ОХУ НҮБ-ыг шүүмжлэв
- 2012-03-13
- Дэлхий
- 0
Москвагийн эрх баригчид НҮБ-ын Ливийн комиссын мэдээллийг буруушаасан байна. Ливид хүний эрх зөрчигдсөн эсэхийг шалгасан НҮБ-ын комиссын мэдээлэлд дурдсан зарим дүгнэлтийг ОХУ-ын Гадаад харилцааны яамны хүний эрхийн ажилтан Константин Долгов “Учир дутагдалтай” гэж мэдэгджээ.

Москвагийн эрх баригчид НҮБ-ын Ливийн комиссын мэдээллийг буруушаасан байна. Ливид хүний эрх зөрчигдсөн эсэхийг шалгасан НҮБ-ын комиссын мэдээлэлд дурдсан зарим дүгнэлтийг ОХУ-ын Гадаад харилцааны яамны хүний эрхийн ажилтан Константин Долгов “Учир дутагдалтай” гэж мэдэгджээ. Ливийн нөхцөл байдлыг хянах НҮБын Ливийн комисс дарангуйлагч агсан Муаммар Каддафийн эсрэг олон нийтийн тэмцэл эхэлсэн 2011 оны хоёрдугаар сард байгуулагджээ. НҮБ-ын Ливийн комисс өнгөрөгч долоо хоногийн сүүлээр М.Кадда фийг дэмжигчид болон сөрөг хүчний тэмцэгчдийг шүүж олон улсын хүний эрхийг ноцтой зөрчсөн тухай 220 хуудас материалыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд уншиж танилцуулжээ. К.Долгов “Риа Новос ти” агентлагт “Муаммар Каддафийн үхэл, ялангуяа энгийн иргэд Ливи дэх НАТО-гийн цэргийн ажиллагааны үеэр амь үрэгдсэн тухай мэдээлэл 220 хуудас материалд байхгүй байсан. Нэг талыг барьсан учир дутагдалтай мэдээлэл” гэж ярьжээ. Түүний хэлснээр Ливи дэх НАТО-гийн хүчний агаарын дайралтын үеэр 60 энгийн иргэн амь үрэгдэж, 55 иргэн шархаджээ.
ЭСЭРГҮҮЦЭГЧИД ЖАГСААЛ ЗОХИОН БАЙГУУЛСАН Ч ТОО НЬ БУУРЧЭЭ
ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путиныг Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныг эсэргүүцэж сөрөг хүчний идэвхтэн гишүүд жагсаал цуглаан зохион байгуулсаар байна. Энэ сарын 4-нд болж өндөрлөсөн сонгуулийн дараа Москва хотын Пушкины талбайд 50 мянга орчим хүн цуглаж Ерөнхийлөгчийн сонгуульд булхай орсон хэмээн дахин сонгууль явуулахыг шаардаж байсан юм. Энэ үеэр аюулгүй хүчнийхэн цуглааныг зохион байгуулагчид болон эсэргүүцлээ идэвхтэй илэрхийлж буй хүмүүсээс бүрдсэн 260 орчим хүнийг баривчилж жагсаалыг тараасан билээ. Аюулгүйн хүчнийхэн үүнээс хэдэн цагийн дараа жагсаалд оролцогчдыг сулласан юм. Сөрөг хүчнийхэн эсэргүүцлийн ажиллагаа дахин зохион байгуулахаа мэдэгдэн жагсаал зохион байгуулсан ч 20 мянга орчим хүн цуглажээ. Үүний дараа дахин жагсаал зохион байгуулсан ч 10 мянга хүрэхгүй хүн цугласан байна. Жагсаалыг зохион байгуулагч, сөрөг хүчний тэргүүн Гарри Каспаров, Владимир Рыжоков нар тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдсэн ч олон нийтийн эсэргүүцэл намжих төлөвтэй гэж барууны ажиглагчид үзэж байна. Дэлхийн шатрын аварга Г.Каспаров “Энэ сонгууль биш. Сонгууль нь Кремльд буцан очих гэсэн дээрэмчдийн тусгай ажиллагаа болж өнгөрлөө” гэсэн байна. Учир нь өнгөрөгч арванхоёрдугаар сарын Төрийн Думын сонгуулийг эсэргүүцэн Москва хотын төвд дээр дурдсанаас хэд дахин их буюу 100 мянга гаруй хүн жагсч ОХУ-ын түүхэн дэх хамгийн олон хүнийг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа болсон ч сөрөг хүчний тэмцэл талаар өнгөрч байснаас ийн дүгнэжээ.
В.ПУТИН Д.МЕДВЕДЕВТ “ЯЛАГДЖЭЭ”
ОХУ-ын сөрөг хүчний мэргэжилтнүү- дийн хэлснээр Владимир Путины нэр хүнд буурч байгаа гэнэ. Тэд саяхан нэгэн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгчээ. Саяхан болж өндөрлөсөн Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхий сайд В.Путин нийт сонгогчдын 64 хувь буюу 45.5 сая хүний саналаар ялалт байгуулсан гэж мэдэгдсэн ч энэ нь нэлээд булхай орсны дараахь дүн гэнэ. 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Дмитрий Медведев 70.2 хувь буюу 52.5 сая хүний саналаар ялалт байгуулж байжээ. Үүнээс гадна өмнөх сонгуулийн дүнгээс харвал В.Путины энэ удаагийн ялалт үнэ цэнэгүйгээс гадна нэр хүнд нь нэлээд буурсныг илтгэж байгаа гэнэ. В.Путин 2004 онд 71.9 хувийн санал авч байсан бол 2000 онд Ерөнхийлөгчийн анхны сонгуульд 53.4 хувийн саналаар ялалт байгуулж байжээ.
“НУУЦ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХӨД БЭЛЭН” ГЭВ
АНУ Европт байрлуулсан пуужингийн хамгаалалтын системийн талаархи нууц мэдээллийг ОХУ-д өгөхөд бэлэн гэж мэдэгджээ. Европ тивд байрлуулж буй АНУ-ын пуужингийн хамгаалалтыг ОХУ уруу чиглэсэн хэмээн Кремлийн улстөрчид хүчтэй эсэргүүцэж байгаагаас хоёр орны харилцаа муудаад байгаа юм. АНУ Европт байрлуулж буй хамгаалалтын ажлын хүрээнд пуужинг замаас нь устгадаг пуужин болон пуужин илрүүлэгч радарын системийг хамтад нь суурилуулж байгаа юм. Кремлийн улстөрчдийн хэлснээр АНУ ОХУ-тай ойролцоо оршдог орнуудад энэ системээ хэдийнэ суурилуулаад эхэлжээ. Харин Цагаан ордон ирэх тавдугаар сард ОХУ-ын өнөөгийн Ерөнхий сайд Владимир Путиныг Ерөнхийлөгчийн тангаргаа өргөхөөс өмнө энэ асуудлаар хэлэлцэж хамгаалалтын системийн талаархи мэдээллээ хуваалцахад бэлэн байна гэжээ.
Э.Төгсжаргал
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)