Польш улсад ажилласан хугацаа, НДШ-ээ нэгтгэн тооцуулах боломж бүрдлээ
- 2018-10-26
- Нийгэм
- 0

Засгийн газраас гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах зорилгоор “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр” байгуулан хэрэгжүүлж ирсэн. Одоогоор ОХУ, БНСУ, БНУУ-тай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулсны үр дүнд ОХУ-д ажилласан хугацаагаа нэгтгэн тооцуулсан 40, БНУУ-д ажилласан хугацаагаа нэгтгэн тооцуулсан 33 иргэн сар тутам өндөр насны тэтгэвэр тогтмол авдаг бол БНСУ-д манай иргэд тэтгэврийн даатгал давхар төлөхгүйгээр ажиллаж байгаа аж. БНПУ-д амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн хүсэлт, хоёр улсын Ерөнхийлөгч нарын хийсэн албан ёсны айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд хоёр орны Засгийн газар хоорондын Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулахаар тохиролцсоны дагуу хэлэлцээрийн төслийн эхний шатны хэлэлцээг 2015 оны 05 дугаар сард Варшав хотноо, хоёрдугаар шатны хэлэлцээг 2016 оны 04 дүгээр сард Улаанбаатар хотноо тус тус хийж, төслийг эцэслэн тохиролцож, тус тусын хууль тогтоомжийн дагуу баталгаажуулахаар тогтжээ. Хэлэлцээр батлагдсанаар БНПУ-д ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа Монгол Улсын иргэдийн тэтгэврийн даатгалын харилцаа нь олон жилээр тасарч ирээдүйд тэтгэвэр авах эрх үүсэхгүй байх, эсвэл бага хэмжээний тэтгэвэр авахад хүрдэг асуудал шийдвэрлэгдэнэ.
Манай улсын иргэдийн БНПУ-д ажилласан хугацааг шимтгэл төлсөн хугацаанд нэгтгэн тооцож, Монгол Улс болон БНПУ-аас өндөр насны тэтгэврээ тогтоолгон авах боломж бүрдсэнээр тухайн хүний ирээдүйн нийгмийн баталгаа сайжирна. Мөн БНПУ-д ажилладаг манай иргэдийн нийгмийн баталгаа хангагдаж, тус улсад байх хугацаандаа тухайн орны иргэний нэгэн адилаар тэтгэвэр, тэтгэмж авах хууль эрх зүйн үндэс бүрдэх юм гэдгийг салбарын сайд онцоллоо. Энэхүү хэлэлцээрээр хоёр улс иргэний шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэврийг хариуцан олгох учир нийгмийн даатгалын сангийн төсөвт аливаа нэмэлт санхүүжилт шаардагдахгүй гэж төсөл санаачлагчид үзжээ.
Гадаад харилцааны яамны Консулын газрын судалгаагаар Бүгд Найрамдах Польш Улсал нийтдээ 940 монгол иргэн ажилаж, амьдарч байна. Польш Улсад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд эрүүл мэндийн даатгалаас гадна нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг ч тус улсын хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгох эрх зүйн боломжгүй байдаг. Энэхүү нийгмийн хамгааллын чиглэлийн хэлэлцээр байгуулсны үр дүнд монгол иргэд өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо Монгол болон Польш улсад ажилласан хугацаа, нийгмийн даатгалын шимтгэлээ нэгтгэн тооцуулах боломж бүрдэнэ гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хариултдаа онцлоод цаашид монгол иргэд олноор ажиллаж амьдарч байгаа Турк, Скандинавын хойгийн орнууд, АНУ –тай нийгмийн хамгааллын чиглэлээр хамтарч ажиллахаар төлөвлөж байна гэв.
Ингээд Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.9 хувь нь дэмжиж баталлаа.
М.Тогтох

Сэтгэгдэл (0)