36 бөхөд олимпийн эрх олгоно
- 2012-03-13
- Спорт
- 0
Казахстаны нийслэл Астана хотноо “Лондон-2012” олимпийн наадмын сонгон шалгаруулах Ази тивийн тэмцээн энэ сарын 30- наас дөрөвдүгээр сарын 1-нд болно
j

Казахстаны нийслэл Астана хотноо “Лондон-2012” олимпийн наадмын сонгон шалгаруулах Ази тивийн тэмцээн энэ сарын 30- наас дөрөвдүгээр сарын 1-нд болно. Эрэгтэй долоо, эмэгтэй чөлөөт бөхийн дөрвөн жинд зохиогдох тэмцээнд 20 орны тамирчид зодоглохоор мэдүүлгээ өгчээ. 2700 хүний суудалтай “Даулет” спорт цогцолборт болох тэмцээний техникийн төлөөлөгчөөр ФИЛА-гийн Товчооны гишүүн, Унгарын бөхийн холбооны ерөнхийлөгч, олимпийн аварга Чаба Хегедуш томилогдсон байна. Тус тэмцээнээс жин бүрт алт, мөнгөн медаль хүртсэн 36 бөхөд Лондоны олимпийн эрх олгох юм. Эрэгтэй чөлөөт бөхийн 55 /Даулет Ниязбеков/, 60 /Даурен Жумагазиев/, 74 /Абдулхаким Шапиев/, 96 /Таймураз Тигиев/кг-ын жинд олимпийн эрхээ нэгэнт авсан Казахстаны баг тус тэмцээнд 66 кг-д Акжурек Танатаров, 84 кг-д Семен Семенов, 120 кг-ын жинд олимпийн хүрэл медальт Марид Муталимов нарыг дэвжээнд гаргахаар шийдээд буй. Харин эмэгтэйчүүдээс 48 кг-д Жулдыз Эшимова-Туртбаева, 72 кг-ын жинд Гузель Манюрова нарын Казахстаны тамирчид олимпод оролцох эрхтэй болсон тул үлдсэн жин болох 55 кг-ын жинд Айым Абдильдина, 63 кг-д олимпийн болон ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга Елена Шалыгинаг барилдуулахаар болжээ. Эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 120 кг, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд олимпийн эрх өвөртлөөд байгаа Монголын багийн хувьд үлдсэн есөн жинд олимпийн эрхээ авахын төлөө өрсөлдөх юм. Одоогоор тус тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүн тодроогүй байна.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)