Дүнжингаравын хурд 2012 өндөрлөлөө

XVII жарны “баясгалан” хэмээх усан луу жилийн хаврын тэргүүн сард зохиогдох “Дүнжингаравын хурд 2012” хаврын бүсийн уралдаан уламжлал ёсоор Төв аймгийн Зуунмод хотноо өчигдөр эхэллээ
XVII жарны “баясгалан” хэмээх усан луу жилийн хаврын тэргүүн сард зохиогдох “Дүнжингаравын хурд 2012” хаврын бүсийн уралдаан уламжлал ёсоор Төв аймгийн Зуунмод хотноо өчигдөр эхэллээ. Азарга, их нас, соёолон, эрлийз, гэсэн дөрвөн насны ангилалаар явагдаж буй тус уралдааныг 3 сарын 4-нд зохион байгуулахаар товлож байсан хэдий ч тодорхой шалтгааны улмаас өөрчлөлт оруулсан юм. Эрлийз морьдын дээд нас, азарга, соёолон тус бүр 16, их нас 18 км замд хур сорьлоо. Эхний уралдаан болох эрлийз морьдын дээд насанд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Цэрэнбалтавын хээр азарга түрүүллээ. Харин аман хүзүүнд Өнгөрсөн жилийн “Дүнжингарав”-ын азарганы уралдаанд түрүүлсэн Говь-Алтай аймгийн шарга сумын харьяат Д. Бат-Эрдэнийн халтар ирсэн байна. Айргийн гуравт ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайгийн цахиур халзан хурдалсан бол, дөрөвт Монгол Улсын тод манлай уяач Д.Цэрэнчимэдийн уясан Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат Алтансүхийн зээрд хурдаллаа. Айргийн тавд Архангай аймгийн Их-Тамир сумын харьяат МУ-ын манлай уяач Ц.Ганхуягийн уяж, хурдлуулсан Архангай аймгийн Их-Тамир сумын харьяат Г.Тэмүүлэнгийн зээрд халзан хурдалжээ. Азарганы уралдаанд 234 хурдан азарга уралдсанаас түрүү магнайд Дундговь аймгийн Өлзийт сумын харъяат Б.Наранхүүгийн Наран хээр азарга давхисан бол аман хүзүүнд  Тод манлай уяач Г.Батхүүгийн соёмбон зээрд, гуравт Төв аймгийн уяач Д.Бат-Эрдэнийн ембүү хонгор азарга давхисан байна. Их насны 293 хүлэг уралдсанаас Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Ерөөлтийн хүрэн морь түрүүлэв. Б.Ерөөлтийн зээрд Сүхбаатар угшлийн морь аж. Төв аймгийн харьяат, Монгол Улсын шадар сайд Миеэгомбын Энхболдын хүрэн халзан аман хүзүүнд ирлээ. Архангай аймгийн залуу уяач Дашчирав уясан байна. Айргийн гуравт Монгол улсын алдарт уяач Галын Баттөмөрийн бор хурдаллаа. Өвлийн бүсийн анхны уралдаанд түрүүлж байсан бор морь энэ жил айрагдлаа. 
Айргийн дөрөвт Ховд аймгийн Мянгад сумын харьяат Мэндсайханы халтар морь айрагдлаа. Ц.Цэнд-Аюушийн уяж хурдлуулсан уг хурдан ажнай өнгөрсөн жилийн төрийн их баяр наадамд өнгөлж байгаад наймд давхисан билээ. 
Айргийн тавд Архангай аймгийн Түвшрүүлэх сумын харьяат Цагаанбандийн Буянбаатарын хүрэн морь айрагдлаа. Ц.Буянбаатар 2010 оны төрийн их наадамд хул даагаа айрагдуулж байсан байна. Монголчуудын хамгийн их бэлгэшээдэг соёолон насны морьдын уралдаанд 205 морьд гарааны зурхайгаас хөдөлснөөс Төв аймгийн Жаргалант сумын Б.Батаагийн бор үрээ түрүүллээ. Уяач Сайнзаяагийн уясан уг морь бүсийн наадамд түрүүлж байсан бөгөөд 13 настай н.Лхагвадорж хүү унаж, хурдлуулав. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Базаррагчаагийн бор аман хүзүүнд ирлээ. 
Айргийн гуравт Өмнөговь аймгийн Булган сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Намдагийн Хүрлээгийн хүрэн айрагдлаа. 
Айргийн дөрөвт Монгол Улсын манлай уяач Агваансамдангийн Батсүхийн хул айрагдлаа. Уг хурдан ажнай шүдлэндээ Хэнтий зүүн бүсэд айрагдаж, өнгөрсөн жилийн төрийн их наадамд аравт ирж, Дундговь аймгийн 70 жилийн ойд айрагдсан аж. 
Айргийн тавд Төв аймгийн Баянжаргал сумын харьяат Бат-Очирын Саранхүүгийн хонгор халзан айрагдлаа. Уг хурдан ажнайг Монгол Улсын манлай уяач Дондогийн Оюунбилэг уяж хурдлуулсан байна.

Ч. Батцэцэг
www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)