Хилээр хууль бусаар нэвтрүүлсэн 710.9 сая тѳгрѳгийг улсын орлого болгоно

Өнгөрөгч сарын 12-ны өдөр Буянт-Ухаа “ЧИНГИС ХААН” олон улсын нисэх буудалд Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн, БНХАУ-ын харьяат иргэний тээшээс их хэмжээний валют илэрсэн.

Тус иргэний тээшийг гаалийн бүсийн рентген аппаратаар шалгаж, 248.900 ам.доллар, 200.000 юань улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг тогтоожээ. Дээрх их хэмжээний валют нь монгол мөнгөөр тооцвол 710.9 сая төгрөг болох юм.

БНХАУ-ын иргэн тус их хэмжээний юаньд гаалийн мэдүүлэг бичээгүй, Гаалийн улсын байцаагчид энэ талаар мэдүүлээгүй, үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийж, их хэмжээний валют хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчил гаргажээ. Уг иргэнийг Монгол Улсад нийтээр дагаж мөрдөх хуулийн дагуу Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд тэрхүү 710.9 сая төгрөгийг хураан авч, улсын орлого болгох юм байна.

БНХАУ-ын иргэнийг тухайн их хэмжээний мөнгийг хэрхэн яаж оруулж ирсэн талаар болон юунд зориулах зорилготой байсныг тодруулахаар Гаалийн ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй юм. Хэргийг шалгаж дуусмагц дээрх мөнгийг улсын орлого болгох тухай албаныхан мэдээлэв.

Мѳн дээрх иргэнийг хууль бусаар оруулж ирсэн мөнгөнийх нь 15%-тай тэнцэх хэмжээний мөнгөөр торгохоор болжээ.

Түүнчлэн Гаалийн тухай хуулиар Монгол Улсын хилээр таван саяас дээш төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгийг бэлнээр авч яваа зорчигч үүнийгээ Гаальд заавал мэдүүлэх үүрэг хүлээдэг. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд 15 хүртэл сая төгрөг болон түүнтэй тэнцэх хэмжээний валютыг зорчигч гаальд мэдүүлэх үүрэг хүлээдэг.

Зөрчлийн тухай хуулиар гаальд үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн, татгалзсан, худал мэдүүлсэн бол зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж, хуулийн этгээдийг зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)