Байнгын хороо Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилохыг 100 хувийн саналаар дэмжлээ
- 2019-02-01
- Улс төр
- 0

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 9 цаг 34 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж, Улсын Их Хурлын даргыг сонгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлснийг Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг хэлэлцэж дэмжсэн.

Ингээд Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлэх тухай саналын танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хийсэн юм.
Нэр дэвшигч Гомбожавын Занданшатар 1987 онд нийслэлийн 10 жилийн 77 дугаар дунд сургууль, 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын ардын аж ахуйн дээд сургууль, 2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль төгссөн. Санхүү, эдийн засагч мэргэжилтэй, магистр зэрэгтэй, профессор цолтой.
Тэрбээр 1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС)-ийн Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш, 1995-1998 онд Хөдөө аж ахуйн банкинд Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,1998-2000 онд Монголбанкны Сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банкинд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн, 2000-2003 онд ХААН банкны дэд захирлаар ажиллаж байсан.

Улмаар 2003-2004 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, 2004-2008, 2008-2012 онуудад Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2009-2012 онд Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайд, 2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал хуулийн засаглалын хүрээлэнд судлаачаар ажилласан.
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдож, улмаар 2017 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байна.
Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат үг хэлж парламентын нэг хүндийг өсгөх, гишүүдийн эв нэгдлийг хангахад анхаарах, мөн олон чуулган дамжин яригдаж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхэд зоригтой, шийдэмгий, тууштай ажилахыг захив.
Ингээд Улсын Их Хурлын гишүүн Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Их Хурлын даргаар сонгохыг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүн санал нэгтэй дэмжив.

Сэтгэгдэл (0)