Хорих ангид саатуулагдаж байсан шүүгч амиа хорлосон хэргийн талаар албаныхан юу хэлэв...

Урьдчилсан хорих 461-р хорих ангид саатуулагдаж байсан   Монгол Улсын гавьяат хуульч, шүүгч Л.Бямбаа амиа хорлож нас барсан хэрэг нийгэмд хүлээлт үүсгээд буй. АТГ-аас өнгөрсөн долоо хоногт шүүгч нартай холбоотой хэргээр хэд хэдэн хүнийг түр саатуулаад байсны нэг нь шүүгч Б ажээ. Түүнийг 48 цагийн хугацаатай хорьсон байсан талаар мэдээлж байна. Тэгвэл тус хэргийн талаар албаныханы байр суурийг энд хүргэе.

ШШГЕГ-аас 461-р ангид шүүгч амиа алдсан хэргийн талаар тус байгууллагын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Дамдинцэрэн "Иргэн Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжиглэн, 48 цагийн хугацаатай баривчилж, холбогдох хууль, журмын хүрээнд 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байсан. Хоёрдугаар сарын 23-ны өдрийн 21:40 минутын орчимд иргэн Л.Б нь өрөөндөө өөрийн хувцсаар хоолойгоо боосон байдалтай амь насаа алдсан. Болсон үйл явдалд Цагдаагийн байгууллага Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөн ШШГЕГ-аас албаны шалгалт явуулж байгаа бөгөөд шалгалтын дүнг үндэслэн буруутай албан хаагчид холбогдох хууль журмын дагуу хариуцлага тооцож, эргэн мэдээлэх болно" гэв.

Харин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар " Тус хэлтсээс Салхитын мөнгөний орд газрыг эзэмшигч компани болон ашиглаж байсан ашиглагч нарын маргаанаас үүдэлтэйгээр хууль хяналтын байгууллагын хууль сахиулагчид тухайн маргааныг шалгаж байх явцад ихээхэн мөнгөн хөрөнгийг хээл хахуульд өгсөн гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнтэй холбогдуулан, тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан. Шалгалтын явцад нэр бүхий хүмүүст хээл хахууль өгсөн байж болзошгүй үндэслэл тогтоогдоод энэ хэрэгт талийгаачийг сэжиглэн 48 цагийн хугацаагаар баривчилсан байсан. Мөрдөн шалгах байгууллагаас талийгаачийн гэр, ажилд нь нэгжлэг хийж хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг хурааж авсан. Хураагдсан баримтуудын хүрээнд хууль зүйн үндэслэл тогтоогдсон учраас сэжигтнээр баривчлаад 48 цагийн хугацаа нь дууссаны дараа авахаар очиход ийм харамсалтай хэрэг гарсан байсан. Цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгөх байх" хэмээн байр сууриа илэрхийллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)