МАН-ын бага хуралд хэн юу хэлэв
- 2018-12-20
- Улс төр
- 2

Тусгаар тогтнолын ордонд өчигдөр 11.00 цагт эхэлсэн МАН-ын 28 дугаар бага хуралдааны үеэр МАН-ын удирдлагууд болон Бага хурлын гишүүд өнөөгийн улс төрийн нөхцөл байдал болон намын шинэчлэлийн талаар үг хэлснийг тоймлон хүргэж байна.
Нийслэлийн Засаг дарга асан С.Батболд: ЖДҮХС-гаас зээл авсан бүх хүн хариуцлагаа хүлээх ёстой. “Би биш манай ах, дүү, хамаатан садан авсан” гэх тайлбар хийхээ болих хэрэгтэй. Өнөөдөр зөвхөн УИХ-ын даргын асуудал биш МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас эхлээд бүх хүний хариуцлагын асуудлыг хөндөх нь зөв.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: МАН дотоод зөрчлөө шийдвэрлэх сүүлийн боломж өнөөдрийн хурал байж магадгүй. Тиймээс Бага хурлын цагийг сунгаад ч хамаагүй тодорхой шийдвэр гаргах хэрэгтэй. Өнөөдөр бид намын шинэчлэлттэй холбоотой асуудлаа шийдэж чадахгүй бол маргааш ард түмэн үнэлт, дүгнэлтээ өгөх болно.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: 2012-2016 онд Засгийн газрын гаргасан бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Цэвэр агаар сан, АСЕМ зохион байгуулах хөрөнгийг олон тэрбумаар нь зүй бусаар ашигласан асуудал одоог хүртэл шийдэгдэхгүй байна. Одоо ЖДҮХС-гийн асуудал нэмэгдлээ. Энэ зээлийг авсан хүмүүс зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхийг нарийвчлан шалгаж, хариуцлага тооцох хэрэгтэй. Мөн үүний цаана “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг Стандарт банкинд барьцаалсан асуудал ч бий. Бид өнөөдөр энэ бүх асуудлыг шийдвэрлэх шударга ёсыг тогтоох хэрэгтэй.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: Олон жил намдаа зүтгэлээ. Одоо бидэнд 60 тэрбумын асуудал байна. Ц.Сандуй, А.Ганбаатар хоёр Энхболдод схемээ танилцуулж, М.Энхболд асууж тодруулсан нь үнэн.
2016 онд Ч.Сайханбилэг алдаа гаргаагүй бол бид хэцүү байдалд хүрэх байсан. Харин үүний дараа Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболд ард түмнээс санал авч чадаагүй шалтгааны нэг нь цагаан сарын золголт, нөгөө нь 60 тэрбумын асуудал. Тэр үед л ёс зүйгээ дагаад явцгаа гэж би хэлж байсан. Ер нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа байтугай 2020 оны сонгуулиар ч 60 тэрбумын асуудал намжихгүй байх.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг дахиж тавьсан. Энэ асуудлыг тойрч намын удирдах зөвлөлийн гишүүд нэлээдгүй их ярьлаа. Би намын даргын хувьд намын том эв нэгдэл байна их хурлын гишүүдийн санаа бодол байна, аль алиныг нь хүндэтгэж үзээд бүр болохгүй бол хоёулаа хамтдаа ажлаа өгье гэж хэлж үзлээ.
Та Их хурлын даргын ажлаа өгчих, би Ерөнхий сайдынхаа ажлаа өгье. Төрийн эрх барих дээд байгууллага нь үйл ажиллагаагаа явуулаг, намын дотоод эв нэгдэл хадгалагдаж үлдэг, 37:27 болоод байгаа их хурлын гишүүд нь сэтгэл нь амраг, хоорондоо эв эеийг олоод явбал яасан юм бэ гэдэг асуудлыг Их хурлын даргад тавьсан.
Б.Заяа

Сэтгэгдэл (2)
(202.179.27.70)
Хятад гаралтай хүмүүс Монгол төрийн хойморьт байх ёсгүй, Тэр тусмаа нийслэлийн газрыг зарж баяжсан, газрын хэвлийн баялгийг ард иргэдээс хулгайлсан Элбэгдорж мэтийн луйварчид там руугаа томилбол таарна. Энхболд бүүр улайрчихсан байна. Тэр Хятадаас л санхүүжилт авч сонгуульд ялдгийг бүгд мэднэ шүү дээ.
Зочин (112.72.15.78)
Нямдорж ёстой нохойтож байна даа.Ханилж яваад нөхрөө гэдэг. Баттулгатай үзээд байдаг яасан одоо бүр нийлчихсэн Жинхэнэ чоно нохой 2 нийлсэн бмш үү. Хэлсэн үгийг нь хар даа. Сайддаа хоргодоод цааш нь санаархаад байна даа ..Юманд хязгаар гэж бий дээ. Сандуй, Ганбаатар 2 хэнээс аваад хэнд танилцуусангы та бүр дээр үед мэдэж байгаа даа. Одоо л Хүрэлсүх та 2 үхэр буугаа тавьж байгаа болохоос ???????????????