“Улаанбаатарын өвлийн наадам” амралтын өдрүүдэд "Скай Резорт" цогцолборт болж байна

Манай улсад хүйтний улиралд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын зочлох хугацааг уртасгах зорилгоор Бүргэдийн баяр, Талын түмэн адуу, Улаанбаатарын өвлийн наадам, Хөх сувд мөсний баяр, Тэмээний баяр зэрэг арга хэмжээг зохион байгуулдаг. Энэхүү арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулснаар өвлийн аялал жуулчлал хөгжин гадаад дотоодын жуулчдын томоохон урсгал бий болох ач холбогдолтой юм.

Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, "Скай Резорт" цогцолбортой хамтран энэ сарын 16-17-ны амралтын өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд зохион байгуулах гэж байна.

Өвлийн наадамд гадаадын жуулчид, Монгол Улсад түр болон байнга оршин сууж буй гадаадын иргэд, дотоодын жуулчид, нийслэлийн иргэд хамрагддаг юм. Уг наадмаар дамжуулан Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг сурталчлах ач холбогдолтой юм.

Энэ жилийн “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд Монголын үндэсний тоглоом наадгайнууд болох мөсөн шагай, мөсөн сур, урлагийн тоглолт болон шүхрийн үзүүлэх тоглолт, дөрвөн дугуйт мотоцикл, нохой чарга, мөсөн хананд авиралт, цана, сноуборд, рагбигийн тэмцээн, хамгийн сайхан үндэсний хувцастай шилдэг оролцогчийн шалгаруулалт зохион байгуулагдах юм байна.

Та бүхнийг амралт, чөлөөт цагаа эрүүл агаарт гэр бүлийн хамт хөгжилтэй дурсамжаар дүүрэн өнгөрүүлэхийг урьж байна

  1. Мөсөн сурын харвааны УАШТ- Монголын мөсөн сурын холбоо, 13 аймаг, 7 дүүрэг, 5 спорт хороодын нийт 300 гаруй тамирчид
  2. Мөсний шагайн харвааны УАШТ - Монголын Үндэсний мөсний шагайн холбоо, 8 аймгийн нийт 300 гаруй тамирчид
  3. Параглайдингийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн – 20 гаруй тамирчид
  4. Цанын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн - 70 гаруй тамирчид
  5. Снөүбоардын УАШТ - 60 гаруй тамирчид
  6. Рагбигийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн – 20 багийн 170 гаруй тамирчид
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)