Б.Халиун: Тулааны спортын нэвтрүүлэг үзээд боксоор хичээллэхээр шийдсэн
- 2012-03-13
- Спорт
- 0
Муай-тай боксын 48 кг-ын жинд өрсөлдөж аваргын алтан медаль хүртсэн ОУХМ Б.Халиунтай ярилцлаа. Тэрбээр ШУТИС-ийн Уул уурхайн сургуульд сурдаг ажээ.
Нийслэлийн биеийн тамир спортын газар, Монголын кикбокс тулааны спортын холбоотой хамтран хотын аварга шалгаруулах муай-тай боксын тэмцээнийг энэ сарын 2-4-нд зохион байгуулсан. Тэмцээнд хот хөдөөгийн 160 гаруй тамирчин өрсөлдсөнөөс 48, 56, 60 кг-ын жинд эмэгтэй тамирчид хүч үзсэн юм. Муай-тай боксын 48 кг-ын жинд өрсөлдөж аваргын алтан медаль хүртсэн ОУХМ Б.Халиунтай ярилцлаа. Тэрбээр ШУТИС-ийн Уул уурхайн сургуульд сурдаг ажээ.



-Муай-тай боксоор хэд дэх жилдээ хичээллэж байна вэ?
-2009 оноос муай-тай, кикбоксоор хичээллэж эхэлсэн. Багаасаа тулааны спорт сонирхдог байсан ч хичээллэх боломж олдоггүй байлаа. Их сургуульд орсон жил тулааны спортын нэвтрүүлэг үзээд боксоор хичээллэхээр шийдсэн. Телевизээр гарч байсан зарын дагуу холбогдсоноор О.Алтанпүрэв багшийнхаа шавь болсон. Манай аав залуудаа боксоор хичээллэдэг байсан нь энэ спортыг сонгон суралцахад нөлөөлсөн байх. Одоо “Алдар” спорт хороонд харьяалагдаж тэмцээн уралдаанд оролцож байна.
-Муай-тай боксын хотын аварга шалгаруулах тэмцээний онцлог нь юу байв?
-Өмнө нь муай-тай, кикбоксын хотын аварга шалгаруулах тэмцээн тусдаа зохиогддог байсан. Харин энэ жилээс муай-тай боксын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа бие даан зохион байгууллаа. Нийслэлийн тамирчдаас гадна хөдөө орон нутгаас тамирчид оролцсон. Тэмцээнийг Монголын кикбокс тулааны спортын холбооноос томилогдсон шүүгчид сонирхогчдын дүрмээр 10 онооны системээр дүгнэсэн. Мөн тамирчдыг гэмтэл бэртлээс хамгаалах зорилгоор 10 унцийн жинтэй бээлий, толгой, шүд, шилбэний хамгаалалттайгаар дөрвөн үе тулалдуулсан.
-Хүчтэй өрсөлдөгч олон байв уу?
-Сүүлийн жилүүдэд тулааны спорт сонирхон хичээллэх хүмүүсийн тоо нэмэгдсэн. Клубууд ч шинээр байгуулагдаж байна. Мөн манай кикбокс тулааны спортын холбоо орон нутагт салбараа нээснээр энэ спортыг сонгон хичээллэх хүмүүс олширсон. Тэр дундаа охид бүсгүйчүүдийн хувьд кикбокс, муай-тай боксоор хичээллэх сонирхол ихэсч байна. Үүнийг нийслэлийн муай-тай боксын аварга шалгаруулах тэмцээнээс харж болохоор байлаа. Одоо удахгүй Бүх ард түмний спартакиад болно. Энэ тэмцээний 50 кг-ын жинд өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хийж байна.
-Энэ удаагийн тэмцээн өөрийн тань хэд дэх тэмцээн бэ?
-Зургаа дахь тэмцээн. Өмнө нь 2010 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, муайтай боксоор алтан медаль хүртсэн. “Балтика” тэмцээний тэргүүн байрт шалгарч байлаа. Мөн өнгөрсөн онд зохиогдсон муай-тай боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Анхны олон улсын чанартай тэмцээн байсан болохоор их туршлага хуримтлуулсан шүү.
-Та муай-тай боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон анхны эмэгтэй тамирчин. Хаана бэлтгэлээ базааж байв?
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоос өмнө Таиланд уруу гурван сарын бэлтгэлд явсан. Таиландын шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийсний дараа дэлхийн аваргад оролцсон. Тэнд байхдаа мэргэжлийн чансаа ахиулах хэд хэдэн тэмцээнд хүч сорьсон. Таиландын тамирчид багаасаа тулааны урлагт суралцдаг болохоор мэргэжлийн төвшинд тулалддаг. Тэднээс сурах зүйл их байсан.

-Кикбокс муай-тайгаас юугаараа ялгаатай вэ?
-Муай-тай бокс Таиландын үндэсний спорт. Хааных нь ивээлд байдаг учраас сайн хөгжсөн. Муайтай боксыг мөн тулааны спортын оргил гэж ярьдаг. Кикбокс тохой, өвдөг оролцдоггүй. Харин муайтай өвдөг, тохой гээд бүх мөчөө хослуулдгаараа онцлог. Хүнд хэцүү спортын төрөл гэж хэлж болно. Мөн гурван минутаар таван үе өрсөлддөг болохоор тамирчдаас илүү ур чадвар шаарддаг юм.
-Тулааны спортоор хичээллэж эхлэхэд аав, ээж нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Эхэндээ дэмждэггүй байсан. Таиланд явсны дараа эсэргүүцэхээ больсон. Би айлын том охин. Доороо нэг дүүтэй. Өвөө, эмээтэйгээ амьдардаг болохоор тэднийхээ саналыг хүндэтгэдэг.
-Өмнө нь эрэгтэй тамирчинтай тулалдаж байв уу?
-Эрэгтэй тамирчидтай бэлтгэлийн үеэр тулалдаж байсан. Харин рингэн дээр тулалдаж байгаагүй. Тэгээд ч тулааны спорт эрсдэл ихтэй. Мэргэжлийн тэмцээнд хамгаалалтгүй тоглодог болохоор бэртэл гэмтэл авах нь элбэг. Таиландад мэргэжлийн тэмцээнд оролцож байхдаа бэртэл авдаг байсан. Тулааны үеэр хөлөөр хөлийг хаадаг болохоор шилбээ гэмтээсэн. Ер нь жижиг гэмтлүүд байнга авдаг юм.
-Тулааны хувцас хэрэглэлээ хаанаас авдаг вэ?
-Тэмцээний үед зохион байгуулж буй газраас хувцас хэрэглэлээр хангадаг. Мөн бэлтгэл хийхэд зориулагдсан бээлий болон бусад зүйлийг клуб, холбооноос өгдөг. Гэхдээ бидэнд хувийн хувцас хэрэглэл бий. Монголд үнэтэй болохоор Таиланд уруу явахдаа авчихдаг юм. Манайд зардгаас 2-3 дахин хямд байдаг.
-Цаашдын төлөвлөгөөгөө танилцуулахгүй юу?
-Бүх ард түмний XИйИ наадамд амжилттай оролцохын төлөө бэлтгэлээ базаана. Манай клубын тамирчид тэмцээнд орохын өмнө хөдөө сургуулилтад явна. Мөн ирэх онд зохиогдох Азийн наадамд оролцох зорилготой байгаа.
Б.СЭЛЭНГЭ
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)