Кристина Фернандес дахин сонгогдлоо

Өнгөрөгч ням гаригт Аргентины сонгууль болж өнгөрсөн. Сонгуулиар Кристина Фернандес де Киршнер ялж, ерөнхийлөгчийн албанд хоёр дахиа сонгогджээ.Өнгөрөгч ням гаригт Аргентины сонгууль болж өнгөрсөн. Сонгуулиар Кристина Фернандес де Киршнер ялж, ерөнхийлөгчийн албанд хоёр дахиа сонгогджээ. Тэрбээр сонгогчдын 53.9 хувийн санал авсан бөгөөд түүний араас Гермес Баинер 16.9 хувийн санал авсан байна. Олон улсын анхаарлыг хамгийн их татсан зүйл бол эмэгтэй хүн маш өндөр хувийн санал авснаар зогсохгүй 1973 онд Хуан Доминго Перон 62 хувийн санал авч байснаас хойш ийм өндөр саналаар ялсан тохиолдол гарч байгаагүй аж. Түүний дэмжигчид ялалтын баяр тэмдэглэн тус улсын анхны тэргүүн хатагтай агсан Эва Пероны зургийг барьж, улсынхаа тугийг мандуулан Ерөнхийлөгчийн ордны гадаа цугларсан байна.

2007 онд түүнийг төрийн эрхэнд гарснаас хойш тус улсын эдийн засаг жилд дунджаар найман хувьтай өсч, ядуурлын төвшин 20 хувьтай байсныг хоёр дахин бууруулж чадсанаараа дахин сонгогдох үндэс болсон хэмээн ажиглагчид үзэж байна. Мөн сүүлийн дөрвөн жилийн хугацаанд үндэсний мөнгөн тэмдэгтийн ам.доллартай харьцах ханш 8.4 хувиар өсч, Хөрөнгийн биржийн голлох индексүүд 25 хувиар өссөн нь түлхэц болсон аж. Зарим судлаачид түүний сонгууль дахь давуу тал бол сул дорой мэт байдал гэжээ. 2003-2007 оны хооронд Ерөнхийлөгч байсан түүний нөхөр Нестор Киршнер өмнөх онд таалал төгссөн бөгөөд түүний уй гашуу сонгуульд оролцох дүр зураг болсон гэж үзэж байгаа юм.

Тус улсын инфляц 20 хувь даваад буй энэ үед Кристина Фернандес ядуурлыг бууруулахаа амлажээ. Өдгөө 58 настай ерөнхийлөгч Буэнос-Айрес хотноо дэмжигчдийн өмнө хэлсэн үгэндээ "Хэрвээ хоёр жилийн өмнө иргэдээс ийм зүйл болох боломжтой эсэхийг асуусан бол бид галзуу биш гэж хариулах байсан. Гэхдээ би дахин сонгогдлоо. Та бүхэн намайг 40 сая аргентинчуудын амьдралыг дээшлүүлж чадна гэдэгт итгэж болно" гэжээ. 2012 онд тус улсад хүндхэн жил болно хэмээн шинжээчид таамаглаж байгаа. Учир нь дэлхий нийтийн хямралыг дагаад тус улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох шар буурцгийн эрэлт огцом буурах хандлагатай байгаа юм.

Б.Бат-Эрдэнэ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)