Г.Занданшатар: Салхитын мөнгөний ордын цаана хууль хяналтынхан оролцсон маш том хоёр сүлжээ бий

Шинэ оны өмнөхөн буюу өнгөрсөн сарын 29-ний өдөр Ерөнхий сайдын чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Дундговь аймагт аймгийн прокурорын хяналтын дор тусгай ажиллагаа зохион байгуулсан.

Тодруулбал, тус аймгийн Гурван сайхан суманд байдаг алт мөнгөний маш том орд болох Салхитын ордыг 2043, 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг нь цуцалсан. Гэнэтийн бөгөөд дуулиант уг үйл явдлыг иргэд өөр өөрсдийнхөөрөө хүлээж авч байсан юм.

Харин энэхүү үйл явц нь үнэхээр хууль ёсны үйл ажиллагаа болсон эсэх талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатараас тодруулахад "Хууль зөрчсөн ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Газар бол хүний хувийн өмч биш. Монгол Улсын Үндсэн хуулийн заалтад "Монгол улсын газар, хэвлий, байгалийн нөөц баялаг ард түмний өмч мөн" гэж бий. Үндсэн хуулийн тодорхой заалтад улсыг аюулаас хамгаалах, Үндэсний аюулгүй байдал болон бусад хууль зөрчсөн бол лицензийг нь хурааж авах хуулийн зохицуулалттай. Татварын хуулийн 48.4, Ашигт малтмалын хуулийн 5.6.1.10-аар төрд авах эрхтэй.Тусгай зөвшөөрөл гэдэг нь ашиглах л эрх юм. Газрын баялаг байна. Энэ газрын баялгийг нөөц ашигласны татвараа төлөөд ашиглая л гэсэн гэрээ юм. Өөрөөр хэлбэл айлын орон сууцанд түрээсээр амьдарч байгаатай адил. Түрээсийн төлбөрөө төлөхгүй, түрээсийн гэрээнд заасан үүрэг, даалгавраа биелүүлэхгүй бол түрээсийн гэрээг цуцална биз дээ. Энэ заавал шүүхийн процесс биш. Ашигт малтмалын хуульд тусгай зөвшөөрлийг үндэслэлгүй болгох 11 үндэслэл байгаа. Тухайн 11 үндэслэлээр тусгай зөвшөөрлийг үндэслэлгүй болгоно. Мэдэгдэх хуудас бид гардуулсан. Мэдэгдэх хуудас авах хүн нь байхгүй, оргон зайлсан байсан учир мэдэгдэх хуудсаа аваагүй. Сонсогдох ажиллагаа хийгдэх боломж байгаагүй учир тэр үед хийгдсэн. Мөн Захиргааны ерөнхий хуулиар сонсох ажиллагаа хийхгүйгээр тусгай зөвшөөрлийг шууд хүчингүй болгож болно. Гэхдээ үүний цаана хууль хяналтынхан оролцсон асар том сүлжээ байгаа. Зарим талаар хэвлэл мэдээллийнхнийг хүртэл санхүүжүүлчихсэн хоёр том бүлгийн, маш их мөнгөний санхүүжилт дээр маш том үйл ажиллагаа явуулсан. Тухайн хамгаалалтын алба гэхэд цаанаа хэчнээн обьект хамгаалдаг, хэчнээн хууль хяналтынхантай холбоотой маш том сүлжээ байгаа. Хэвлэлийнхэн тусгай ажиллагаа гэж нэрлээд байгаа болохоос энэ нь зайлшгүй хийгдэх ёстой байсан ажил юм. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын хууль, Татварын хуулийн дагуу хийгдсэн асуудал" хэмээлээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • 1 (103.206.195.166)

    2019-01-04

    Төрт улс байна даа ийм л байх ёстой юм л даа УУЛ нь бол

  • (172.58.200.152)

    2019-01-04

    Sain baina

  • (172.58.200.152)

    2019-01-04

    Sain baina