Техник технологийн шинэчлэл хийхэд туслалцаа үзүүлэхийг Япончуудаас хүслээ
- 2018-12-04
- Нийгэм
- 0

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаокатай уулзаж, охин болон хараат компаниудын үйл ажиллагаа, хэрэгжүүлэхээр зорьж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцууллаа. Энэхүү уулзалтад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Тэргүүн дэд захирал С.Эрдэнэбулган, Хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Батмагнай нар оролцсон юм.
Одоогоос 20 жилийн өмнө буюу 1998 онд Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн нүүрсний уурхайн техник технологийг шинэчлэх төслийг хэрэгжүүлсэн бөгөөд үр дүнд нь “Багануур” ХК жилд дөрвөн сая тонн, “Шивээ-Овоо” ХК жилд хоёр сая тонн нүүрс олборлож төвийн эрчим хүчний системд ажиллах буй ДЦС-уудын хэрэгцээг хангаж байгааг П.Ганхүү захирал уулзалтын эхэнд онцлов.
Улаанбаатар хотын хүн амын тоо өдөр ирэх тутам өсөн нэмэгдэж, үүнийг дагаад эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байна. Иймд Улаанбаатарчуудын хэрэгцээг бүрэн хангах нүүрсний нөөцтэй Багануур болон Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Элчин сайдад дуулгаж, техник технологийн шинэчлэл хийхэд туслалцаа үзүүлэхийг хүслээ. Мөн боловсон хүчнийг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

Сэтгэгдэл (0)