Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулна
- 2018-10-01
- Улс төр
- 0
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Ж.Энхбаяр, Б.Энх-Амгалан нар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өнгөрсөн хоёрдугаар сард нэмэлт, өөрчлөлт оруулахад Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг ч өөрчилсөн. Тус хуульд тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг сүүлийн 20 жилийн доторх дараалсан таван жилийг 60 сард хуваан тооцохоор байсныг ирэх оноос зургаан жил буюу 72, 2020 оноос долоон жил буюу 84 сарын цалин хөлсний нийлбэрийн дунджаас тооцохоор болсон байна. Энэхүү өөрчлөлт нь 2019 оноос тэтгэврээ тогтоолгож байгаа алба хаагчдад хохиролтой байгаа аж.
Тухайлбал, ахлагчийн тэтгэвэр нэг сард 30704-33512, офицерийн тэтгэвэр 48787-70081, ахлах офицерийнх 12834-35831 төгрөгөөр тус тус буурахаар болжээ. Дээрх өөрчлөлт нь эдгээр алба хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж төсөл санаачлагчид үзжээ. Тиймээс шинээр өргөн барьсан хуулийн төсөлд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “долоон жилийн цалин хөлсний нийлбэрийг 84-т” гэснийг “таван жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д”, “долоо хүртэл жил” гэснийг “тав хүртэл жил” гэж өөрчлөхөөр тусгажээ.
М.Энх

Сэтгэгдэл (0)