Иргэд сайжруулсан түлшийг илчлэг ихтэй сайн түлш гэв

Монгол Улсын Засгийн газраас Эрдэнэс Тавантолгой компаний дэргэд хагас коксжсон нүүрс ашиглан шахмал түлш үйлдвэрлэх “Тавантолгой түлш” ХХК байгуулсан. Энэ шахмал түлшний үйлдвэр саяхан Толгойтод нээлтээ хийж, үйлдвэрлэлээ эхлээд удаагүй байна. Мөн өмнө нь Дулааны Хоёрдугаар цахилгаан станцыг түшиглэж бариад ашиглаж чадаагүй үйлдвэрт парк шинэчлэл хийж ашиглалтанд оруулжээ. Одоогоор  Улаанбаатар хотын айл өрх, аж ахуйн нэгжийг шахмал түлшээр хангах төрийн өмчит хоёр үйлдвэр ажиллаж эхэлсэн байна.  

Тэд үйлдвэрлэсэн шахмал түлшээ, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны иргэдэд өнгөрсөн долоо хоногт туршилтаар худалдаалжээ.  Шахмал түлшний худалдан авалт ямар байгааг сурвалжилхаар  Сонгинохайрхан дүүргийн XXVII  буюу Баянхошууны Хөтөл буудалд байрлах нүүрс борлуулах цэгт  очлоо. “Тавантолгой түлш” компанийнхан ажлын өдрүүдэд тус нүүрс борлуулах цэгт сайжруулсан шахмал түлшээ түгээдэг  байна. Нүүрс борлуулах цэгийн борлуулалтын ажилтан Л.Ганболд “Компаниас түгээлт ирээгүй байна.  Үдээс хойш ирэх байх. Шахмал түлш чинь ирсэн үү гээд олон хүн асууж байна” гэсээр биднийг угтсан юм. Тэрээр “Манай цэгт туршилтаар борлуулж байна. Хүрэлцээ муутай байна гэх гомдол иргэдээс их ирсэн. Өдөрт 5-10 гаруй тонн ирээд цаг гаруйн хугацаанд борлуулаад дуусчихдаг. Нэг айлд дөрвөн шуудай гэх зэргээр хуваарилалт гаргаж худалдаалж байгаа. Тэгэхгүй бол иргэдийн хувьд санал гомдол их ирүүлдэг юм” хэмээв. Биднийг ийн ярилцах зуур “шахмал түлш ирсэн үү” гэх машинтай болон усны тэрэг түрсэн хэдэн иргэн явж байлаа. Тэднээс шахмал түлж хэрэглэж байгаа эсэхийг тодруулсан юм. 


Иргэн  С.Хүрэлбаатар: Иргэд их сонирхож хэрэглэж байна 
-Түүхий нүүрсийг бодвол илүү элч асалт сайтай байна. Иргэд их сонирхож худалдан авч түлж байгаа. Манайх ч гэсэн гэртээ түлж байгаа түүхий нүүрстэй харьцуулах юм биш. Илүү олон салбар цэгүүдэд худалдаалах хэрэгтэй. 
               Иргэн Д.Нямдаваа: Түлж үзэх гээд зориод ирлээ
-Би Дэнжийн мянгад амьдардаг. Нүүрс авах гэснээ энэ сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж үзье гээд энд ирлээ. Түлж үзэх гээд худалдаж авч чадахгүй долоо хоног болж байна.  Илч сайтай юм шиг байна.  Намар авсан нүүрс маань дуучихсан. Энэ түлшийг хэрэглэж үзээд гайгүй илч дулаан сайн бол ахиухан хэмжээтэй олж авах санаатай байна.
                  Иргэн Ж.Мягмаржав: Их илч сайтай, сайн түлш шиг санагдсан

Сайжруулсан түлшийг түлж үзмээр байна. Өнгөрсөн намар манай хороонд энэ шахмал түлшийг танилцуулсан. Тэр үед багахан хэмжээг туршилтаар авч түлж үзсэн. Их илч сайтай, сайн түлш шиг санагдсан. Борлуулалт, түгээлтээ сайжруулж хурдан иргэдийнхээ хэрэглээнд оруулах хэрэгтэй байна. Үнэ хөлсийн хувьд өөрчлөлгүй энэ хэвээр чанартай сайн шахмал түлш гаргасаар байвал аюулын харанга дэлдээд байгаа агаарын бохирдол их хэмжээгээр багасах болов уу. 

Ш.Мөнхцог: Иргэдэд түгээхийн тулд сайжруулсан шахмал  түлшийг  сайтар  нөөцлөх хэрэгтэй.

Сайжруулсан түлшний болон түгээлтийн талаар  “Тавантолгой түлш” ХХК-ний борлуулалтын менежер Ш.Мөнхцогоос зарим зүйлийг тодруулсан юм. 

-Иргэд сайжруулсан түлшийг их эрж хайж байна.  Баянхошууны Хөтөлд байрлах борлуулалтын цэгт иргэд их хүлээлттэй байна?
-Бид өнгөрсөн наймдугаар сараас хойш нийслэлийн зургаан дүүрэгт судалгаа явуулж, ажилласан. Ингээд засгийн газраас  СХД-ийн найман хороонд ажиллах үүрэг өгсөн. Энэ үүргийнхээ дагуу туршилтаар сайжруулсан шахмал түлшээ борлуулж эхэлсэн. СХД-ийн 28 дугаар хороо бол агаарын бохирдол хамгийн өндөр байдаг. Тиймээс энэ хороог сонгон туршилтын худалдаа явуулсан. Үүнээс бид иргэдийн санал сэтгэгдлийг хүлээн авч цаашид хэрхэн ажиллах шийдвэрээ гаргах юм. Туршилтын худалдааны үеэр иргэдийн санал сэтгэгдэл өндөр байна. Улсын үйлдвэрийн түлш үнэ чанарын хувьд сайн байгааг тэд хэлж байгаа. Иргэдэд түгээхийн тулд сайжруулсан шахмал түлшийг эхлээд сайтар  нөөцлөх хэрэгтэй. Ирэх оны тавдугаар сарын 5-наас түүхий нүүрс хориглоно. Энэ үед нийслэлчүүдийн хэрэгцээг хангах хэмжээний нөөцийг сайтар бэлтгэх хэрэгтэй. Үйлдвэр байгуулж, сайжруулсан түлш гаргах нь их хүч чадал шаардана.

-Цаашид хэчнээн салбарт түгээх зорилготой байгаа вэ?
-Нийслэлийн айл өрх, аж ахуй нэгжүүд жилд 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг. Харин шахмал түлшээр сольвол 600 мянган тонн болж буурах юм байна. Иймээс Тавантолгой түлш ХХК-ийхан ирэх 5-р сарын 15 гэхэд ийм хэмжээний нөөц бэлтгэнэ. Хэрэв тэгж чадвал ирэх оны энэ үед агаарын бохирдол 50-60 хувиар буурах боломжтой гэж тооцоолж байна.
Цаашид дан ганц нийслэлийн иргэд бус хөдөө орон нутагт ч борлуулах боломжтой гэж харж байна. Мөн гадаад руу экспортолж ч болох юм. Бид Засгийн газрын өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажилладаг. Ирэх долоо хоногоос бүх зүйл илүү тодорхой болно. Бид туршилтынхаа үр дүнг засгийн газарт тайлагнаж, цаашид ажиллах үүрэг чиглэлээ авах болно. 100 хувь худалдаанд гарч эхлээгүй байгааг иргэд сайн ойлгох хэрэгтэй. 
-Шахмал түлш үйлдвэрлэдэг хувийн хэвшлүүдэд ямар боломж нээгдэх вэ?
-Энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг 12 хувийн хэвшил байна. Үүнээс тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа 3-4 үйлдвэр байгаа. Үнийн хувьд манай түлшийг бодвол өндөртэй байна. Жишээлбэл, 15 кг нь   3500, 6500 төгрөгөөр худалдаалж байна. Бид хувийн хэвшилд мөрдөх стандарт гэж гаргана. Энэ стандартад тогтсон хувийн хэвшлүүд үйл ажиллагаа явуулах эрхтэй болох зэрэг шалгуурууд тавигдах болов уу. Шахмал түлш нь үйлдвэрээс 25 кг нь 3750 төгрөг, 600 кг нь 90 мянга, тонн нь 150 мянган төгрөгөөр гардаг. Туршилт эхлээд гурав хоноход 30 тонн түлш борлуулсан, эрэлт ихтэй байна.
-Үйлдвэрийн хүчин чадлын хувьд ямар байгаа вэ?
-Дулааны хоёрдугаар цахилгаан станцад парк шинэчлэлт хийсэн үйлдвэр цагт 15 тонн сайжруулсан түлш бэлтгэх чадалтай. Толгойтод саяхан нээлтээ хийсэн үйлдвэр цагт 30-40 тонн түлш үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна. Мөн түлш хадгалах агуулах барих хэрэгтэй. 
-Түүхий нүүрстэй харьцуулахад илч дулаан гаргах чадал хэр байгаа бол? 
-Багануур 3200, Налайх 4300 илчлэгтэй шатдаг. Манай сайжруулсан түлшний хувьд 6200 илчлэгтэй. Энгийн болон төслийн, нам даралтын зууханд чанарын ялгаа байхгүй шаталт маш сайн. Төслийн зууханд түлвэл илүү сайн шатаж, дулаанаа удаан барьдаг.  Стандарт, жин, үнэ гэсэн гол гурван үзүүлэлтийг бид барьж ажиллаж байна. Эрдэнэс-тавантолгойгоос түүхий эдээ нийлүүлж байна. Тээвэрлэлтээ төмөр замаар хийхээр төлөвлөж байна. Ийм ч учраас Толгойтод хоёр дахь үйлдвэрээ нээсэн. 3750 бол  зөвхөн зардлын мөнгө. Улсаас ямар ч ашиг харсан зүйл байхгүй. Одоогоор үйлдвэр 24 цагаар гурван ээлжээр ажиллаж байна. Ирэх онд нийслэлийн иргэдээ түлшээр бүрэн хангах зорилт тавин ажиллаж байгаа.  
-“Тавантолгой түлш” сайжруулсан шахмал түлшний онцлогийн талаар мэдээлэл өгнө үү?
-Бүх төрлийн зууханд ашиглах боломжтой, хорт хавдар үүсгэгч бодисыг арилгасан, бүрэн шаталттай, өрхийн түлшний хэрэгцээг хоёр дахин багасгасан, агаарын бохирдлыг 50-60 хувь бууруулна. 
-Үнсэнд агуулагдах цацраг идэвхит бодис байхгүй болсон.
- Хүхэр (SO2) 1.2 дахин, азотын (NOx) 2.9 дахин угаарын (CO) хий 2.2 дахин, хатуу тоосонцор TPS 20 хувиар буурсан. 
- Амьсгалын замын эрхтэнг гэмтээдэг, хорт хавдар үүсгэдэг OSNA, NTP, LARS гэх мэт химийн нэгдлүүдийг байхгүй болгож чадсан. 
-Дөрвөн кг шахмал түлш долоон цагийн хугацаанд тасралтгүй шатна. Гурван литр цайг 5-7 минутанд чанаж байгаа. 
-Таван тонн түүхий нүүрсээр өвөлждөг байсан айл 2.5 тонн шахмал түлш хэрэглэнэ гэсэн үг. 

С. Анирлан 

www.unen.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • Zochin (103.9.88.242)

    2018-12-21

    http://StartWeeklyJob.com/?userid=138871

  • Зочин (103.229.122.210)

    2018-12-21

    25 кг байж 3750 гэнэ үү кккк

  • Зэлмэ (103.229.122.210)

    2018-12-21

    АШИГ ХАРААД УТААГ МӨНГӨ БОЛГОЖ ХАРАХ ЮМ ДАА ҮНЭТЭЙ БН АЙЛУУД 1 ШУУДАЙ НҮҮРСЭЭ АВЧ 2 ХОНОГ ТҮЛЭХЭЭ Л БОДНО Ш ДЭЭ!!!!!

  • Зэлмэ (103.229.122.210)

    2018-12-21

    Үнэн үү утаагүй зуух гэдэг шиг л юм болох вий тэгээд ч нүүрснээсээ үнэтэй шахуу юмыг нэвтрүүлж чадах уу

  • batsuuri (66.181.160.35)

    2018-12-20

    үнэн үү. Би өнгөрсөн хавар илч гэх нэртэй шахмал түлш авч үзсэн. Тэр нь нам даралтын зууханд ч өлзий зууханд ч шатаагаад ямар ч илч байхгүй харин их үнэртэй, тортогтой, арвин их үнс гарч байсан. Тэгээд би энэ шахмал түлшинд сүжиг алдарсан. Харин энэ таван толгойн түлшийг түлж үзмээр байна. тэгж байж үнэхээр сайн бол ирэх жил санаа зовохгүй баймаар, эс бол өөр арга бодмоор байна. Ирэх онд гээд баймааргүй энэ өвөл бүх газруудаар борлуулж хэрэглэгчиддээ өөрийгөө таниулмаар байна