Найдвар багассаар байна

Туркт газар хөдлөлт болсноос хойш аврах ажиллагааг тасралтгүй гурван хоног явуулж байна.Туркт газар хөдлөлт болсноос хойш аврах ажиллагааг тасралтгүй гурван хоног явуулж байна. Албаны хүмүүс 279 хүн амиа алдсан хэмээн мэдэгдэж байсан ч өнгөрөгч мягмар гаригт тус улсын Эрүүл мэндийн яамны албанаас олныг цочроосон мэдэгдэл хийлээ.

Эрүүл мэндийн яамны албан тушаалтны мэдэгдсэнээр газар хөдлөлтөөр 459 хүн амиа алдаж, 40 гаруй хүнийг л нуранги доороос авраад байгаа аж. Энэ нь анх хийсэн мэдэгдлээс даруй хоёр дахин их үзүүлэлт билээ. ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар нуранги доор 48-72 цагийн дотор хүн амьд байх магадлал өндөр, аврахад тохиромжтой бөгөөд үүнээс цааш магадлал бараг байхгүй гэж дүгнэсэн юм. Аврах үйл ажиллагаа эрчимтэй явуулсаар байгаа ч үр дүн муу, найдлага ч багассаар байна. Хамгийн сүүлд төрөөд ердөө хоёр долоо хонож буй бяцхан охиныг газар хөдлөлт болсноос 48 цагийн дараа олж аварч чадсан. Мөн 61 цагийн дараа дахин нэг хүн аварчээ. Тэрбээр Эрик хотноо сурахаар ирсэн 18 настай Э.Эрдем гэгч залуу юм. Мөн  67 цагийн дараа 27 настай англи хэлний багш Гоздэ Бахар гэгч нуранги доороос амьд олдсон байна. Аврах мөчид түүний зүрх зогссон ч эмнэлгийн түргэн тусламж амийг нь аварч чаджээ.

Одоо тус улсад олон улсын тусламж нэн хэрэгтэй байгааг албанынхан мэдэгдэв. Гэхдээ Израилиас тусламж авахгүйг мөн мэдэгджээ. Өмнө нь Туркт 1999 онд болсон газар хөдлөлтийн улмаас 18 мянга гаруй хүн нас барж байсан. Тухайн үед ойрхон хугацаанд дараалсан газар хөдлөлт болж байсан нь давтагдах вий гэсэн айдас олныг түгшээж эхэллээ. 12 сая хүн амтай Стамбул хотод газар хөдлөлт болох магадлалтайг ажиглагчид анхааруулсан юм.

Б.Бат
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)