Аавуудын группийг үүсгэн байгуулагч Т.Цэнд-Аюуш: Би хүүхдүүддээ хөрөнгө мөнгө үлдээхээс илүү хүнийг хайрлах сэтгэл өвлүүлж үлдээнэ

Хүмүүний амьдралын утга учир болсон хүүхдээ өлгийдөн авч, аав гэх алдар зүүх дахин давтагдашгүй сайхан мэдрэмж. Уулыг өргөх хүчтэй мөртлөө улаан нялзрай үрээ харчихаад уйлж, уярдаг аавууд ч бий.  "Ааваа, ааваа" гэж алдрай үр нь дуудахад хайр гэрэлтсэн харцаар харж, хамгаас чанга тэвэрдэг аавтай амьдрал аз жаргалаар дүүрэн байдаг. "Би 3,200 грамм охинтой боллоо. Аав боллоо. Амьдрал сайхан байна" гэх гэгээлэг мэдээллээр өглөөг угтдаг нэг сайхан групп фэйсбүүкт байдаг. Хань, үр хүүхдээ хайр халамжаар дутаахгүй хариуцлагаа сайн ухамсарлах зорилготой байгуулагдсан аавуудын групп өдгөө 67000 гишүүнтэй. "Хүүхдээ яаж унтуулах вэ. Живхийн хэр удаж солих уу. Эхнэртээ бэлэг авч өгөх гэсэн юм. Гоё загварлаг цүнх санал болгооч" зэрэг хөөрхөн хөгжилтэй пост хийж бие биенээсээ зөвлөгөө авдаг группийн залуус нийгэмд сайн сайхан олон зүйлийг хийхээр зорьж байгаа гэнэ.

 

Тэд сэтгэл, зүрхээ нэгтгээд хамтдаа олон сайхан зүйлийг хийсэн. Тухайлбал, өрх толгойлсон олон хүүхэдтэй эмэгтэйд хашаа барьж, хүүхдүүдэд нь хичээлийн хэрэглэл бэлэглэж, мөн хүнд өвчтэй хүүхдэд эмчилгээний зардлын хандивын аян зохион байгуулж олж өгчээ. Хамгийн сүүлд ард түмний сэтгэл дэмээр хоёр өрөө байртай болсон   Д.Батмөнх гуайн   хүүхдүүдэд хадгаламжын данс нээж өгсөн байдаг. Хүний хүүхдийг ч харж, хамгаалж хайрладаг аавуудын групп төрөх эмнэлгийн орыг шинэчилхээр хандивын аяныг эхлүүлээд байна. Энэ талаар тус группийг үүсгэн байгуулагч Т.Цэнд-Аюушаас цөөн асуултад хариулт авлаа.


-"Аавуудын групп" -ийг хэзээ нээв. Одоогоор хэчнээн гишүүнтэй вэ?
   -Би төслийн ажлаар хөдөө  их явдаг байсан. Нэг удаа явчихаад ирэхэд телевизрээр "Сайхан бүсгүй" группийн бүсгүйчүүд 50 сая төгрөг цуглуулж, хүүхдийн цэцэрлэг барьж, хүлээлгэн өгсөн талаар мэдээ гарч байсан. Үзээд үнэхээр их бахархсан. Тэгээд  бодсон л доо. Нийгэмд тулгамдсан асуудлыг  яагаад заавал эмэгтэйчүүд, ээжүүд шийдэх ёстой юм бэ, үр хүүхдийнхээ төлөө аавууд хамтраад ирээдүйн сайн сайхныхан төлөө яагаад нэгдэж болдоггүй юм бэ гэж бодоод "Аавуудын группийг өнгөрсөн жилийн 11 сард нээсэн. Нээсэн даруйдаа хэрхэн яаж ажлуулах талаар төдийлөн сайн мэддэггүй байлаа. Тэгээд нэг үе групптээ анхаарал хандуулж, чадаагүй хаячихсан. Гэтэл  5 сард гэнэт аавууд  намайг группт сэтгэгдэл бичиж, шүүмжилж эхэллээ. "Аавуудын групп биш зарынх юм байна. Эмэгтэй хүмүүс хүртэл байна" гээд л бичээд байв. Тэгтэл групп маань 78000 гишүүнтэй болчихсон байсан. Тэр үед одоо яг группийнхээ үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн. Бүх эмэгтэйчүүдийг хасаад 67000 аав үлдсэн дээ. 

-Аавуудын группийн уриа юу вэ?
 -Нийгмийн сайн сайхны төлөө аавууд 

-Группийн үйл ажиллагаа жигдрээд нэлээд хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд чухам ямар ажлыг хийсэн бэ?

-Манай групп нийгэм болон гишүүдрүүгээ чиглэсэн ажлыг хийдэг. Нийгэм рүү чиглэсэн ажлаас дурьдвал сайн үйлсийн аянг хэд хэдэн удаа зохион байгууллаа. Тухайлбал, "Нэг аав нэг мянга" аянг групп дотроо өрнүүлж, Учрал охиныг Солонгос улсад эмчлүүлэх зардалд мөнгөн тусламж үзүүлсэн. Мөн өрх толгойлсон Өнөржаргал эмэгтэйн хашааг очиж янзалж, барьж өгч байлаа. Ард түмний сэтгэлийн дэмээр өөрийн гэсэн байртай болсон Батмөнх гуайн хүүхдүүдэд 6 сая төгрөгийн  хадгаламжыг нээж өгсөн. 
-Батмөнх гуайн хүүхдүүдэд хадгаламж нээж өгөхөд хэчнээн аав зүрх сэтгэлээ нэгтгэж хандивын аянд оролцсон бэ?
-Маш олон аав оролцож, хандив өгсөн. Хоёр хоногийн хугацаанд цугларсан мөнгө. Аавууд их идэвхтэй оролцсон. Төдөн аав хандив өгсөн гэх нарийвчилсан тоог одоохондоо гаргаагүй байна. Гэхдээ аавууд бусдын үр хүүхдийг хүртэл хайрлаж, хандивын аянд идэвхтэй оролцсонд баяртай байна. 
-Хадгаламж нээсэн нь хамгийн зөв гарц байсан байх. Хадгаламж нээх санааг та гаргасан уу?
-Тайван сайхан амьдрах байрыг нь монголын ард түмэн аваад өгчихсөн. Тэгэхээр хүүхдүүдийн ирээдүйд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай. Хүүхдүүд мэдээж өсч том болно. Сургууль соёлд суралцана. Тэгэхээр их сургуульд суралцах сургалтын төлбөр хэрэгтэй гэж бодоод хадгаламж нээлгэж өгсөн юм. Ер нь бол дөрвөн хүүхдийн ирээдүйг харж ийм сонголт хийсэн. 
-Та хэдэн хүүхэдтэй вэ. Өөрийгөө хэр сайн аав гэж бодож байна?
-Би хүүхдүүддээ хөрөнгө мөнгө үлдээхээс илүү хүнийг хайрлах сэтгэл өвлүүлж үлдээе гэж боддог юм. Хүүхдүүддээ зорилготой зөв амьдарсан түүхээ үлдээхийг зорьж яваа аав хүн. Одоогоор хоёр хүүхэдтэй. Удахгүй шинэ хүнээ хүлээж авна. Хэр сайн аав гэдгийг хань хүүхдүүд минь дүгнэх бхаа. Өөрийнхөө хэмжээнд бол хариуцлагтай сайн аав л гэж боддог. 
-Таны бодлоор аав хүн ямар байх ёстой вэ. Сайны хажуугаар саар гэгчээр нийгэмд аав хүний хийж болохгүй харамсалтай хэрэг их гардаг боллоо?
- Би аавуудыг өнөөдрийг биш маргаашийг харж амьдараасай л гэж боддог.  Хүүхдээ хайр халамжаар дутаахгүй холч ухаантай байгаасаа л гэж хэлмээр санагддаг юм. Надаас дараа үе нь хүмүүжинэ шүү дээ. Тэгэхээр эхлээд өөрөө эерэг бодолтой, хүнд тустай, зөв амьдрах хэрэгтэй. Хүүхдийн толь эцэг эхчүүд бид өөрсдөө. Таниас үлгэр жишээ авдаг болохоор та өөрөө л зөв хүн байх ёстой. Өнөөдөр Улаанбаатар хотын гудамжаар миний охин алхаж явахад хэн нэгэн залуу гарч ирээд цохиод унагачих нийгэмд бид амьдарч байна. Хүүхдүүд ааваа "Багшаа ногоон гэрэл, цагаан шугамаар гар гэсэн" гэхэд яараад байна гээд зам хөндлөн чирээд гардаг нийгэмд амьдарч байна. Яагаад залуучууд бид энэ мэтийн буруу хандлагыг өөрчилж болохгүй гэж.  Та өөрөө л зөв байвал хүүхдийн чинь ирээдүй гэрэл гэгээтэй байна шүү дээ. 
"Аавуудын групп"-ийнхэн төрөх эмнэлгийн орыг шинэчилж өгөх гэж байгаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Төрөх эмнэлгийн орны талаарх сэдэв нийгэмд нэлээд яригддаг. Гэтэл саяхан "Жирэмсэн эхчүүдийн групп"-ийнхэн "Аавуудын групп төрөх эмнэлгийн орыг шинэчлээд өгөөсөй гэсэн пост хийж, доор нь олон эмэгтэйчүүд сэтгэгдэл бичсэн гэсэн. Тэр пост нь скрээншотоор манай группт тавигдсан л даа. Тэгээд аавууд хоорондоо санал бодлоо солилцож, ажлын хэсэг байгуулж,  судалгаа хийжсний  үндсэн дээр хандивын аян өрнүүлж эхэлсэн байгаа.  
- Нэг ор хэдэн төгрөгийн үнэтэй вэ? 
-Төрөх орыг Гярман, Солонгос, Хятадаас оруулж ирдэг. Үнэ нь ч харилцан адилгүй. Нэг ор л гэхэд 5-50 сая төгрөгийн үнэлгээтэй байна лээ. Ухаалаг удирдлагатай нь их үнэтэй байсан.  Группийнхэн маань аль болох хамгийн сайн чанартай орноос нь авч өгөхийг зорьж байна. Яагаад гэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүн ч төрж болохоор сүүлийн үеийн дэвшилтэт технолгиор бүтсэн ор хэрэгтэй. Аян маань хэр далайцтай болохоос шалтгаалж хэчнээн ор авч өгөхөө шийднэ дээ. Эхний ээлжинд хоёр ор авч өгнө гээд төлөвлөчихсөн байгаа. 
Аавууд аянд хэр идэвхтэй оролцож байна вэ?
-Маш идэвхтэй оролцож байсан.  Гэхдээ харамсалтай нь саяхан ЭХЭМҮТ-ийн захирал Энхтөр мэдээлэл хийхдээ "Манай эмнэлэгт ор хэрэггүй" гэх утга бүхий мэдэгдэл хийлээ. Түүнээс шалтгаалаад аянын үйл ажиллагаа саарчихсан.  Надад бол үнэхээр харамсалтай байна. Аавууд атгасан гар шиг нэгдэж нийлээд эхчүүдийг эсэн мэнд амаржуулах гээд аян зохиож байхад цаг үеэ олоогүй мэдээлэл хийсэн. 
Олон төрөх эмнэлэг байгаа. Яагаад ЭХЭМҮТ-ийг сонгосон юм бэ?
-ЭХЭМҮТ бол их ачаалалтай ажилладаг.  Тиймээс бид туслахыг л зорьсон. Нэг ч гэсэн эмэгтэй эсэн мэнд амаржиж, нэг ч гэсэн хүүхэд эрүүл энх төрөөөсөй л гэж бодсондоо ЭХЭМҮТ-ийг сонгосон юм. Гэхдээ тэр мэдэгдэл хийсэн захирал нь зөвхөн өөрийнхөө нэр нүүр, арьсаа хамгаалахын тулд ийм мэдээлэл нийгэмд цацсан. Тэр хүн мянга, мянган эхчүүдийг бодсон бол ийм үйлдэл гаргахгүй байлаа. Гэхдээ аавууд төрөх эмнэлгүүдийн орыг шинэчлэнэ гэснээрээ шинэчлэх л болно. Манай группийн эмч аав нар хоёрдугаар төрөх эмнэлгийнхэнтэй холбогдож, ор өгөх талаар хэлсэн гэсэн. Маш баяртай хүлээж авч "Төрөх ороо сольж чадахгүй их удаж байна" гэсэн  байна лээ. Тэгэхээр эхний ээлжинд хоёрдугаар төрхийн орыг шинэчилхээр болсон. 

Б.Зулсар 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)