Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг хүлээж авлаа
- 2019-01-25
- Нийгэм
- 0

БНХАУ-ын Засгийн газрын 30 сая ам.долларын буцалтгүй тусламжаар барьсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг өнөөдөр Монгол Улсад хүлээлгэж өглөө. Монгол, Хятад хоёр хөрш орны “Найрамдлын барилга” болсон энэхүү төв хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзлэг эмчилгээ хийх амбулатори, нөхөн сэргээх эмчилгээний хэсэг, сургалтын болон хэвтэн эмчлүүлэх хэсгээс бүрдэж буй бөгөөд хамгийн орчин үеийн эмчилгээ болон нөхөн сэргээх үйлчилгээний тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангагдсан цогцолбор гэдгээрээ онцлог юм.
Хөгжлийн бэрхшээлтэй 250 хүүхдэд өдрөөр эмчилгээ үйлчилгээ үзүүлэхээс гадна 250 хүүхдийг хэвтүүлж эмчлэх хүчин чадалтай нөхөн сэргээх энэхүү төв ашиглалтанд орсноор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг цаг алдалгүй эмчлэх, нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлэхийн хамт төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр илүү нарийн үзлэг, шинжилгээ хийдэг болох юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдэд зориулсан сургалт явуулах, асаргаа сувилгааны мэдлэг олгох боломж бүрдэж буй юм.
Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө ийм буянтай ажлыг санаачлан эхлүүлсэн, хийж хэрэгжүүлсэн бүх хүнд тэр дундаа БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин болон барилгын зураг төслийг гаргаж, зохиогчийн хяналтыг гүйцэтгэсэн БНХАУ-ын IPPR олон улсын инженеринг компани, төслийн ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын СТСЕ групп ХХК-ийнханд талархал илэрхийлье.











Сэтгэгдэл (0)