Ерөнхий сайдын айлчлалаар компакт гэрээг баталгаажуулна

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цагаан Ордоны урилгаар АНУ-д албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр өчигдөр АНУ-ыг зорьсон юм. Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр Америкийн дээд удирдлагатай уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцох аж. Мөн АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай байгуулж буй хоёрдахь компакт гэрээг баталгаажуулах Тунхаглалд гарын үсэг зурах юм байна. Айлчлалын дүнд талууд Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн тухай Монгол Улс, АНУ-ын хамтарсан албан мэдээ гаргаж, хоёр улсын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тухай замын зураглалыг тохиролцох ажээ.

Ерөнхий сайд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцож үг хэлэхийн зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерес, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер болон өндөр албаны бусад тушаалтантай уулзаж ярилцах аж. Мөн тэрбээр Нью Йорк хотноо болох Социалист Интернационал байгууллагын төр, засгийн удирдагчдын жилийн уулзалтад оролцож үг хэлнэ. Түүнчлэн Ерөнхий сайд Вашингтон хотноо АНУ-д аж төрж буй монголчуудын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөжээ.

М.Энх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)