“Буянт Ухаа 2” хороололд барьж буй орон сууцны барилгын ажлын явцтай танилцлаа

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооныхон өнөөдөр “Буянт Ухаа 2” хороололд барьж буй түрээсийн орон сууцны барилгын ажлын явцтай танилцлаа. 

Тус байнгын хороонд 700 гаруй иргэдээс  “Түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах журам” нь өндөр босготой, сонгон шалгаруулалтын ажил нь зорилтот бүлэгтээ хүрдэггүй. Мөн түрээсийн орон сууцны талаар  мэдээлэл хомс, хүнд суртал их байдаг талаар гомдлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм. 

Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд 2018 оны аравдугаар сард багтаан дөрвөн аймаг болон Улаанбаатар хотод нийт 1562 айлын орон сууцыг барьж дуусган ашиглалтад оруулна гэж байсан ч өнөөдрийг хүртэл бодит ажил болгож чадаагүй байна. 

Тиймээс Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг тэргүүтэй тус байнгын хорооны ажлын албаныхан “Буянт Ухаа 2” хороололд барьж буй 972 айлын түрээсийн орон сууцны барилгын ажлын явцтай танилцан, холбогдох албаныхнаас мэдээлэл авлаа.

Барилга, хот байгуулалтын яамны ТНБД С.Магнайсүрэн мэдээлэлдээ 972 айлын орон сууцыг Хөгжлийн банкны санхүүжилтээр ирэх оны нэгдүгээр сард багтаан ашиглалтад оруулахаар зорилт тавин ажиллаж байгааг хэллээ.  Тэрбээр мөн ''972 айлын орон сууцны хэдэн хувийг түрээсийн орон сууцны санд шилжүүлж, хэдэн хувийг зах зээлд шууд худалдаанд гаргах талаар эцэслэн шийдээгүй, маргааш Засгийн газрын хуралдаанд санал оруулж танилцуулан, шийдвэр гаргана” гэв.

“Буянт Ухаа 2” хорооллын 972 орон сууц нь 2-3 өрөө байр бөгөөд урд өмнөх ашиглалтад оруулсан түрээсийн орон сууцанд хүүхдийн тоглоомын талбай, граж, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, СӨХ-ны үйлчилгээ зэргийг цогцоор нь төлөвлөхгүйгээр барьсан санал, гомдол иргэдээс гаргасантай холбогдуулан УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос энэ алдааг давтахгүй байх шаардлага тавьж ажилласны үр дүнд орчны дэд бүтэц, тохижилт, сургууль, цэцэрлэгийг энэ удаад цогцоор шийдсэн байна.

Буянт Ухаа 2” хороололд ийнхүү ажилласныхаа дараа Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлсэн үгэндээ, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэл, Хөгжлийн банк зэрэг холбогдох байгууллагууд хамтран, нэг зүгт харж ажилласнаар Буянт Ухаа 2” хорооллын 972 орон сууцыг ашиглалтад оруулахад бэлэн болсон болон цаашид хувийн хэвшлийг энэ ажилд татан оролцуулах боломж нөхцөл бүрдсэн  байгааг онцлон тэмдэглэлээ. Цаашид энэ амжилтаа бататгаж ажиллахыг тэрээр  захиж байлаа .

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)