Өнгөрөгч долоо хоногийн онцлох үйл явдлууд

Энэ сарын 4-нд болж өндөрлөсөн ОХУын Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхий сайд Владимир Путин нийт сонгогчдын 64 хувийн саналаар ялалт байгуулав. Гэсэн ч түүнийг булхай хэрэглэсэн гэж үзсэн 15 мянга орчим хүн Москва хотод жагсчээ. Цагдаа цэргийнхэн 260 орчим хүнийг баривчилсан ч удалгүй суллажээ.
-Энэ сарын 4-нд болж өндөрлөсөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхий сайд Владимир Путин нийт сонгогчдын 64 хувийн саналаар ялалт байгуулав. Гэсэн ч түүнийг булхай хэрэглэсэн гэж үзсэн 15 мянга орчим хүн Москва хотод жагсчээ. Цагдаа цэргийнхэн 260 орчим хүнийг баривчилсан ч удалгүй суллажээ. 

-Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Цагаан ордонд зочилж, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзах үеэр Ираны цөмийн байгууламжуудад цохилт өгөхийг яаравчлахыг хүсчээ. Харин Б.Обама Иранд довтлохоос өмнө Тегераны эрх баригчдад олон улсын зүгээс үзүүлэх дарамт шахалт, хориг арга хэмжээг чангаруулах хэрэгтэй гэж үзжээ. 

-Израильтай зөрчилдөгч, Газын зурваст хяналтаа тогтоосон Палестины хэт даврагч “ХАМАС” бүлэг Израильтай дайтахад Иранд дэмжлэг үзүүлэхгүй гэж мэдэгдэв. 

-Сирийн газрын тосны дэд сайд Абдо Хуссамелдин албан тушаалаа орхин босогчидтой нэгджээ. Ингэснээр тэрбээр Ерөнхийлөгч Башар аль-Ассадын дэглэмийг эсэргүүцсэн Засгийн газрын хамгийн өндөр албан тушаалтан болж байгаа аж. А.Хуссамелдин “Гэм зэмгүй хүмүүсийг хөнөөж буй бурангуй байдлыг халах ёстой” гэж мэдэгджээ. Тус улсад одоогийн байдлаар 7500 гаруй хүн амь үрэгдээд байгаа юм. 

-Ливийн зүүн нутгийн улстөрийн удирдагчид Муаммар Каддафийг унагах хувьсгал эхэлсэн, хамгийн их газрын тостой зүүн нутгийг давуу эрхтэй автономит улс болгохыг баруун нутаг дахь нийслэлийн эрх баригчдаас шаарджээ. Нийслэл Триполигийн түр Засгийн газрын эрх баригчид улс орныг нэгтгэхэд шаардлагатай бол цэргийн хүч ашиглахаа мэдэгдэв. 

-Бүгд найрамдах Конго Улсын нийслэл Браззавилийн хүн ам ихтэй дүүрэг дэх нууц зэвсгийн агуулахад гал гарч улмаар цуврал дэлбэрэлтүүд болсны улмаас 200 гаруй хүн амь үрэгдсэнийг тогтоосон байна. Агуулахын ойр орчим дахь төмрийн сэг, том хогон дор үүнээс ч олон хүн дарагджээ. Аврах албаныхан агуулах дахь пуужингууд дэлбэрч тус газрыг бүрэн шатаахаас сэргийлж байгаа аж. 

-Сомалийн нийслэл Могадишуд хорин жилийн дараа олон улсын нислэг газарджээ. Туркийн агаарын тээврийн Turkish Airlines компани тус улс уруу долоо хоногт хоёр нислэг үйлдэхээр төлөвлөсөн байна. 

-Кандагарын баазад харьяалагддаг Британийн зургаан цэрэг Афганистаны өмнөд нутагт эргүүл хийх үеэр тэсрэх бөмбөгт өртөж амь үрэгджээ. Энэ нь 2001 онд олон улсын зэвсэгт хүчин Афганистанд цөмрөн орсноос хойшхи нэг удаагийн халдлагаар хамгийн олон Британи цэрэг амь үрэгдсэн явдал аж. 

-Энэтхэгийн эрх баригч Конгресс нам мужийн сонгуульд хамгийн олон хүнтэй Уттар Прадеш мужийн 403 суудлаас ердөө 28 суудалд нь ялалт байгуулжээ.

Э.Төгсжаргал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)