нэрийг дурдсан байвал тэр улстай хариуцлага ярина. АТГ-аас өнгөрсөн оны эхэнд манай яаманд мэдээлэл ирүүлсэн. Уг мэдээлэл нь эрчим хүчний салбарт ажиллаж байгаа нэр бүхий хүмүүстэй холбогдолтой 130 гаруй компанийн тухай байсан. Эдгээр компани дотроос ажил авчээ гэж би ойлгосон. Энэ салбараас цалин авчихаад энэ салбараар бизнес хийж болохгүй. Миний ойлгож байгаагаар, эрчим хүчний салбарт ажилладаг атлаа эхнэрийнхээ нэр дээр компани байгуулаад өөрийн ажиллаж байгаа биш ч эрчим хүчний салбарын өөр компаниас ажил авсан байх тохиолдол гарсан байхыг үгүйсгэхгүй. Асуудлыг надтай холбох гэсэн оролдлого их гарч байна. Миний хамаатан, ах дүү нараас хэн нэгэн хүн яамнаас ажил авсан байвал би маргааш нь шууд ажлаа өгнө. Өмнө нь ч миний хоёр дүүг дарга болчихлоо гэх мэдээлэл цацаж байсан. Эрчим хүчний салбарт ажиллаж байгаа нэр бүхий хүмүүстэй холбогдолтой 130 гаруй компаниас аль нэг нь ажил авсан эсэхийг сонирхоод үзэхэд ТЭЦ III-ын нэг инженерийн эхнэрийн нэр дээр байдаг компани шугам сүлжээний ажил авсан байсан. Үүнийг хуулиараа зөрчил гэж үзэхэд хэцүү. Миний зүгээс өөрийнхөө компанийн зарласан бараа үйлчилгээний ажлаас авсан байж болзошгүй болон 50 гаруй тендерийг бүгдийг нь хууль зөрчиж хийсэн гэж үзэж буй хоёр захирлыг ажлаас нь чөлөөлөхөөр Төрийн өмчийн хороонд хандсан. Төрийн өмчийн хорооноос Эрчим хүчний яамны харьяа компаниудын захиралтай гэрээ байгуулж томилдог. Миний зүгээс Төрийн өмчийн хороонд зөвхөн санал хүргүүлдэг.
Д.САРАНГЭРЭЛ: АТГ-ААС АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛГҮЙ АЖИЛД АВЧ БОЛНО ГЭСЭН УЧРААС ТУШААЛЫГ НЬ ГАРГАСАН
Ардын хүүхдээс дээд боловсролтой, төрд 6-8 жил ажилласан жирийн хоёр залууг төрийн нарийн бичгийн даргад санал болгосон. Үүний дагуу АТГ-ынхан тэднийг нийтийн албанд ажиллаж болох эсэхийг хянаж шалгадаг. Ингэхэд манай яамны төрийн нарийн бичгийн дарга “Сайд аа, АТГ-аас дээрх хоёр хүнийг ашиг сонирхлын зөрчилгүй, ажилд авч болно гэсэн бичиг ирсэн болохоор тушаал гаргачихлаа” гэсээр орж ирсэн. Тийм ч учраас ажиллуулж эхэлсэн. Гэхдээ тэдний хувьд одоогоор туршилтаар ажиллаж байгаа. Энэ хугацаанд яаж ажиллахыг яамныхан бүгд харж байгаа биз дээ. АТГ-ын хийсэн мэдээлэлтэй холбоотойгоор “Ажлаасаа гаръя” гэчихсэн, сэтгэлээр уначихаад явж байна. Энэ хоёр залуу манай гэр бүлийнхэнтэй ямар ч хамааралгүй. Найз нөхдийн байтугай нутаг усны ч холбоогүй. Сайхан сэтгэлт хүмүүсийн урмын үг, тус дэмээр би өдий зэрэгт хүрсэн. Ажил хөдөлмөр эрхэлж амжилтад хүрэх хүсэл эрмэлзэлтэй олон залуусыг цаашид ч дэмжих болно.
М.ӨНӨРЖАРГАЛ

Сэтгэгдэл (6)
Зочин (202.21.124.19)
Ганцхан хатуу зохицуулалтыг Төрийн албаны хууль"-д оруул. "Улсын хөрөнгийн аливаа авилга, шамшигдуулалттай нэр холбогдсон л бол төрийн албанаас чөлөөлж байх"-аар заах. Мөн нэр холбогдож байсан хүнийг төрийн өндөр албанд нэр дэвшүүлэхгүй байх. Учир нь шилдэг, цэвэр, өндөр мэдлэг чадвартай, ёс зүйтэй хүмүүс төрд ажиллуулах ёстой. Энгийнээр шилж шигших шүүрнийхээ торыг нарийсгамаар байна.
ИРГЭН (202.21.124.19)
За яахав АТГ шалгаад бас ч авилгыг илрүүлээд л байна л даа. Харин түүнийг нь прокурор, Шүүх дээр хэрэгсэхгүй болгодог технологи газар авах шинжтэй. Бас авилгын жинхэнэ эзэд, томчуудыг бус гүйцэтгэгч жараахайнуудаас хэтрэхгүй байгаа нь авилгын суурь нөхцлийг хуих боломжгүйд хүргэж, ОЛОН ИХ НАЯДЫН АВИЛГА, ШАМШИГДУУЛАЛТ ХЭРЭГСЭХГҮЙ болж, ард түмний нуруун дээр хэлэн үеийн хүнд ачаа болон үлдэж байна. Хятад, Орос шиг авилгын цаад эзэдтэй л хариуцлага тооцож чаддаг болмоор байна.
ЗОЧИН (202.21.124.19)
АТГ бол хүнд ажилтай газар. АТГ-д талтай нам, улс төрч гэж байхгүй, үнэндээ. Тиймдээ ч АТГ-г устгах, рэх хэмжээг өөр газарт шилжүүлэх, сулруулахыгН.Алтанхуяг санаархаж, түүнийг Х.Баттулга үргэлжлүүлж байгаа. Одоо МАН-ын зарим сайд нар энэ сонирхолд нэгдэж магадгүй. АТГ ЯМАР НЭГ НАМ, ЭРХ МЭДЭЛТЭНД ЗАХИРАГДАЛГҮЙ ХЭНИЙГ Ч БОЛОВ ШАЛГАДАГ Л БАЙХ ШААРДЛАГАТАЙ. Ард түмний өмчийг АТГ хамгаалж байгаа учир олон түмэн бол АТГ-д талтай. АТГ хөдөлшгүй баримт, нотолгоонд тулгуурлаж авилга, шамшигдуулалтыг тогтоох, бодитой мэдээлэл түгээж байх нь л гол шүү. ХУУЛЬД ЗААСНААС ХАЛЬЖ, АТГ, ТҮҮНИЙ ДАРГААР ОРОЛДОХ НЬ АВИЛГЫГ ӨМГӨӨЛСӨНТЭЙ АГААР НЭГ ШҮҮ.
dsn (114.246.105.91)
nuguu turiin yamand ajild orhod shalgalt avch baidag 1 huuli ,baiguullaga tatan buugdaagui bizdee ? yahaaraa ardiin ur sadiig uzemjeer avdag yum be? saidaa! ?
зочин (124.158.111.65)
26 компанитай гэдэг нь ашиг сонирхол байгаа нь ойлгомжтой
(124.158.111.65)
26 компанитай гэдэг нь ашиг сонирхол байгаа нь ойлгомжтой