М.Уранцэцэг “Их дуулга” тэмцээнээс хүртсэн медалиараа бүх жүдочдыг тэргүүлжээ
- 2018-11-27
- Нийгэм
- 0

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй “Их дуулга” тэмцээн Японы Осака хотод боллоо. Энэ оны сүүлийн “Их дуулга” тэмцээнд 71 орны 421 жүдоч өрсөлдсөнөөс Монголоос 13 жүдоч оролцож, Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг мөнгө, Ё.Басхүү хүрэл медалийн эзэн болсон юм.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 18 жүдоч барилдсанаас М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, Япон Ёошида Сана, БНСУ-ын Юү Жон Каныг ялж, аваргын төлөө шалгаран үлдсэн. Тэрбээр Японы Фүна Тонакитай барилдаж, 49 секундэд ялагдан мөнгөн медаль хүртлээ. Сонирхолтой нь энэ жинд дөрвөн япон бөх барилдсанаас гурав нь медальд хүрсэн бол БНСУ-ын хоёр бөх шагналт тав, долдугаар байрт оржээ.
“Их дуулга” тэмцээний ээлжит мөнгөн медалиа хүртсэн М.Уранцэцэг нэгэн түүхэн амжилтыг Осакагийн дэвжээнд бичив. Тэрбээр “Их дуулга” тэмцээнээс таван алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлж нийт медалийнхаа тоогоор бүх жүдочдыг тэргүүлж эхэллээ.
Б.Хулан

Сэтгэгдэл (0)