Мөрөөдлийн баг
- 2012-02-29
- Спорт
- 0
“Бидэнд мөрөөдөл бий”гэсэн уриатай Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ивээл дор зохион байгуулж буй сагсан бөмбөгийн “Мөрөөдлийн баг” тэмцээний III үе шат өнгөрсөн даваа гаригт “Буянт-Ухаа” спорт цогцолборт эхэллээ.

“Бидэнд мөрөөдөл бий”гэсэн уриатай Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ивээл дор зохион байгуулж буй сагсан бөмбөгийн “Мөрөөдлийн баг” тэмцээний III үе шат өнгөрсөн даваа гаригт “Буянт-Ухаа” спорт цогцолборт эхэллээ. Энэ шатанд нийслэлийн есөн дүүргийн 96 багийн 1500 гаруй өсвөрийн тамирчид өрсөлдөхөөр болов. Тус тэмцээн нь Монгол Улсын хэмжээнд 750 ерөнхий боловсролын сургуулийн нийт 264 мянган сурагчдын дунд 12-15,15-18 насны ангиллаар зохиогдож байна. Харин албан ёсны бэлгэ тэмдэг нь төрийн далбааны өнгө бүхий өмсгөлтэй, сагсан бөмбөг сугавчилсан туулай юм. Монгол Улсад айлчилсан НБА-ын супер од “Супермэн” хочит Двайт Ховард тус тэмцээний нээлтэд оролцоод буцжээ. Тэмцээний IV шатанд 21 аймаг, 329 сум, хотын дүүргүүдээс шалгарсан өсвөрийн сагсчид дөрөвдүгээр сарын 16-наас 22-ны хооронд Буянт-Ухаа спорт цогцолборт өрсөлдөх юм. Ингэснээр 4 үе шаттайгаар зохион байгуулах тэмцээний аваргууд тодорч, Монгол Улс “Мөрөөдлийн баг”-тай болно. Харин хаалтын үйл ажиллагаанд сагсан бөмбөгийн алдрын танхимд бичигдсэн, олимп, тив, дэлхийн аварга Сергей Белов, мөн NBA-ын зургаан удаагийн аварга Скотти Пиппен нар оролцох юм байна. Тус тэмцээнээс шалгаран гарсан шигшээ багийг олимпийн аварга Сергей Беловын нэрэмжит “КЭС Баскетбол” тэмцээнд оруулахаас гадна сагсан бөмбөг өндөр хөгжсөн АНУ-д аялуулан үе тэнгийн хүүхдүүдтэй уулзалт тоглолт зохион байгуулах аж.
Ч. Батцэцэг
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)