“Майдар эко хот” төслийн үйл явцтай танилцав

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүднээс дагуул хотуудын асуудлыг шийдэх шаардлагатай. Энэ үүднээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт тэргүүтэй ажлын хэсгийн гишүүд Төв аймгийн Сэргэлэн суманд баригдаж буй “Их Майдар” төслийн үйл явцтай танилцав.

Өнгөрөгч оны наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаар Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт 12000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн юм.

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Зүрх уулын энгэрт баригдахаар төлөвлөгдөж буй “Майдар эко хот”-ыг 2012 онд шинэ хотын төв болохоор шийдвэрлэж, шавыг нь тавьсан. Монгол, Герман улсын инженерүүдийн хамтран хийсэн "Майдар хот" төсөл хэрэгжсэнээр анх удаа эко хот байгуулагдах юм.  

Богдхан уулын өвөрт байрлах “Их майдар” бурханы бэлгэдэлтэй “Майдар эко хот”-ыг дөрвөн үе шаттайгаар бүтээн байгуулахаар төлөвлөсөн байна. Эхний үе шатыг 2030 он гэхэд 100 мянган хүн амтай байхаар тооцсон талаараа төслийн удирдагч, Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх Л.Баяртуул ажлын хэсгийнхэнд танилцуулав.

Төслийн хүрээнд эхний ээлжинд 54м өндөр Их Майдар бурханы бодьсатва дүр, 108м өндөр Зарлиг увидсын суварга босгох аж.

Майдар бурхан нь Будда Шагжамүнигийн дараа замбуу тивд залран өөрийн сургаал номоо дэлгэрүүлэх сайн цагийн тав дахь бурхан юм. Майдар нэр нь Асрал хайрын бурхан, найз нөхөр, нэгдмэл ухаан гэсэн утгатай аж.

Бурхан багшийн Ирээдүй цагийн дүр болох Майдар бурханыг Өндөр гэгээн Занабазарын урласан тигээр бүтээж буйгаараа онцлог гэнэ. “Амилуулж” буй Майдар бурхан нь Нью-Йоркийн Эрх чөлөөний хөшөөнөөс ес, Цонжин болдогт орших Чингисийн хөшөөнөөс 14 метрээр өндөр. Энэ ондоо багтаан бурханы бүтээн байгуулалтыг хийж дуусгахаар төлөвлөжээ. Мөн Богд хан уулын өвөрт баригдах олон улсын нисэх онгоцны буудлыг нийслэл Улаанбаатартай холбох хурдны зам Майдар хотын урдуур өнгөрөхөөр төлөвлөгджээ. Тэрчлэн Монголын нутгаар дайран өнгөрдөг Орос-Хятадыг холбосон төмөр зам ч ирээдүйн хотоос холгүй байршилтай тул тус хоттой шууд холбосон төмөр замын өртөө барьж байгуулах өргөн боломжтой юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • доо (202.9.43.163)

    2019-02-27

    Ямар ч боломжгүй дэд бүтэцгүй газар хот байгуулах ч үлгэр шүү.Одоо та нар юу үзснээ олон түмэндээ тайлагнасан дээр биз. Жэнкогийн ярисан боловсруулсан юм бүтэж байсан түүх бхгүй .Бэлэн дагуул хот байж байхад дахин хот байгуулна гэж мөнгө үрж, идэж уух зам нээгээд хэрэггүй баймаар.Багануур, Багахангай, Налайх, Зуунмод гээд өчнөөн хот болгох боломжтой газар бна. Бүүр цаашилбал Баянчандмана, БАЯНЦОГТ. Батсүмбэр, Борнуур гээд хот байгуулах боломжтой газар зөндөөн байхад үргүй зардал гаргаж улс эх орноо хорлоод хэрэггүй ээ.

  • зочин (122.201.21.154)

    2019-02-27

    Үүний оронд хүүхдийн эмлэг баривал хэрэгтэй дээ