Нийслэлд “Евро 5” стандартын түлш хэрэглэхийг түлхүү дэмжинэ

Улаанбаатар хотын агаар орчны бохирдлын 10 орчим хувийг автомашинаас гарч буй хорт утаа эзэлдэг гэсэн судалгаа байдаг аж. Тиймээс автомашины ашиглалтаас үүдэлтэй агаар орчны бохирдлыг бууруулах боломж нөхцөлийг тодорхойлох зорилгоор Ерөнхий сайдын ажлын алба, ЗТХЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос “Автотээврийн хэрэгслээс үүдэлтэй агаар орчны бохирдлыг бууруулах нь” хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. 

Тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаар орчны бохирдол нь автомашины эвдрэл гэмтэл, шатахууны чанар, хот төлөвлөлт, хөдөлгөөний аюулгүй байдал зэрэг олон хүчин зүйлээс хамааралтайг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байна. Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт автомашинаас үүдэлтэй агаарын бохирлын эсрэг цогц арга хэмжээ авахаар тусгасан. Үүний хүрээнд утаа ихтэй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх, оронд нь цахилгаан болон хийн түлш бүхий хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг үе шаттайгаар нэвтрүүлэх, ашиглалтаас гарсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг зорилт дэвшүүлсэн. Зорилтыг хэрэгжүүлэхийн тулд нэгдүгээрт, гаднаас импортоор оруулж байгаа тээврийн хэрэгсэлд тусгайлсан бодлого гаргаж хэрэгжүүлнэ. Хоёрдугаарт, дотоодод ашиглаж байгаа тээврийн хэрэгслийн ашиглалтад хяналт зохицуулалт хийж, байгаль орчинд ээлтэй болгож ажиллахаар төлөвлөөд байгааг ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд танилцууллаа.

Монгол Улсын хэмжээнд 900 мянга гаруй автотээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс 50 хувь нь Улаанбаатар хотод байгаа юм. Тиймээс нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахын тулд шатахууны стандартад гол анхаарлаа хандуулах шаардлагатай гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа. Үүнтэй холбогдуулан хэд хэдэн шийдвэрийн төсөл танилцуулсан. Шатахууны чанар агаарын бохирдлыг үүсгэж байгаа нэг эх үүсвэр гэж үзэж байгаа юм. Тиймээс Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт Улаанбаатарт худалдаалж буй шатахууны хэрэглээг евро-5 стандартын шаардлагад нийцүүлэхээр тусгажээ. Үүний хүрээнд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Улаанбаатарт евро5 болон түүнээс дээш стандартын шатахууныг жижиглэнгийн худалдаанд нэвтрүүлэх юм байна. Үүнээс доош стандартын шатахууныг нийслэлд борлуулахгүй байх шийдвэрийн төслийг боловсруулж байгаа аж. Мөн нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобусыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн цахилгаан болон хийн эсвэл евро-5 хөдөлгүүртэй автобусаар парк шинэчлэл хийх, одоо ашиглаж байгаа автобусанд утаа шүүгч тавьж, ашиглалтын хугацаа дуусахад дээрх арга хэмжээг нэвтрүүлэхээр төлөвлөснийг танилцууллаа. Түүнчлэн замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн хяналтыг сайжруулах ажлыг хийх юм. Улаанбаатар хотыг тойрсон Шалган нэвтрүүлэх товчоонд утаа шалгадаг төхөөрөмж байрлуулж, утаа ихтэй тээврийн хэрэгслийг оруулахгүй байх төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Хэлэлцүүлгийн үеэр хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн зүгээс автомашинаас гарч буй хог хаягдал, тос зэргийг ашиглан үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ танилцууллаа. Тухайлбал, 2011 онд байгуулагдсан “Алтан оршихуй групп” компаниас техникийн хаягдал буюу ашигласан тосыг дахин боловсруулж үйлдвэрлэсэн евро-4 стандартын түлшээ танилцуулав. Нийслэлийн Багахангай дүүрэгт байрлах уг компани 2014 оноос түлшийг зах зээлд нийлүүлж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд дөрвөн сая литр техникийн тосыг дахин боловсруулжээ. Энэ нь нийт 280 сая ам метр газрыг хаягдал тосонд бохирдохоос сэргийлсэнтэй тэнцэж байгаа аж. Тус компани цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж, евро-5 түлш үйлдвэрлэх боломжтой хэмээн үзэж байна. “Ресайкл парк” компани Налайх дүүрэгт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Хуучин болон ашиглалтаас гарсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах төсөл”-өө товч танилцууллаа. Уг төслийн хүрээнд хуучин, ашиглалтаас гарсан автомашины өнгөт металл, хөргөгч бодис, дугуй, төмрийг ашиглан сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх, БНСУ руу экспортод гаргах, төмрийн зуух үйлдвэрлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр хуучирсан автомашинаас үүдэлтэй агаар, хөрсний бохирдлыг бууруулахад томоохон түлхэц үзүүлнэ гэдгийг хэлж байлаа.

...Бид сүүлийн үед үнийн асуудалд голлон анхаарч зах зээлийн бус аргаар үнийг тогтвортой барьснаас болж хямд түүхий эд, бүтээгдэхүүн оруулж ирэх явдал бий болсон. Өөрөөр хэлбэл, бодлогын алдаа гаргачихсан гэсэн үг. Тиймээс үүнийг залруулахын тулд түлшний хангамж, чанарт УУХҮЯ-наас гол анхаарлаа хандуулан ажиллаж байна...

ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд “Төрөөс нийслэлд ашиглаж байгаа шатахууны чанарт евро-2 стандартаас доош шатахуун борлуулахгүй, түүнээс дээш стандартын шатахууныг хэрэглэдэг болгох, байгалийн хий, цахилгаан хэрэглэдэг тээврийн хэрэгслийг бодлогоор дэмжих хэрэгтэй. Нийслэлийн хэмжээнд 1200 автобус байдгаас өдөр тутамд 900 орчим нь хөдөлгөөнд оролцдог. Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээнд парк шинэчлэлийг цахилгаан, байгалийн хий эсвэл евро-5 стандартын хөдөлгүүртэй автобусаар хийнэ. Мөн нийслэлийн хэмжээнд 6000 орчим дэлгүүр, рестораны бараа үйлчилгээний түгээлтийн ачааны автомашин бий. Эдгээр автомашин хорт утаа ихээр ялгаруулдаг. Тиймээс ийм автомашинуудад шүүлтүүр тавьж, хөдөлгөөнд оролцуулах бөгөөд өдрийн цагаар явуулахгүй байх зохицуулалт хийхээр ажиллаж байна. Тухайлбал, том оврын ачааны машиныг хотын төвд нэвтрүүлэхгүй байх, нийслэлийн баруун болон зүүн захад ачааны логистик төв байгуулах зэрэг шийдвэрийн төслүүдийг зөвлөгөөнөөс гаргаж, УИХ болон Засгийн газарт хүргүүлнэ гэв.

Энэ үеэр УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбатаас дараах зүйлийг тодрууллаа.

-Евро-5 стандартын түлшийг оруулж ирэхээр үнэ өснө гэсэн үг үү?

-Монгол Улсад жижиглэн борлуулж байгаа евро стандартын экологийн ангилал бүхий шатахууны жижиглэнгийн үнэ 50-100 төгрөгийн ялгаатай байна. Өнгөрсөн оны аравдугаар сард болсон “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийн тогтвротой байдлыг хангах” төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөлийн хуралдаанаар эхний ээлжид экологийн ангиллаас хамааруулан жижиглэн борлуулах үнийг ялгавартай тогтооно гэсэн. Сангийн яам болон УУХҮЯ-наас холбогдох байгууллагуудад эрх зүйн орчинг боловсронгуй болгож, хэрэглэгчдэд очих ачааллыг бууруулах хууль эрх зүйн орчныг бий болгох зөвлөмжийг хүргүүлсэн. Үүний дагуу шатахууны үнийг Онцгой албан татварын хуулиар зохицуулна.

-Татварын ямар бодлогоор зохицуулж, хэзээ бүрэн шилжүүлэх вэ?

-Азийн бусад орны хувьд ихэвчлэн евро 5-6 стандартын түлш хэрэглэж байгаа. Харин Монгол Улсын нийт түлшний хэрэглээний 97 хувийг ОХУ-аас импортолдог. Үүний дийлэнхийг евро-2-4 стандартын түлш эзэлдэг. ОХУ Монгол болон бусад стан орнуудад зориулан Евро2, 3, 4 ангилалын түлш үйлдвэрлэн борлуулж байгаа. Нэгжийнх нь үнэ 25-60 ам.доллараар хямдхан байдаг. Бид сүүлийн үед үнийн асуудалд голлон анхаарч зах зээлийн бус аргаар үнийг тогтвортой барьснаас болж хямд түүхий эд, бүтээгдэхүүн оруулж ирэх явдал бий болсон. Өөрөөр хэлбэл, бодлогын алдаа гаргачихсан гэсэн үг. Тиймээс үүнийг залруулахын тулд түлшний хангамж, чанарт УУХҮЯ-наас гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Улаанбаатар хот болон томоохон суурин газруудад евро5 экологийн ангилал бүхий түлш, дизелийн түлшээс доош ангилалтайг худалдан борлуулахыг хориглох саналыг Засгийн газарт хүргүүлсэн ч хууль эрх зүйн орчноороо хязгаарлагдаад баталж чадаагүй. Хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхийн тулд Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа. Улаанбаатар хот болон бусад томоохон суурин газарт евро5-аас доош стандартын шатахуун борлуулахыг хориглох үүднээс холбогдох хуулиудад өөрчлөлт хийж байгаа. Тухайлбал, евро 2-4 стандартын шатахууны татварын хэмжээг тодорхой хэмжээгээр нэмэх юм. Татварын бодлогоор түлшний үнийг тэнцвэржүүлснээр иргэд автомашины эдэлгээ, эрүүл мэндээ бодож сайн түлш хэрэглэх байх.

-Шатахуун импортлогч компаниудын байр суурийг сонирхсон уу?

-Шатахуун импортлогч компаниуд ч евро-5 импортлох сонирхолтой байгаа юм. Зарим нь тусдаа сав, гаргаад евро-5 стандартын түлш борлуулж байна. Үнийн зөрүү нь Улаанбаатар хотод А92 түлш дунджаар 1830 төгрөг байгаа бол евро-5 стандартын түлш 1900 гаруй төгрөг байна. Энэ хоёр хоёулаа адил юм шиг боловч экологийн ангиллаараа ялгаатай. Евро 2-4 түлшний хүхрийн агууламж 500-2000 ppm байдаг. Харин бусад түлшнээсээ 50-100 төгрөгөөр өндөр үнэтэй байгаа евро-5 стандартын түлшнийх 10 ppm байгаа юм. Энэ хэрээр хорт бодисын агууламж бага байхад автомашины яндангаас гарч байгаа утааны хор тэр хэмжээгээр буурна гэсэн үг.

 

М.Энхцэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)