Шударга байдлаар УУХҮЯ, ТЕГ, ЭХЯ хамгийн бага үнэлгээ авчээ
- 2018-12-25
- Нийгэм
- 0

АТГ-ын сар бүрийн 25-ны өдөр хийдэг хэвлэлийн хурал эхэллээ. Тус байгууллагаас энэ 12 дугаар сард хийсэн зарим ажлын талаар товч мэдээлэл өгч ирэх онд АТГ авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, албан тушаалтнуудын ХОМ-ийг хянан шалгах чиглэлээр ямар түвшинд ажиллах вэ гэдэг талаар, дэвшүүлсэн зорилтуудын талаар мэдээлэл хийж байна.
Хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар, Хэвлэл олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцож байгаа юм.
Тус газар нь Авлигын эсрэг хуульд заасан “төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн байгууллагын шударга байдлын түвшинд 2 жил тутамд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлэх” чиг үүргийн дагуу “Шударга байдлын үнэлгээ”-г гурав дахь удаагаа зохион байгуулаад байна. Шударга байдлын үнэлгээгээр 2018 онд нийтдээ 62 байгууллагыг үнэлсэн бөгөөд үнэлгээний судалгаанд нийтдээ 9411 нэгжээс мэдээлэл цуглуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллав.
Төрийн байгууллагыг авлигаас ангид байлгах, урьдчилан сэргийлэх, авлига үүсэх шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны нэг хэлбэр нь шударга байдлын үнэлгээний бөгөөд судалгааны үр дүнд үндэслэн авлигын шалтгаан нөхцөлийг илрүүлэн тэдгээрийг арилгахад чиглэгдсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь зүйтэй. Судалгаанд хамрагдсан нийт оролцогчдын үнэлгээгээр шударга байдлын үнэлгээ 68.8 хувь гарч өнгөрсөн оны үзүүлэлтээс 1.0 пунктээр буурсан байна. Анх судалгаа хийгдсэн 2015 оны үнэлгээтэй харьцуулахад 5.0 пунктээр бага үзүүлэлттэй гарсан байна. Тухайн төрийн байгууллагаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгч иргэдийн үнэлгээнээс харахад байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал хангалтгүй, авлигын эсрэг тогтолцоо болон байгууллагын удирдлагын авлигаас ангид байх хүсэл эрмэлзэл сул, авлигыг хянах механизм болон дотоод хяналт, аудитын үйл ажиллагаа сул зэрэг нь хамгийн их нөлөөг үзүүлж байлаа.
Үнэлгээг байгууллагаар авч үзвэл 2018 онд Соёл, урлагийн газар, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Гадаад харилцааны яам, Батлан хамгаалахын яам зэрэг байгууллагууд хамгийн өндөр үнэлгээг авсан байна. Харин Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Татварын ерөнхий газар, Биеийн тамир спортын газар, Баян-Өлгий, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар бага оноо авчээ.

Сэтгэгдэл (0)