Иргэн та архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл бүү жолоод
- 2018-12-25
- Нийгэм
- 0
Согтуу үедээ машин барих нь таныг амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохиролд оруулдаг. Таны сэтгэлийн хөөрөлдөө автан гаргасан буруу шийдвэр ч туршдаа харамсаад баршгүй зүйлд хүргэнэ. Согтуудаа тээврийн хэрэгсэл жолоодож яваад амь насаа алдах насан туршдаа хэвтэрийн дэглэмд амьдрах зэрэг олон харамсалтай жишээ байдаг. Тэгвэл шинэ жилийн баяр эхэлсэн энэ өдрүүдэд иргэн та үүргээ ухамсарлаж, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодхоос татгалзаж, өөрийгөө болон бусдыгаа осол аваараас авран хамгаалах шаардлагатай байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд нийт 594 дуудлага ирүүлснээс зам тээврийн ослын шинжтэй 553 дуудлага мэдээллийг хүлээн авч шалгалаа. Ослын улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирч, 16 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтэж бэртсэн ба үүний 3 нь бага насны хүүхэд байсан байна. Хоногийн нөхцөл байдлын мэдээллээс үзэхэд нийт бүртгэгдсэн зам тээврийн ослын 11 нь явган зорчигч мөргөсөн, 34 нь мөргөлдөх хэлбэрээр гарсан осол байх бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осолд өртөж, холбогдсон жолооч 5, явган зорчигч 2 бүртгэгдсэн байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулгад явган зорчигчийн амь насыг хамгаалах зорилгоор “Өөрийн үйлдлийг хянах чадваргүй согтуурсан, мансуурсан байдалтай буюу сэтгэцийн өвчтэй хүнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх” иргэн бүр, хуулийн этгээдэд үүрэг болгосон нь тэдгээр хүмүүсийн аюулгүй байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.
Иймээс байгууллага аж ахуйн нэгж, найз нөхөд, хамт олон, иргэн бүр энэхүү заалтыг хэрэгжүүлж, анхаарах шаардлагатай байна. Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцон ажилласан байна.
Х. Хулан

Сэтгэгдэл (0)