Ким Жон Рэ: Чингис хаан бол гайхамшигтай удирдагч

-Би Чингис хааны талаар анх 1964 онд тавдугаар ангийн хүүхэд байхдаа уншсан. Сурах бичгээс гадна сонирхож уншсан ном маань “Чингис хааны намтар” нэртэй бүтээл байсан юм.
“Монголын үнэн” сонин Солонгосын нэр зохиолч Ким Жон Рэтэй хамтран ажиллахаар боллоо

“Монголын үнэн” сонины урилгаар Монголд зочилж буй БНСУ-ын нэрт сэтгүүлч, зохиолч Ким Жон Рэ өчигдөр манай сонины редакцид зочиллоо. Ким Жон Рэ нь Солонгосын өдөр тутмын “Chosunilbo” сонины сурвалжлагч, нийгмийн албаны дарга, орлогч эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн даргаар олон жил ажилласан туршлагатай сэтгүүлч билээ. Эрхэм зохиолчтой манай сонины хамт олон уулзаж их эзэн Чингис хааны тухай бичсэн “Мянганы жилийн түүхэн хүн” номыг нь олон нийтэд хүргэх зорилгоор оюуны салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав. “Монголын үнэн” эрхэм зохиолчтой хамтран ажилласнаар солонгосчуудыг байлдан дагуулсан их эзэн Чингис хааны тухай номыг уншигч олондоо цувралаар хүргэх боломжтой байгаа юм. Энэ үеэр зохиолч, сэтгүүлч Ким Жон Рэтэй Чингис хааны тухай болон номын талаар товч ярилцлаа.

-Та Чингис хааны тухай олон бүтээл туурвисан хүн. Монголын түүхийг хэдий үеэс судлах болов? 
-Би Чингис хааны талаар анх 1964 онд тавдугаар ангийн хүүхэд байхдаа уншсан. Сурах бичгээс гадна сонирхож уншсан ном маань “Чингис хааны намтар” нэртэй бүтээл байсан юм. Тухайн үед энэ дэлхий дээр ийм гайхамшигтай, сайн хүн байдаг юм байна гэж гайхах сэтгэл төрж байсан. Сэтгэлийн хөдлөл маань тэр чигтээ хадгалагдаж явсаар хүйтэн дайн төгсгөл болох үеэс Чингис хааны талаар сонирхож судалгаа хийх ажилдаа орсон. Дэлхий нийтэд Чингис хаантай холбоотой материал монгол, хятад, япон, франц, герман, англи, араб гэсэн долоон хэл дээр байдаг юм билээ. Эдгээр хэл дээр гарсан бүтээлийг солонгос хэл рүү орчуулснаар нь олж уншаад Чингис хаан гэдэг хүн дэлхийг эзэгнэж чадсан гол хүч нь юунд байв гэдгийг их бодсон. Энэхүү бодол, Чингис хааны гайхамшигт хүчийг бишрэх сэтгэл миний тархинд явсаар ном болж гарсан нь энэ юм. 

-Монголын түүхийг харуулсан хэчнээн бүтээл туурвисан бэ? 
-Монголын тухай найман ном хэвлүүлсэн. Энэхүү бүтээлүүдээс уншигчдад хамгийн их хүрсэн нь “Чингис хаан” ном минь. Энэ ном миний анхны бүтээл. “Чингис хаан” номыг уншсан хүмүүсийн дунд судалгаа явуулахад ихэнх нь компанийн захирлууд байсан. Үүний гол шалтгаан нь би номдоо Чингис хааныг ХХI зууны байр суурин дээрээс харж бичсэн. Мөн баатар талаас нь биш сайн удирдагч гэдэг утгаар нь гаргаж өгсөн. Ном маань 210 мянган хувь хэвлэгдсэн. Мөн “Удирдагч Чингис хаан” нэртэй ном герман хэл дээр хэвлэгдэж тус улсад болсон олон улсын номын үзэсгэлэнд оролцож нийтлэлч, сэтгүүлч хүний бичсэн шилдэг бүтээлийн шагнал авсан. 

-Та манай оронд өмнө нь зочилж байв уу? 
-1999 онд миний ном Монголд орчуулагдаж гарсан. Тухайн үед би номынхоо нээлт оролцох зорилгоор танай сайхан оронд анх хөл тавьж байлаа. Өнөөдөр Монголын ууган сонин намайг урьж хамтран ажиллах болсонд баяртай байна. Цаашид Монголын тухай бүтээл туурвихад улам их урам зориг өгч байгаад баярлаж байгаа. 

-Чингис хааны тухай кино олон байдаг. Чингисийн түүхийг судалсан хүний хувьд тэдгээр киног үзэхэд Танд ямар сэтгэгдэл төрдөг вэ? 
-Өнөөдрийг хүртэл Чингис хааны тухай таван кино дэлхий нийтэд бүтээсэн байна. Америк, Солонгосын хийсэн кино ч бий. Тэдгээр киног үзэхэд гол санаа нь буруу зүйлд төвлөрсөн байдаг. Би өөрөө кино зохиол бичих сонирхолтой. Гэвч цаг зав, боломж гарахгүй байна. Чингис хаан гэхээр л морь унаад уул хадаар давхиад, нум сум харваад дайтаад явдаг хүн биш байсан юм билээ. Хамгийн гол үзүүлэх, хүнд хүргэх юм бол аав нь татарчуудад хорлогдчихоод байдаг нэг агшин. Мөн их айдас, овог аймгаасаа ялгаварлан гадуурхагдаж буй жаахан хүүхэд ирээдүйд чиглэсэн мөрөөдлөөсөө хэзээ ч ухарч няцаж байгаагүй. Өнөөдрийг өчигдрийн үргэлжлэл гэж бодох уу аль эсвэл маргаашийн эхлэл гэж бодох уу гэдгээс шалтгаалан хүний үзэл бодол өөрчлөгдөж эхэлнэ. Тэгэхээр Тэмүүжин өнөөдөр гэдэг бол маргаашийн эхлэл гэж үзэн ирээдүйг чиглэж явсан болохоор юунд ч бууж өгөөгүй. Бас нэг чухал санаа нь эх нэгтэй, эцэг өөртэй Бэгтэрийг алж байгаа явдал. Үүнийг Нууц товчоон дээр ах дүү нар хоорондоо хоол булаацалдан нэгийгээ хөнөөж буй дүр дүрслэлээр гаргасан ч цаад санаа нь хоолны төлөө тэмцэл биш юм. Өөрийн хатан Бөртэг мэргэдэд булаалгасан үзэгдэл. Ямар ч эр хүн эхнэрээ өөр хүнд булаалгачихаад жирэмсэн буцаж ирээд дайсныхаа хүүхдийг төрүүл гэж хэлэхгүй нь тодорхой. Төрүүлчихлээ гэж бодоход өөрийн хүүхэд шиг хүлээж авах чадвар эр хүн болгонд байхгүй. Харин Чингис хаан Зүчийг өөрийн хүү шиг хүлээн авч байгаа нь хамгийн том ухаан юм. Энэ бүх зан чанарыг Жамухатай харьцуулаад үзээрэй. Энэ бүхнээр кино хийвэл сайн уран бүтээл болж чадна. Өнөөдрийн ХХI зуунд бүх юм даяаршиж байна. Энэ үед хүмүүс ямар харилцаатай, уялдаатай байгаа нь тодорхой харагдахаар болжээ. Нэгэнд нь байхгүйг нөгөө нь нөхөж хамтдаа дэвшиж буй өнөөдрийн цагийг Чингис хаан XIII зуунд бий болгож байсан. Энэ бол аугаа удирдагчийн чанар юм.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • "Мянганы жилийн түүхэн хүн" номын зураг байвал илгээнэ үү? (127.0.0.1)

    2020-08-12

    "Мянганы жилийн түүхэн хүн" номын зураг байвал илгээнэ үү?

  • narangoo (202.126.91.192)

    2012-04-05

    ih gy bnaa ulam ih uran bvteel hiigeerei amjilt

  • (202.179.24.58)

    2012-03-12

    oo nice