Р.Мөнхзул: Асууж, тодруулна гэж авч яваад амийг нь авсан улсуудаас хариуцлага нэхнэ
- 2019-02-27
- Нийгэм
- 1

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид амиа алдсан гавьяат хуульч Л.Бямбаа агсны бэр Р.Мөнхзулаас зарим зүйлийг тодрууллаа.
-Танд эмгэнэл илэрхийлье. Таны хувьд ээжтэйгээ хамгийн сүүлд хэзээ холбоо барьж, уулзсан бэ?
-Ээж бид хоёр өдөр болгон утсаар ярьдаг. Бид хоёр их дотно, намайг төрүүлсэн ээжээс минь ялгаагүй хүн байсан. Өнгөрсөн гурав дахь өдөр буюу хоёрдугаар сарын 20-нд хамгийн сүүлд ээжтэйгээ утсаар ярихад “ээж нь хөдөө явна. Дүүгийн хүүхэд нас барсан байна. Тэгээд хагас сайн өдөр гэхэд ирчихнэ. Хагас сайн өдөр хуульчдад хичээл орно” гэж хэлсэн. Тэгээд маргааш орой нь ажил тараад ээжийн утас руу залгасан ч огт утсаа авахгүй байсан. Гэтэл АТГ манай ээжийг дөрөв дэх өдрийн 12.00 цагаас эхлэн байцааж, орой нь авч явсан байсан. Утсыг нь хураагаад авчихсан байсан юм билээ.
-Таныг өмнөх долоо хоногт талийгаачтай ярихад түүний сэтгэл санааны байдал ямар байсан бэ?
-Ээжид маань ямар ч таагүй зүйл байгаагүй. Ээж маань үр хүүхдээ л гэдэг, шударга, зарчимч, олонтой нийцтэй сайхан хүн байсан. /уйлав/
-Ээж тань өмнө нь АТГ-т шалгагдаж байгаа эсвэл ямар нэг дарамт шахалт байгаа талаар дурдаж байсан уу?
-Надад ээж огт тийм зүйл ярьж байгаагүй. Манай ээжийг хууль, шүүхийн хүрээнд мэдэхгүй хүн гэж байхгүй. Монгол Улсын шүүхийн системд 35 жил ажилласан. Манай ээж ямар хүн бэ гэдгийг хууль, шүүхийн байгууллагынхан бүгд мэднэ.
-Та хоёрдугаар сарын 21-ний өдөр ээжээс тань байцаалт авч, орой нь баривчилсан гэлээ. Ер нь юу болсон талаар ярьж болох уу?
-Дөрөв дэх өдөр буюу энэ сарын 21-ний орой манай нөхөр аавын гэр рүү явсан. Тэгээд очих замдаа аав руу ярихад “манайд АТГ-аас хүмүүс ирж, нэгжлэг хийж байна” гэж хэлсэн байгаа юм. Тэгээд би ээжийн утас руу байн байн залгасан ч мөн л утсаа аваагүй. 21:30 цагийн үед ээжийн ажлынх нь хүнтэй ярихад “Дарга хөдөө яваагүй, ажил дээрээ байна. Манай ажил дээр шалгалт ирээд бичиг баримт шалгаж байна” гэсэн. Үүний дараа 23:00 цаг өнгөрөөгөөд дахиад ээжийн ажлын хүнтэй ярихад “Даргыг аваад явсан. Утсыг нь хураагаад авсан” гэж хэлсэн.
Дараа нь 00 цаг өнгөрч байх үед ээж аав руу яриад “Дулаахан хувцас авчраарай. Цаашаа битгий хэлээрэй” гэсэн байсан. Эх хүн болохоор хүүхдүүдээ санаа зовчихно гээд тэгж хэлсэн байх. Тэгээд манай гэрийнхэн ээжийн дулаан хувцсыг аваад АТГ-т очсон ч уулзуулаагүй. Яагаад авч явснаа ар гэрийнхэнд нь огт хэлээгүй. Түүнээс хойш манай өмгөөлөгч АТГ-т очих бүрт байцаагч нь байхгүй, дандаа гадуур ажилтай гэдэг байсан. Цагдан хорих анги руу нь очсон ч уулзуулаагүй.
-Тэгэхээр бямба гариг буюу хоёрдугаар сарын 23-ны өдөр 48 цагийн хугацаа нь дуусах ёстой өдөр байсан юм байна. Яг хэдэн цагийн үед дуусах ёстой байсан юм бол?
-Энэ сарын 21-ны орой ээжийг авч явснаас хойш 23-ны өдөр хүртэл бид ээжтэйгээ уулзах хүсэлт тавьж байсан ч уулзуулаагүй. Өмгөөлөгчийн хүсэлтийг ч аваагүй. АТГ-аас бидэнд ямар нэг хариу өгөхгүй байсан учраас цагдан хорих анги руу нь тогтмол залгаж байсан. Шөнө 00:00 цагийн үед манай өмгөөлөгч цагдан хорих анги руу нь ярихад “манайд тэрнээс илүү том асуудал үүсчихээд байна” гэж хэлсэн байсан. Үүний дараа 04:00 цагийн үед манай дүүг цагдан хорих анги руу оруулаад манай ээжийг нас барсан болохыг дуулгасан. Манай нөхөр болон дүү нарт ээжийг минь харуулахгүй байсан.
Хяналтын камертай цагдан хорих ангид хүн нас барсан байхад гурван цагийн дараа цагдаагийн байгууллагад мэдэгдсэн нь ямар учиртай болохыг үнэхээр ойлгохгүй байгаа юм. Ээжийг минь цагдан хорих 48 цагийн хугацаа нь шөнийн 03 цагийн үед дууссан гэж тухайн цагдан хорих ангийн Тоо бүртгэл, мэдээллийн ажилтан хэлсэн. Ер нь бол ар гэрийнхэнд нь юу ч хэлээгүй. Манай гэр бүлийнхэн өөрсдөө хөөцөлдөж л мэдэж авсан. Тэгээд ч өөрийгөө 48 цагийн дараа суллагдана гэдгээ мэдэж байгаа хүн амиа егүүтгэх үү. Амиа егүүтгэсэн бол ар гэрийнхэнд нь хамгийн түрүүнд хэлэх ёстой биз дээ. Миний ээж амиа хорлох хүн биш. Асууж, тодруулна гэж авч яваад амь насыг авсанд үнэхээр гомдолтой байна. Энэ улсуудаас хариуцлага нэхнэ.
Бид үнэхээр итгэхгүй байна. /Уйлав/
-Талийгаач гурван гэрээслэл үлдээсэн гэсэн мэдээлэл гараад байгаа. Үнэхээр гэрээслэл үлдээсэн юм уу. Та бүгдэд гэрээслэл үлдээсэн тухай мэдэгдсэн үү?
-Мэдэхгүй.
-Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх зургаан шүүгчийн нэг нь талийгаачийн хүү гэх мэдээлэл тархаад байна. Энэ тал дээр та бодит тайлбар өгөхгүй юү?
-Сошиалаар зургаан шүүгч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж мэдээлж байна. Гэтэл шүүхийн байгууллагад ажилладаг хүмүүс бүгд орлогын эх үүсвэрээ АТГ-т мэдээлдэг. АТГ-аас манай нөхрийг нэг өдөр дуудаж, тайлбар авсан. Ер нь АТГ монголын ихэнх шүүгчээс тайлбар авсан.
-Өөр танд хэлэх зүйл байна уу?
-Миний ээж амиа хорлох хүн биш гэдгийг л хэлмээр байна. Ээж минь ийм зүйл хийх хүн биш гэдгийг бүгд мэднэ. Эрүүл саруул, зөв зүгээр ажлаа хийгээд явж байсан хүн хэзээ ч ийм зүйл хийхгүй. Энэ нийгэмд амьдрах баталгаа алга.
С.Энх-Үжин

Сэтгэгдэл (1)
M (64.119.20.202)
Хулгай хар мөртэй Гавяат цолыг нь авчаад гнмт хэргээр гараа угаах иймл юманд хүргэж бгаамдаа тавлаж бган биш.