Улстөрөөс илүү NBA-гийн тоглолт сонирхолтой санагддаг

Нью-Йоркийн Бруклин дүүрэгт 1969 онд нэгэн хүү мэндэлсэн нь ирээдүйд дэлхийн хөгжмийн ертөнцөд од болон гялалзах Шон Корей Картер буюу “Jay-Z” байх юм гэж хэн ч төсөөлсөнгүй.Нью-Йоркийн Бруклин дүүрэгт 1969 онд нэгэн хүү мэндэлсэн нь ирээдүйд дэлхийн хөгжмийн ертөнцөд од болон гялалзах Шон Корей Картер буюу “Jay-Z” байх юм гэж хэн ч төсөөлсөнгүй. 2010 онд 450 сая ам.долларын ашиг олж, “Grammy”-ийн 10 шагнал хүртэж, цомог нь 50 сая хувь борлогдсоноороо хамгийн амжилттай уран бүтээлчээр тодорсон юм. Тэрбээр “The 40/40 club” сүлжээ спорт клуб, NBA-гийн “Нью Жерси Нэтс” баг, “Rocawear” брэнд болон “Def Jam Records”-ийн эзэн юм. Дэлхийн хөгжмийн урлагт төдийгүй бизнесийн ертөнцөд амжилтын эзэн болж яваа “Jay-Z” Америкийн нэгэн нэрт сэтгүүлчтэй ярилцсаныг танд хүргэж байна.

-Та түүхэн дэх хамгийн хит дуу болох “Empire State of Mind”-ийг гаргасан. Өнөөдөр таны уран бүтээлийг худалдаж буй дэлгүүрүүдэд “дайн”-аас наахнуур юм болж байх шиг. Та энэ талаар юу гэж бодож байна?
-Энэ бол зүгээр л гамшиг. Ирээдүйд юу болохыг бид мэдэж чадахгүй шүү дээ. “Хүсвэл хясна” гэдэг шиг ямар нэгэн байдлаар бүх зүйл өөрчлөгддөг. Анх дуу хөгжмийн дижитал хэлбэрийн буюу цахим дэлгүүр “Napster” үйл ажиллагаагаа явуулж эхлэхэд уран бүтээлчид эгдүүцэж байсан. Харин өнөөдрийг хүртэл бид уран бүтээлээ цомог болгох уу, цахим хэлбэрээр худалдаалах уу гэдгээ шийдэж чадаагүй л байна.

-Энэ бүхнийг хүмүүсийн хөгжим сонсох дур хүсэл, тэр тусмаа Таны фэнүүдийн “галзуурал”-тай холбон тайлбарлаж болох уу?
-Миний бодлоор дур хүсэл бол асуудал биш. Өнөөдрийн дуу хөгжим бүх үеийн түүхэн дэх хэрэглээнийхээ хамгийн дээд цэгтээ хүрсэн гэж ойлгодог. Харин хөгжим үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, мөнгө олох арга зам нь хэтэрхий том зах зээлийг хамарч байгаад учир нь байгаа юм. Урьд нь бид хөгжмийг барьж, харж, эргүүлж тойруулж үзэж чаддаг байсан бол өнөөдөр хөгжим тэнгэрийн од мэт хол зайтай болчихож.

-Таны уран бүтээлийг сонсч байхад “бүх үеийн түүхэн дэх” гэж хэлэх дуртай санагдсан. Үргэлж энэ үгийг хэрэглэдэг үү?
-Цаг ямагт хэлдэг ганц үг минь юм. Бидний өдөр тутам хэрэглэдэг үгсийг дууны үгэндээ оруулснаар  хүмүүст ойр санагдах болов уу гэж боддог. Нэрт дуучин Раким 1988 онд “Хөмрөх” гэдэг хүмүүсийн хэрэглэдэггүй байсан үгийг өдөр тутмын үг болголоо” гэж дурдсан байдаг. Энэ талаар л би яриад байгаа юм шүү дээ. Хэрэв надад зав гарвал алдартай хүмүүсийн ярилцлагыг унших дуртай. Тэдний амбиц харагддаг юм.

-Та урьд нь домогт рэппэр Notorious B.I.Gтай хамтарч байсан. Түүнээс их зүйл сурсан биз?
- Мэдээж тодорхой хэмжээгээр надад нөлөөлсөн. Гэхдээ орчин үеийн хөгжмийн ертөнцөд хамтран ажиллахгүйгээр амжилтад хүрэх нь ховор болсон. 10, 20 жилийн өмнө ганцаараа уран бүтээл туурвиж амжилт олох боломжтой байсан. Харин өнөөдрийн хөгжмийн ертөнц,  хөгжим сонирхогчид биднээс илүү даяарчлагдсан зүйл хүсдэг болсон нь мэдрэгдэж байна.

-Та рок, поп хөгжим сонсдог уу?
-Сонсолгүй яахав. Хөгжим бол хөгжим. Би хип хоп дуучин болохоор бусад хөгжмийн урсгалыг сонсдоггүй, хүлээж авдаггүй гэж бусад хүмүүс шиг худлаа ярихгүй. Цаашилбал хип хоп, рок, поп гэж хувааж, ялгаж сонсдог хүмүүсийг би ер ойлгодоггүй. Тэднийг нэг үгээр хэлбэл “хөгжмийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхагчид” гэж боддог.

-Та өнөөдрийн амжилтад хүргэсэн нууцаасаа хуваалцаач?
-Миний бодлоор айдас маань намайг ийм амжилтад хүргэсэн байх. Амжилтад хүрсэн хүмүүсийг илүү том айдас дагаж явдаг. Учир нь амжилтад хүрэхийн тулд хөлс хүчээ дуслуулан байж хүрсэн болохоор тэр бүхнээ өөр хэн нэгэнд алдчих вий гэж айдаг. Тэр бүх үнэт зүйлсээ алдчихгүйн төлөө илүү чанартай, шинэлэг зүйлс хийх эрэлд гардаг. Тийм болохоор л миний сүүлийн “Blueprint-3” цомог хамгийн их эрч хүч, хүчин чармайлт шаардсан гэж боддог. Гэхдээ өмнөх цомгууддаа ч хүчин чармайлт гаргасан л даа. Ер нь ямарваа нэгэн уран бүтээлийг би сэтгэл зүрхнээсээ хийдэг.

-Ерөнхийлөгч асан Билл Клинтонтой оройн зоог барьсны дараа “Ерөнхийлөгч миний хөгжмийн талаар надтай ярилцаж байгааг бодоход ертөнц өөрчлөгджээ” гэж хэлж байсан. Барак Обама хүртэл Тантай уулзсан гэсэн. АНУ-ын хоёр Ерөнхийлөгч Таны уран бүтээлийг ойлгож, дэмждэг байх ямар санагдаж байна?
-Би хип хоп урлагт насаараа бол Роллинг Стоунс хамтлагийн хэмжээнд хүрээд байна. Заримдаа энэ урлагт ийм олон жил оршин тогтнож байгаагаараа бахархдаг. Харин үүнийг минь улам баталж өгсөн хоёр Ерөнхийлөгчдөө баярлаж явдгаа хэлэх нь зүйтэй. Миний хувьд Обаматай гольф тоглож, Клинтонтой оройн зоог барих бол нэр төрийн хэрэг. Бас амьдралд ховор олдох завшаан. Гудамжны нэг рэппэр залуу хип хоп урлагаар дагнаж ажилласны үр дүнд Ерөнхийлөгчидтэй нүүр тулж, тэдний сэтгэгдлийг сонсоно гэж хэн бодох юм. АНУ-ын хоёр ч Ерөнхийлөгчтэй уулзсаны дараа хүмүүс намайг улстөрд орох нь уу даа гэж бодсон байх. Надад улстөрөөс илүү NBA-гийн тоглолт сонирхолтой санагддаг.

-Юм бүхэн өөрчлөгддөгийн адилаар хип хоп урлаг ч гэсэн хувьсч байна. Гэхдээ энэ урлаг ичгүүр сонжуургүй маркетинг тал уруугаа хувьсч байгаа юм болов уу гэсэн харамсал төрдөг?
-Аливаа зүйлд алдаа оноо гэж байдаг. Анх хип хоп урлаг сэтгүүлчдийн олж харж чадаагүй, нийгмийн болж бүтэхгүй байгаа зүйлийг шүүмжилдэг иргэний дуу хоолой байсан. Одоо амьдралын тансаг хэв маягт уриалан дуудсан тал уруу хувьсч байгаа нь өөрийн чинь яриад байгаа буруу зүйл биш.

-Залуу хип хопчдын талаархи Таны бодол. Сүүлийн үед Таны зүг “довтолсон” дуунууд их гарах боллоо?
-Ямарваа нэгэн хүн өөрийн бурууг бусдад чихдэг нь хамгийн муухай чанар гэж боддог. Эсвэл өрөөлийн хүчээр хүрсэн амжилтыг өөрийн болгох гэж зүтгэдэг хүмүүс хэн нэгэн рүү дайрч, “довтолдог” байх л даа. Намайг сайн хүн гэж боддог нэг хэсэг байхад, муу хүн гэж боддог нөгөө хэсэг нь байдаг. Би заавал хэн нэгэн “мангар бацаан”-д таалагдах албагүй. Тэд өөрсдийнхөө жамаар, би өөрийнхөө жамаар л гэлдэрч байвал боллоо.

-Уучлаарай жаахан таагүй асуулт асуучих шиг боллоо. 10 удаа “Grammy”-ийн шагнал хүртсэн. Дахиад авах бодол байдаг уу?
-Би амьдарч, уран бүтээлээ туурвиж л байвал ямар шагнал, яаж авах нь надад хамаагүй. Би бусад шиг шагнал авах гэж уран бүтээл хийдэггүй. Миний сонсогчид миний шагнал. Тэгээд л гүйцээ.

Р.Оюунгоо
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)