УУХҮ-ийн сайд ХБНГУ-д ажлын айлчлал хийж байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Монгол-Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн Монголын талын дарга Д.Сумъяабазар ХБНГУ-д ажлын айлчлал хийж байна. Тус улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.

Иймд ХБНГУ-ын Холбооны Эрчим хүч, эдийн засгийн яамны парламентын Төрийн нарийн бичгийн дарга, тус ажлын хэсгийн Герман улсын талын дарга О.Виттке УУХҮ-ийн сайдыг ажлын айлчлал хийхийг урьсан юм. Айлчлалын багт “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Нэгдсэн удирдлага хариуцсан дэд захирал С.Батсайхан багтсан юм.

Айлчлалын үеэр сайд Д.Сумъяабазар ноён О.Виттке болон тус улсын Холбооны Канцлерийн эдийн засгийн зөвлөх Л.Х.Рёллёр, “Хермес” даатгалын байгууллага, “Шпаркассе” банк, “Экспорт хөгжлийн агентлаг”-ийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

Салбарын сайд ноён О.Витткетэй хийсэн уулзалтын үеэр АСЕМ-ийн 12 дугаар дээд түвшний уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Холбооны Канцлер А.Меркельтэй хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрчимжүүлэх сонирхлоо илэрхийлсэн талаар ярилцав. Тухайлбал, 2011 онд байгуулсан Ашигт малтмал, технологийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар хэлэлцлээ. Түүнчлэн уг ажлын хүрээнд Монгол Улсын газрын ховор элементийн геологийн судалгаа, олборлолт, ашиглалтын тал дээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр мөн Улаанбаатар хотын дагуул эко хотыг байгуулах болон Газрын тос боловсруулах үйлдвэрийн дамжуулах хоолойн санхүүжилтийн асуудлаар тус тус ярилцсан юм.

Уулзалтын төгсгөлд Герман Монголын Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдааныг ирэх тавдугаар сарын 21-нд Берлин хотноо зохион байгуулахаар товоо тогтлоо.

Эх сурвалж: УУХҮЯ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (103.229.123.73)

    2019-01-22

    Орлогч сайд Загджавыг дагуулж явсан бол цаадах чинь казиногоос хэдэн евро хожоод ирэх л байсан байх ккк